Он гарсаар ам.долларын ханш зогсолтгүй өссөөр гуравдугаар сарын сүүлээр 2050 төгрөг даваад байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр 1978.39 төгрөгтэй тэнцэж байсан юм. Харин өнөөдрийн байдлаар монголбанкнаас ам.долларын нэрлэсэн үнэ нь 2009.41-т хүрчээ. Арилжааны банкуудад 2004-2008 төгрөгөөр авч, 2014-2018 төгрөгөөр худалдаж байна.

Ийнхүү доллар суларч байсан ч эргэн өсөв. Эдийн засгийг эрчимжүүлж, алт олборлолтыг нэмэгдүүлэхээр алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, 9 хувийн хүүтэй зээлүүлэхээр Засгийн газар өнгөрсөн онд шийдвэрлэсэн. Гэхдээ одоог хүртэл алт олборлогчид хөнгөлөлттэй зээлээ арилжааны банкуудаас аваагүй л байгаа юм. Долларын өсөлтийг саармагжуулах дорвитой хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаатай холбон тайлбарлав. Нөгөөтэйгүүр манай улсын эдийн засаг тогтвортгүй, хямралтай байгаагийн улмаас гадаад валютаа даган өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж орхидог. Энэ жишгээ өнөөг хүртэл дагасаар л. Удахгүй махны үнэ хаданд гарвал гайхах хэрэггүй бололтой. Цалинг нэмэгдэхгүй байж идэх зүйлсийнх нь үнэ өсөхөөр хүмүүс килограммын худалдан авалтдаа шилждэг хэмээдэг. Энэ ч бичигдээгүй хууль шүү. НӨАТ хэсэг иргэдийг сөхрүүлсэн өдгөө үлдсэн хэсгийг нь доллар, махны өсөлт мөлхүүлэх нь үү дээ. Улсын төсөвт долларыг 2030 төгрөг байхаар тусгасан нь дэндүү өндөр босго болсон.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 11 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн дөрөвдүгээр долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 22 нэрийн барааны үнэ тогтвортой, гурван нэрийн барааны үнэ буурсан, долоон нэрийн барааны үнэ өсчээ. Үүнд : "Алтан Тариа" задгай гурил мөн савласан дээд гурил, Үхрийн мах, цул, Хонины мах, ястай Хонины мах, цул Үхрийн мах, ястай, Монгол Байцаа, Манжин үнэ нэмэгджээ.