Сая хүүхдийн баярын үеэр Тэрэлж рүү явагсад буцаж ирэхдээ бөөн түгжрэлд ороод, 4-5 цаг болж байж, зарим нь өглөө үүрээр л нэг юм гэрийн бараа харцгаажээ. Бүүр хошин хэлц хүртэл гараад амжсан байх жишээтэй.

“Хөвсгөлөөс ирэгсэд-2 буюу Тэрэлжээс буцагсад” гээд зурагт хуудас хүртэл хийчихсэн байгаа юм. Тэрэлжээс ирэгсдийн замын түгжээнд орсон гол шалтгаан нь ердөө л урсгал сөрж давхисан амиа бодсон жолооч нараас болсон. Нэг их айхтар авхаалж самбаатай, хурдан түргэн явдаг хүмүүс болох гэж оролдогсдын балаг. Урсгал сөрөгсөд эсрэг урсгалын тээврийн хэрэгслүүдийн өөдөөс давхиж очсоноос болоод тухайн замыг наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болгочихсон. Уг нь хэсэгхээн хугацаанд хүлээцтэйхэн хандсан бол хэзээ ч тэгж олон цагаар түгжрэлд нам зогсохгүй, бага хурдаар явсаар байгаад асуудал шийдэгдэх байсан. Яахав, ойрын ирээдүйд хотоос орж гарах гарцуудын тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй гэдэг нь эндээс харагдаж байгаа юм. Санаагаар болдог бол Богд уулыг нүхлээд Төв аймгийн Зуунмод сумтай холбочихмоор. Бас нэг гарц нэмэгдэнэ. Дагаад хэт төвлөрөл ч саарна. Хараад байхад хотын замын түгжрэл гацааны бараг тал хувь нь жолоочийн өөдгүй байдлаас болж байгаа. Хэдхээн хором хүлээгээд л болох байсан зам дээр заавал урсгал сөрж очоод таг болгочихдог. Тэгэхээр жолооч нарын ухамсарт л жаахан юм хийх хэрэгтэй байна л даа. Жолооны курст бүүр эхнээс нь энэ талаар тусгай багш нараар хичээл заалгадаг баймаар санагддаг. Арван жил, их дээд сургуулиудад ч гэсэн замын хөдөлгөөний соёлын талаар тусгай хөтөлбөр бий болгох шаардлага гарч байх шиг. Жолоо барих нь хүн бүрийн л эзэмшсэн байх зүйлийн нэг тул жолоо барих эрх авагсдын ухамсарт л шинэчлэл хийх хэрэгтэй байна даа.