Өчигдөр урд хожид тохиогоогүй, хачин сонирхолтой өдөр болж өнгөрлөө. Учир юу гэвэл, зунжингаа зусаж, зугаалсан төрийн түшээд эл өдөр намрын ээлжит бус чуулганыг зарлаж, урд хожид байгаагүй сүр дуулиантайгаар буут жагсаалтай эхлүүлж, бас болоогүй энд тэндгүй нуусан гэх тэсрэх бөмбөгтэй эцэтлээ нуугдаж тоглосон, нярайлах шахсан эхийг тоолгүй орхидог түргэний машины түшээдэд үйлчлэх хурдыг шалгасан, шинэ гэрлэгдсийн түмэн цуваанд дарагдсан, бөмбөгөнд өртөхвий хэмээн халагласан хүн бүрийн айдсаар дүүрэн Монголын нэг өдөр өнгөрлөө.

Эл өдөр хууль сахиулах дээд байгууллага гэгддэг МХЕГ-т тэсрэх бөмбөгтэй агаар нэг үйл явдлаар дүүрэн өнгөрдөг шүү. Тодруулбал, Барилгын дулаалгын гол материал болсон хөөсөнцөр үйлдвэрлэдэг 16 үйлдвэрт МХЕГ-аас хяналт шалгалт хийжээ. Эдгээрийн 13 нь барилгын дулаан тусгаарлах хөөсөн полистрол үйлдвэрлэдэг бол гурав нь сэндвичэн хавтан үйлдвэрлэдэг ажээ. Хөөсөнцөр хавтан хөнгөн, нимгэн дулаалгын материал боловч галд өртөх аюултайн дээр барилгыг хөөсөнцрөөр дулаалах технологийг дагаж мөрдөхгүй байгаагаас нийтийг хамарсан орон сууцанд хөөсөнцөр хэрэглэх эсэх асуудал өдгөө нэн тэргүүнд тавигдах асуудал болсон. Энэ хүрээнд МХЕГ-аас явуулсан энэ удаагийн шалгалтыг зөвхөн хөөсөнцөр үйлдвэрлэгч үйлдвэрүүдэд төдийгүй баригдаж буй 21 барилгын дулаалгыг шалгахад хөөсөнцрийн доор дэвсгэр шавардлага хийдэггүй, гурван төрлийн хөөсөнцрөөс хамгийн хямд, хамгийн чанаргүйг нь сонгон ашигладаг зөрчлүүд нийтлэг ажиглагдсан гэв. Түүнчлэн шинээр зөвшөөрөл авсан 36 барилгын зураг төслийн ажлаас дүгнэхэд барилга байгууламжийн гадна ханын дулаалгад ямар шинж чанартай хөөсөн полистрол хэрэглэхийг тодорхой заадаггүй болох нь харагджээ. Хөөсөнцрийн үйлдвэрүүдийн хувьд технологийн заавар боловсруулж батлуулаагүй, батлуулсан ч мөрддөггүй, бүтээгдэхүүнээ тохирлын баталгаажилтад хамруулдаггүй зөрчил түгээмэл байгаагийн дээр тусгай зөвшөөрөл авалгүй үйлдвэрлэл эрхэлсэн тохиолдол ч гарчээ. Тусгай зөвшөөрөлгүйгээр хөөсөнцөр үйлдвэрлэгчдийн олонх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүд аж. Мөн хурлын үеэр МХЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн зүгээс Монгол Улсын хууль хяналтыг үл ойшоон зөвшөөрөлгүй ажиллаж буй үйлдвэрийг хаахад ч буруудахгүй гэсэн санал гаргаж байлаа. Шалгалтын явцад “Барилгын тухай хууль”-ийн 14 дүгээр зүйл, заалтыг ноцтой зөрчсөн “Нягт хөөс”, “Эм Жи Эл Би” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, “ВЦ”, “Огших ундрал”, “Шотой хайрхан”, “Инуд”, “Хөнгөн тавцан”, “Дулаан хөөс”, “Өд тэгш” зэрэг 10 гаруй аж ахуйн нэгжүүдийг зөрчлөө арилгах үүрэг даалгавар өгснөөр хурал өндөрлөсөн. Иргэдийн итгэж болох бүх л дүгнэлт, шийдвэрийг гаргадаг тус байгууллагын эл хурлыг ажиглаж суухад авууштай зүйл байсан ч алдаатай нь дэндүү олон санагдсан нь анхаарал татаад болдоггүй. Хууль сахиулах дээд байгууллага гэгддэг МХЕГ гэх их айлд иргэдийн эрүүл амьдрах эрх байдаг юм шиг. Учир нь эдгээр компаниудын дээр дурдсан зөрчлүүд нь эл байгууллагын үүрэгт ажлаа хэрхэн хийдгийг бэлхэн харуулж байна. Арга ч үгүй биз. Амдаж шалгах үүрэгтэй гэх Замын үүд дэх 60 гаруй сая төгрөгийн өртөгөөр боссон “шалгах лаборитор” нь ажиллахаа больчихсон нь арга сайтай барилгын дулаалга үйлдвэрлэгчдэд амттай өгөөш болчихож.

Тодруулбал, урд хөршөөс өргөн хэрэглээнийхээ 80 гаруй хувийг нийлүүлдэг манай улсын хувьд 60-70 хувь нь барилгын материал байдаг хэмээн албаныхан хэлдэг. Гэтэл өдгөө тус байгууллагын үзэглэсэн журмаас үүдэн манай улсад барилгын материалд тавих хяналт шалгалт байхгүйн улмаас дээрх зөрчлүүд төдийгүй чанаргүй барилга барих шалтгаан нөхцөл бүрдээд удаж буй. Учир нь эл журмаас болж өдгөө Замын үүдээр шалгаж оруулах ёстой 7000 гаруй бүтээгдэхүүн бүртгэлтэй байсныг тус журмаар 3000 гаруй болгож багасгасан нь өнөөгийн зах хязгааргүй хяналт шалгалтгүй, чанартай, чанаргүй нь үл мэдэгдэх барилгын материал орж ирэх гол шалтгаан болсон. Өнөөгийн компаниудын муу чанаргүй барилга барьж, ард иргэдийнхээ халааасыг хоослож буй нь мэргэжлийн хяналт гэх их айлын зөөлөн сэнтийд өгширтлөө заларсан эрхмүүдийн үүрэгт ажлаа хийж буйг харуулах шиг. Өдгөө Замын-Үүдээр орж ирж буй барилгын материалыг шалгах эрхгүйн улмаас таван кг цемент, гурван кг-ийн савлагаатай нийлүүлэгдэж буй эсэхийг мэргэжлийн хяналтынхан ч тэр, ер нь хэн ч мэдэхгүй. Энэ бүхнээс харахад мэргэжлийн хяналтынхнийг мэргэшүүлж сургахгүй бол болохгүйдэг. Хариуцсан ажлаа дорвитойхон хийж чадахгүй атлаа бусдын алдаа оноог шүүж суух нь зөв эсэх нь эргэлзээтэй.

Өчигдөр өдрийн хурлын үеэр улсын байцаагч гэх нөхдүүд хуулиа тэр бүр мэддэггүй, хэрэгжүүлэхээр ажилладаггүй, тэр ч бүү хэл дарга цэргээ ялгадаггүй эрээ цээргүй нь “зөрчилтэй компаниуд яагаад зөрчил гаргаж байх шиг байна гэх асуултад “хээв” нэг хуулиа ойлгодоггүй гэсэн, тэрнээс болсон” гэх нь бидний итгэж болох гэгддэг өнөөх улсын байцаагчдийн үнэн нүүрийг харуулав. Угтаа бол аливаа хууль журмыг дагаж мөрдүүлж, гүйцэтгүүлэх нь улсын байцаагч гэх улсаар овоглосон албан тушаалтнуудын тэргүүн ажил баймаар. Хянаж цагддаг байгууллага нь энэ мэтчилэн ажлаа хийж байхад эдгээр компаниуд аймшиггүйгээр ард иргэдээ хямд төсөр зүйлээр аргацаасан барилга байгууламж барьж, дээрэлхэх нь арга үгүй юм биш үү мэргэжлийн хяналтынхаан.

“NT” © Ж.ЭРДЭНЭЧИМЭГ