Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Ц.Гарамжав гишүүнийг томилох асуудал өнөөдөр чуулганаар хэлэлцэгдэх аж. Өчигдөр тус байнгын хороогоор уг асуудал хэлэлцэгдэх үед Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, А.Сүхбат нар уул уурхайн бизнес эрхэлдэг хүнийг нэр дэвшүүлэхээс илүүтэй хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар мэргэшсэн хүн сонгох нь илүү зохистой гэдгийг хэлж нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан ч, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн байгаа юм.

Нэгэнтээ тэгээд байнгын хороодын бусад гишүүд нь дэмжсэн тул үүн дээр юу ярих вэ. Гэхдээ Ц.Гарамжав хатагтайг энэ том чухал салбар хариуцсан Байнгын хороог удирдахаас өмнө асуух зүйл байна. Түүнээс хариулт нэхсэн нэг асуулт байна. Тэр нь юу гэхээр “Монполимет” компанийн “Тосон”-гийн үйлдвэр Туул голд алтаа угаадаг уу? гэсэн асуулт юм.

Youtube сайтад “Монполимет” компанийн “Тосон”-гийн үйлдвэр Туул голд алтаа угаадаг уу? гэсэн асуултыг тавьсан видео бичлэг тавигдаад нэлээд хэд хоносон байна. Энд тодотгоход,аль нэг бизнесийн байгууллагын болоод хэн нэг хүний нэр хүндэд халдах гэсэндээ энэхүү мэдээллийг хүргээгүй гэдгээ юуны өмнө хэлэх нь зөв байх. Гол нь уул уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин, гол нуур бохирдох нь хүлээн зөвшөөрөх ёстой энгийн нэгэн асуудал биш учраас дараах бичлэг болоод зургууд дээр үндэслэн хэдэн үгс хэлж байгаа юм. Уг нь бол “Монполимет” группийн “Тосон” үйлдвэр нь нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг тун сайн хийж ирсэн гэх мэдээллээр бидэнд танигдсан. Тэгвэл энэхүү бичлэг дээр гарч байгаа зураглал нь Төв аймгийн Заамар суман дахь “Тосон” үйлдвэр гэнэ. Та дараах линк дээр дарж бичлэгийг үзнэ үү.

Тус уурхайн техник хэрэгслүүд яг л гол усны дэргэд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг болох нь эндээс харагдаж байгаа юм. Тэгэхээр нөхөн сэргээлтэд баахан мөнгө хөрөнгө зарцуулсан талаараа хэлж ярьдаг “Монполимет” группийн зүгээс болоод Ц.Гарамжавын зүгээс энэхүү үйл ажиллагааныхаа талаар тодорхой тайлбарыг өгөх хэрэгтэй болов уу. Алтны олборлолт хийхдээ уурхайн техник хэрэгслийг ингэж гол усны яг хажуу дэргэд байршуулах нь хэр зохистой байдаг вэ? Энэ нь зөвшөөрөгдсөн байдаг эсэх талаар, за мөн ийм байдалтай үйл ажиллагаа явуулах нь байгаль экологид ямар нөлөөллийг үзүүлдэг талаар албан ёсны тайлбарыг хийх нь зохистой болов уу. Энгийн бидний нүдээр харахад бол гол усыг бохирдуулахгүй байх боломжгүй л харагдаж байна. Гэвч олборлолт явуулдаг компанийн зүгээс бас нэгийг хэлэх болов уу.

Дашрамд өгүүлэхэд, Монголын гол мөрөн хамгаалах хөдөлгөөний тэргүүнүүд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэр байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нэрийг зарлахад “Монполимет” ХХК-ийн тухай мэдээлэл бас байсан юм. Харин энэхүү бичлэг зураг дээр харагдаж байгаа Тосонгийн уурхайн үйл ажиллагаа нь байгаль орчинд үнэхээр хал балгүй юу гэдэг дээр “Монполимет” компани болоод Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга болох гэж буй Ц.Гарамжав та албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу?

Эх сурвалж: Шуурхай.мн