Баяр наадмын өдрүүд дөхөж гудамж талбайд төрийн далбаа, туг, дарцагны худалдаа аль хэдийнэ эхэлжээ. Иргэд, аж ахуй нэгжүүд төрийн далбааны стандартыг мэддэггүйгээс шаардлага хангаагүй туг далбаа үйлдвэрлэн худалдах тохиолдол их байдаг.Төрийн далбааны стандартын талаар Стандартчилал хэмжилзүйн газрын Стандартчилал, техникийн зохицуулалтын албаны дарга З.Отгонбаяраас тодрууллаа.

 

-2011 онд батлагдсан Төрийн далбааны стандарт одоо хэрхэн мөрдөгдөж байгаа вэ?

 

-Баяр наадмын үеэр болон бусад төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үед төрийн далбааг дээдлэн хэрэглэх, мандуулах зэрэгт энэхүү стандартыг мөрдөж байна. Мөн энгэрийн болон дурсгалын тэмдэг,зурагт хуудас, шошго бусад зүйл дээр ч энэхүү стандартаар Төрийн далбааг хэрэглэж байгаа.

 

-Төрийн далбааны соёмбо тэмдэг дээрх хоёр загас нь нар буруу, зөв эргэсэн байх талаар маргаан их гардаг. Арга билгийг Төрийн далбаа дээр хэрхэн тусгах ёстой вэ?

 

-Нар зөв эргэх нь нарны аймгийн хөдөлгөөн, галактикийн мөн чанарыг илтгэнэ . Арга билэг тэмдэг бол мөнхийн хөдөлгөөний бэлгэдэл юм. Аливаа зүйл хоёр талтай байдаг гэдгийг илтгэх ба арга билгийн утга нь өдөр шөнө, эр эм, халуун хүйтэн, нар сар, жаргал зовлон, хайр харуусал, дайн ба энх гэх мэт энэ дэлхий дээрх түгээмэл нэг ухагдахууны хосломол шинж чанарыг багтаасан гэж үздэг.

 

-Шаардлага хангаагүй туг далбааг үйлдвэрлэсэн иргэн болон аж, ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулдаг вэ?

 

-Хуульд зааснаар төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнийг 10-25 мянга, аж ахуйн нэгж, байгууллагыг 50-100 мянган төгрөгөөр торгох, эсвэл 14-30 хоногийн хугацаагаар ба­ривч­лах шийтгэл ногдуулна.

 

-Иргэд төрийн далбааг худалдан авахдаа юуг анхаарах вэ?

 

-Төрийн далбааны стандартын талаарх иргэдийн мэдээлэл муу байна. Тиймээс стандартын шаардлага хангасан соёмбо тэмдэг дөл нь зөв байгаа эсэхийг мэддэг байх хэрэгтэй.

 

Б.МӨНХЖАРГАЛ