Энэ жилийн УИХ-ын сонгууль болоход сар гаруй хугацаа үлдээд байна. Сонгуультай жил сонгуулийн хуулиа өөрчилж болдоггүй олон улсын жишгийг дагалгүй өөрсдийнхөөрөө зүтгэж өөрчилсөн.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын удирдлагад сургалт өгөх үеэрээ "Сонгуулийг зохион байгуулахдаа хуулиа дээдлэн, ил тод байдлыг хангаж, шударга ёсыг сахин ажиллаж, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг нь эдлүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй" хэмээсэн. Гэвч иргэдээ алагчилж сонгууль явуулах болжээ.

Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоотой байх тухай заалт, Улсын Их Хурлын 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар сонгохоор заасан заалт нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж үзэн, дээрх зүйл заалтуудыг өнгөрсөн сарын 22-ний өдөр хүчингүй болгосон юм.

Энэхүү цэцэийн шийдвэрийг УИХ хүлээн авч, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан гэдгийг та мэдэж буй биз ээ. Ингээд сонгуулиа жижиг 76 тойргоор явуулахаар болсон. Гэтэл ингэхдээ гадаадад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийнхээ сонгуульд оролцох эрхийг нь боомилж орхих нь тэр. Өмнөх сонгуулиудад гадаадад амьдарч буй иргэдийн саналыг авна гээд томоохон ажил болж, ихээхэн анхаардаг байсан бол өнөө жил үүнийгээ мартчихсан байна гэж баймааргүй юм. Магадгүй давчуу хугацаанд сонгуулийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан болохоор гадаадад суугаа иргэдийнхээ эрх ашгийг орхигдуулсан байж мэдэх. Гэхдээ энэ нь үндсэн хуулийн заалтыг зөрчнө гэдгийг СЕХ ухаараагүй гэж үү!!!

Ингээд иргэдийнхээ үндсэн хуулиар олгогдсон эрхийг уландаа гишгэлээ хэмээн СЕХ болон Гадаад хэргийн яаманд шаардлага хүргүүлжээ. Гэтэл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас нааш тэдгээр иргэд УИХ, Орон нутагт өөрсдийг нь төлөөлж суух хүнийг сонгох эрхгүй гэсэн хариултыг Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өгөв.

Түүний хэлж буйгаар сонгуулийн хуулиар бол иргэн бүр өөрийн биеэр ирж саналаа өгдөг. Харин ийм боломжгүй үед бид нар хайрцгаар очиж саналыг нь авдаг. Тэгэхээр хайрцаг аваад гадагшаа явна гэдэг хэцүү юм байна. Ийнхүү гадаадад амьдарч байгаа 150 мянган иргэд сонгуульд оролцож, саналаа өгөх эрэхгүй боллоо.