Улс төрд өнгөрч буй долоо хоногт олон үйл явдал боллоо. Сонгууль болж АН ялагдаж их цочиролд орох нь тэр. МАН-ыг үнэмлэхүй ялалт байгуулна гэж төсөөлөөгүй явсан олон хүмүүс шоконд орж мэдэгдэл хийсэн ч тусыг эс олов.

Шинэ гишүүдийн анхдугаар чуулган болно

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн эцсийн байдлаар гарсан. Тиймээс олонийн санал авсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүн түр үнэмлэхийг өчигдөр олгосон юм. Ингэснээр З.Энхболдын "анги" албан ёсоор тарж байгаа. Харин сонгуулийн эцсийн дүнг Монгол улсын Ерөнхийлөгчид Сонгуулийн Ерөнхий хорооноос Ерөнхийлөгчид танилцуулсан. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 85 дугаар зарлиг гаргаж, Монгол Улсын Их Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганыг товлон зарлалаа.

Анхдугаар чуулганыг хамгийн ахмад УИХ-ын гишүүн даргалдаг. Энэ удаагийн парламентийг УИХ-ын гишүүн Ч.Улаан даргалах юм.

МАН-ынхан энэ удаа ард түмний итгэлийг алдвал, улстөрөөс арчигдах аюултай шүү


 

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд МАН ялалт байгуулчхаад байгаа билээ. Харин АН-ынхан ялагдах тухай бодоо ч үгүй байсан гэдэг. Ямартай ч ард түмэн тэднээс залхсан гэдгийг батлах мэт үнэмлэхүй ялагдав. Тэгэхээр одоо тэд өөр, өөрсдийн алдаандаа дүгнэлт хийх хэрэгтэй байх. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэж үг бий. АН-ынхан эв найрамдалгүй байж, байгаад хүчгүй болж, ялагдсан гэж хэлэхэд болохоор байна. Тиймээс тэд нэн түрүүнд дотоод зөрчлөөсөө салах хэрэгтэй. Ард түмний аманд бэлэн мөнгө хийж, эс бөгөөс дуулиан тарьсан ганц нэг хөтөлбөр танилцуулж санал авч болдоггүй гэдгийг иргэд тэдэнд ойлгуулчихлаа.

Гэхдээ ард түмэн АН-ыг бүр мөсөн сонгочихсон хэрэг биш. Тэднийг ирэх дөрвөн жилд юу хийхийг нь харахаар ганц том боломж олгож байгаа л хэрэг. Ард түмэн тэднийг төрөө тогтвортой удирдаж, АН-ын хийж эхлүүлсэн ажлыг дотооддоо зодолдоод байхгүй хийж чадна, өмнөх алдаанаасаа ухаарсан гэж үзсэн учраас л сонгосон гэдгийг мартахгүй хичээж ажиллах ёстой байна.

МАН аль болох АН-ын алдааг давтахгүй, хөнгөн хуймгай зүйлээр Өөрөөр хэлбэл ирэх дөрвөн жилд илүү ихээр зүтгэж, халамжлах бодлогыг биш бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлийг тууштай хийхийг монголын ард түмэн шаардаж байна. Одоогийн байдлаар бол МАН-ын мөрийн хөтөлбөр ихэвчлэн мөнгө амласан, өгөх гэсэн хялбар амьдрал гэмээр хөтөлбөр байна лээ. Хамгийн гол нь манай улсад хариуцлагатай, чанартай бүтээн байгуулалт, ажлын байрны хэрэгцээ шаардлагатай байгаа шүү дээ.

Дөрвөн жилийн мөчлөгтэй сонгуульд иргэдэд бэлэн мөнгө тараах биш нийслэлийг, улсыг нүдэн дээр цэцэглэн хөгжүүлээсэй гэж ард түмэн хүсч байна. Ард түмэн та бүхэнд итгэл хүлээлгэж, зөвхөн боломж олгосон, энэ боломжийг ашиглаад итгэлийг нь олж авах хугацаа дөрөвхөн жил байгаа шүү гэдгийг дахин дахин сануулья. Хэрэв итгэлийг нь алдах аваас дахиж ялалт байгуулах тухай бодоод ч хэрэггүй байх. Хатуухан хэлэхэд ирэх дөрвөн жилд олигтойхон ажиллаж чадахгүй бол улстөрөөс арчигдах магадлалтай шүү.

 

Нийгэм: Сумынхаа иргэдийг тоодоггүй хэрнээ бөхөд байдгаа барьдаг засаг ноёдын хөөргөн монгол зан


 

Монголын ард түмэн эрт дээр үеэс төрт ёсны их баяр монгол наадмаа хүндэтгэн дээдэлж ирсэн. Түүний нэгэн илэрхийлэл нь үндэсний их баяр наадамд түрүү үзүүр булаасан, шинээр цол хүртсэн бөхчүүдээ алдаршуулах, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх явдал юм.

Гуравхан мянган хүн амтай алслагдсан аймгийн захын нэг сумыг Монгол Улсад цуурайтуулж, зурагт радио хэвлэл мэдээллээр зарлуулах тохиолдол ганцхан үндэсний бөхөд байдаг гэхэд хэтийдсэн болохгүй байх. Улсын наадамд шөвгөрч начин, заан цол авч буй нөхөр тэр аймгийн, тэр сумынх гэж дуудуулна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт хүртэл нутаг орноо цоллуулж даян дэлхийгээр мандуулна. Төрийнхөө наадамд түрүүлж үзүүрлэсэн бөх бол бүр чиг бахтай. Үүнийх нь хариу болгож, бүр тодруулбал сум орныхоо нэрийг улсдаа мандууллаа хэмээн сумдын засаг ноёд хамаг байдгаа тавьж туудаг. Наадмын дараагаас намрын сүүлч сарыг дуустал дахиад найр наадам үргэлжилж, цол хүртсэн хийгээд өндөр амжилт үзүүлсэн хүчит бөхчүүддээ бандгар бандгар жийпийг ээлж дараалан өгч баярхацгаах нь энүүхэнд. Гэхдээ сумынхаа конторт дуудаад даруухан өгчинө гэж ёстой гонж доо.

Заавал ч үгүй наадам хийж бөх барилдуулж, зургаан насны морь уралдуулах нь жам. Элдэв дээдийн ихэрхэл ноёрхол, хийрхэлтэйгээ байж гэмээнэ сая нэг засаг дарга нарын санаа нь амарч, сумынхаа нэрийг гаргасан залууд олны өмнө шагшаан шуугиан болгон бэлэг сэлтээ гардуулна. Төрт ёсныхоо наадамд амжилт гаргасан нэгэнд нутаг ус, ард түмэн нь хүндэтгэл үзүүлэлгүй л яахав. Гэхдээ аливаа юманд хэмжээ хязгаар гэж байна аа. “Хүний энэ хорвоод ууж идэх, уйлж дуулах, гомдож баярлах чинь өөрийн гэсэн хэмжээ хязгаартай юм шүү” гэж хал үзэж, халуун чулуу долоосон хүмүүс хэлдэг. Түүн лүгээ адил хөөрч дэврэх, онгирч омойтоход хүртэл хэмжээ хязгаар байх нь гарцаагүй.

Нэг муу “усан” начин төрөхөд хөл алдаж сүйд болж байгаа дарга нарыг харахаас өрөвдмөөр. Хэн нэгэн “Арга ч үгүй биз дээ, монгол төрийн наадмаа цаашлаад үндэсний өв соёл, ёс уламжлалаа хүндэтгэн дээдэлж байна. Түүнээс байдаг л нэг цолтонд барьц алдаад байгаа зүйл биш болов уу” гэж боддог байх. Гэвч үнэндээ тийм биш байдаг нь хачирхалтай. “Намайг Засаг даргын алба хашиж байхад тэр нөхөр манай нутгаас улсын цолонд хүрч байлаа. Ёстой л миний өнгөн дээр улсад гайхуулж, сумынхаа нэрийг гаргасан” хэмээн бусдад хөөрөлхөхийн тулд, манай дарга ч мөн хоншоортой шүү гэж хэлүүлэхийн тулд найр наадам хийж хөл алддаг юм. Бид мэднэ дээ, бөхчүүдийнхээ алдар цолыг сум аймгийнхан нь яаж тэмдэглэдэг билээ. Дээр өгүүлсэнчлэн заавал ч үгүй бөх барилдуулж, зургаан насны морь уралдуулна. Тухайн бэсрэг наадмын нээлт гэж жигтэйхэн юм болно. Бөх, морь гэхээр л хөөрч дэвэрсэн хөдөө гадааныхан битүү цуглана.

Гайгүй өндөр бай мөрийний сураг дуулдсан учир зэргэлдээ сумдын уяачид морьдоо хөтлөөд ирчихсэн, барилдаж ноцолдохын донтой хэсэг бүлгээрээ наадам хамж явдаг залуус зодог шуудгаа бүслээд зогсчихсон, ээ мөн сүр бараатай юм болно. За тэгээд л сумын засаг, хошуу ноён шиг залаа жинс намируулах нь холгүй өнөө алдрыг нь тэмдэглэж буй бөхтэйгөө хамт наадмын дэвжээнд уухайн түрлэгтэй орж ирнэ шүү дээ, базарваань. Эл бүхний ард бөхөөр дамжуулан өөрийгөө шагшин магтуулах, нутаг хошуугаар яриулах, чи мөн том байна аа гэж дал мөрөө бахтайхан алгадуулах гэсэн мөчидхөн бодолтой, хөөргөн сэтгэлтэй нөхдийн хөөрхийлөлтэй дүр зураг харагдаад байдаг юм.

Ёстой л нөгөө “Сумандаа түргэний тэрэггүй байж наадмын бөхдөө жийп бэлэглэх юм” гэх сошиал ертөнцийн инээдэм шуугиан, харуусал чинь тэр мөн шүү дээ. Энэ бол монголчуудын нэр төрийн төлөөх өвчин хэрхэн сэдэрч, хэрээс хэтэрснийг харуулж буй жишээ. Цахим ертөнцөөр шуугиад, хэн бүхний харуусан эмгэнээд байгаа зүйл туйлын үнэн л дээ. Яг өнөөдөр бодит амьдрал дээр сумын эмнэлгийн түргэний тэрэг гэж үеэ өнгөрүүлсэн ямбий фургон, “жаран ес” байдаг. Сумын дарга өөрөө байтугай хөдөөгийн малчид ч тоож унахгүй, нар сар гэрэлтсэн навсгар машиныг хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсооно. Тийм хэрнээ хаа хамаагүй нэг бөхөд хамаг байдгаа өргөж, хамгийн сүүлийн үеийн ганган жийпээр мялааж баярхацгааж буй ийм л амьдралгүй, хөрс суурьгүй, толгой нь уруугаа харсан байдал Монголын хөдөөд байна.

Үргэлжлэлийг эндээс

Эдийн засаг: Наадмын хонь 60-180 мянган төгрөгийн үнэтэй байна

 

Нийслэлд наадмын уур амьсгал орж эхэллээ. Үндэсний их баяр наадмаараа нийслэлчүүд шинэ хонины шөл уудаг. Хөдөөнийхний хувьд хоттой хониноосоо шилж, сонгодог бол нийслэлчүүд хотын зах руу хонины эрэлд гардаг. Тиймд зургаадугаар сарын эхээр хөдөө орон нутгаас нийслэлийг зорих мал ачсан автомашины цуваа наадам хүртэл тасардаггүй. Улаанбаатарт малыг хөлөөр нь зарах зөвшөөрөлтэй хоёр цэг байдаг. Үүний нэг нь хотын баруун захад байрлах “Эмээлт” зах юм.

Харин нөгөө нь Баянзүрхийн товчооны цаахна байрладаг. Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед хонь, ямааны мах ямар үнэ ханштай байгааг сонирхохоор “Ургах наран” хорооллын замын урд байрлах малын худалдааг зорив. Тэнд хэсэг газарт модон хашаа хатгаж, хонь, ямаагаа хашсан байх бөгөөд хажууханд нь нэлээд хэдийг портерийн тэвшин дээр ачсан байлаа. Энэ хэсэгт ихэвчлэн зүүн аймгийн малчид ирж малаа борлуулдаг байна. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар, Багануур, Төв аймгийн зарим сумын малчин малаа ачиж иржээ. Малын худалдаачид тэнд ирсэн хүмүүсийг “Ямар мал хайж байгаа юм. Хэдэн төгрөгт багтааж, ямар мал авмаар байна. Ярьж тохироод ав” хэмээн өөр өөрсдийн малыг бусдаас өрсөж худалдаалахаар хичээцгээж байв. Эндээс хонь, ямаа худалдан авсан хүн малаа төхөөрүүлж, гэдсийг нь цэвэрлүүлж чанахад бэлэн болгоод авах боломжтой гэнэ.

Гэхдээ энэ ажлыг ихэвчлэн хувь хүмүүс гэртээ хийдэг бөгөөд хөлсөнд нь 10 мянган төгрөг авдаг байна. Тэд “Наадам дөхөх тусам шөлний хонь асууж, сураглах хүмүүс нэмэгддэг. Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр борлуулалт сайн байдаг. Ялангуяа наадмын дараа амралт, зугаалгаар явж байгаа хүмүүс хорхогны хонио эндээс авдаг” гэв. Харин энэ үед малчид малаа олноор оруулж ирдэг учраас малын ханш одоогийнхоос буурах магадлалтай аж. Энд төлөг 60-80 мянга, нас гүйцсэн хонь жингээсээ хамаарч 150-180 мянган төгрөгийн ханштай байна. Харин ямаа 60-80 мянган төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн жилийнхийг бодвол малын үнэ унасан учир ийм ханштай байгааг тэд онцлов. Тухайлбал, өнгөрсөн жил төлөг 80-100 мянган төгрөгийн үнэтэй байсан бол энэ жил 20 мянгаар хямдарчээ. Үүнийг малчид иргэдийн худалдан авалт буурсантай холбон тайлбарлаж байсан юм. Ингээд малчидтай уулзаж малын үнэ ханш болон борлуулалтын талаар мэдээлэл авлаа.

Иргэдийн худалдан авах чадвар муу байна

Б.Балжинням: /Төв аймгийн Баянцагаан сумын малчин/

-Өнгөрсөн жилийг бодвол малын үнэ их унасан. Дор хаяж 20- 50 мянган төгрөгөөр унаад байна. Өнгөрсөн жил жингээсээ хамаарч төлөг 80-100 мянга байсан бол энэ жил 60-80 мянган төгрөгийн үнэтэй болсон. Нас гүйцсэн хонь 150-180 мянган төгрөгийн үнэтэй. Ямааны хувьд мөн адил хямдарч 60-80 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингэж хямдарсан байхад иргэдийн худалдан авалт муу байна. Уг нь одоо үнийн хөөрөгдөл байхгүй болсон. Харин ч махны үнэ буурч байна. Үнэхээр сүүлийн хоёр жил хотынхонд махыг бололцооны үнээр худалдаж байна. Би Төв аймгаас өчигдөр орой 45 хоньтой ирсэн. Одоо 12.00 цаг болж байхад ганцхан хонь зарлаа. Наадмаар хүн бүр шинэ шөл уухыг боддог. Тиймээс энэ үеэр худалдаа нэмэгдэж, үнэ ханш улам буурна. Учир нь, худалдаалж буй хонины тоо олон болохоор үнээ бууруулахад хүрдэг.

М.Мөнхжаргал: /Сүхбаатар аймгийн малчин/

-Би Сүхбаатар аймгаас долоо хоногийн өмнө 100 гаруй тоо толгой малтай ирсэн. Одоо 60 гаруй мал үлдсэн байна. Ер нь иргэдийн худалдан авалт муу байна. Гэхдээ наадмын өдрүүдэд борлуулалт нэмэгддэг. Сүхбаатарын хонь илүү нугаламтай, мах нь амттай байдаг болохоор борлуулалт сайн. Хонь, ямааны үнэ ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад бага зэрэг буурсан. Миний хувьд төлөг 80, хонь 110-120, ямааг 60-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Харин нас гүйцсэн хонь 160 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хамгийн бага жинтэй нь 16 орчим кг байна.

Үргэлжлэлийг эндээс

 

Спорт: М.Анхцэцэг залуучуудын дэлхийн аваргаас алт, хошой мөнгө авлаа

Гүржийн Тбилис хотноо хүндийн өргөлтийн залуучуудын ДАШТ өчигдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд оролцсон Монгол Улсын залуучуудын шигшээ багаас эмэгтэй 75 кг-ын жинд өрсөлдсөн Азийн аварга М.Анхцэцэг алт, хошой мөнгөн медаль хүртлээ. Түүний жинд нийт 14 тамирчин өрсөлдсөнөөс тэрбээр огцомоор 115 кг-ыг өргөж мөнгө, түлхэлтээр 138 кг-аар алт, нийлбэрээр 253 кг-аар мөнгөн медалийн эзэн болсон юм. Энэ жинд ОУХМ Д.Энхтамир өрсөлдсөн бөгөөд 210 кг \96+114\-аар VII байр эзлэв.

М.Анхцэцэгийн хувьд нийлбэрээр түрүүлсэн Украины Д.Ирянаагаас нэг кг дутуу өргөсөн юм. Энэ жингийн нийлбэрийн хүрэл медалийг БНХАУ-ын Чаймэй 245 кг-аар хүртлээ. Азийн аварга, залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгөн медалийг эх орондоо анхлан авчраад байгаа М.Анхцэцэг энэ жил 18 настай. Түүний хувьд "Рио-2016" олимпийн наадамд өрсөлдөх эрхээ аваад байна.