УИХ-ын гишүүн С.Ганбаатартай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний сэдвээр ярилцлаа.

 

-Оюутолгойн асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Нөгөө талаар олон байр суурь хүмүүст төдийлэн цэгцтэй ойлголт өгөхгүй байна. Тухайлбал, Та Оюутолгойн гэрээний ямар заалт Монголын талд алдагдалтай гзж үзэж байна вэ?

-Оюутолгойн талаархи мэдээллүүдийг олж харахдаа Монголын ард түмэн ялангуяа, залуус битгий залхуураач гэж юуны өмнө хэлмээр байна. Та бүхэн миний веб сайт www.ganbaatar.mn уруу ороод бүх гэрээг үз. Гэрээнд байгаа бүх анализыг үз. Ямар ямар заалтыг нохойн замаар оруулчихаад байгаа юм гэдгийг бүгдийг нь заачихсан байгаа.

 

Сэтгүүл зүйн салбарынхныг гурван удаа урьж нээлттэй яриа хийсэн. Та нар асуух зүйл байвал юу ч хамаагүй асуу гэсэн. Ийм л байна. Би гуравдугаар сард тойрогтоо ажиллана. Дөрөвдүгээр сараас эхлэн энэ зунжингаа бүх аймаг, томоохон албан байгууллагаар явж Оюутолгойн гэрээний талаар ард иргэдэд нээлттэй мэдээлэл хийнэ.

 

Иргэд уншихгүй бол очиж, ярьж хөөрөх нь миний үүрэг. Би иргэдийнхээ төлөө явна. Энэ бол Монголын ард түмний эрх ашиг. Тиймээс би ярья. Оюутолгойн гэрээний эхэнд талуудыг дурдахдаа "Айвэнхоу Майнз Монголиа Инк" ХХК-ийг цаашид "хөрөнгө оруулагч" гэнэ гэж байгаа юм. Тэгээд Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон.

 

Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд, ЭБЭХ-ний сайд, БОАЖ-ын сайд гэчихээд ард нь "хөрөнгө оруулагч", "хамтран зүтгэгч", "туслан гүйцэтгэгч" гэж бичээгүй. Ядахдаа Монголын тал ч гэж бичсэнгүй. Гэрээ байгуулахын тулд талууд тодорхой байх ёстой. Жишээ нь, хоёулаа гэрээ байгуулъя гэхэд би хөрөнгө оруулагч, чи хөрөнгө авагч тал байж болно.

 

Би үүнийг их олон ярьж байна. Чухам яаж хэлэх ёстой юм бүү мэд. Монголын тал хэн юм гэдэг нь байхгүй байна. Бид хэн юм. Хөрөнгө оруулагч юм уу, хөрөнгө авагч юм уу, зээл авагч юм уу, туслан гүйцэтгэгч юм уу гэдэг тодорхой байх ёстой. Дараа нь "Айвенхоу Майнз Лимитэд" компанийг цаашид "Айванхоу Майнз Лимитэд" гэнэ гэж байгаа юм.

 

Энэ компани нь өөрөө хөрөнгө оруулагч юм уу. Ямар хариуцлага хүлээх юм гэдэг нь байхгүй. "Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитэд" компани цаашид "Рио Тинто" гэнэ гэж байгаа. Энэ компани хөрөнгө оруулагч биш. Хөрөнгө оруулагч бол "Айвенхоу Майнз Монголиа Инк" ХХК. Энэ нь хэн гээч вэ. Аниа гуайн хүү Мөнхбат гэдэг хүн бий. Тэгэхээр ер нь бид монгол хүнтэйгээ гэрээ байгуулах тухай ярьсан юм биш үү.



-Монголын талд эрсдэлтэй нь яг ямар заалт вэ?

-Энд нэг сонин юм бий. Хамгийн аюултай нь гэрээний 1.6 дахь заалт. Үүнд хариуцлагыг Монголын төр үүрэхээр заасан. Төр гэдэг нь Монгол Улсыг хэлнэ гэсэн байгаа. Энэ гэрээн дээр ямар нэгэн буруу зүйл болоод сүйд боллоо гэхэд Монголын төр хариуцлага үүрнэ. Монголын төр хариуцлага хүлээнэ гэдэг газар нутаг, түүн дээр амьдарч буй ард иргэд, гадаа гүйж яваа нохой хүртэл хариуцлага хүлээнэ гэсэн үг.

 

Би хэрэв худал хэлж байгаа бол намайг няцаагаад өгөөч. Монголын төр гэдэг үгийг яагаад оруулсан юм. Энэ маш ноцтой асуудал. Оюутолгойн газрын баялгийг ашиглахын тулд "Рио Тинто" компани өөрийнхөө боолын боол, босгоны шороо нэг хүнийг "Айвенхоу Майнз Монголиа Инк" гээд, тэр нь монгол хүн байгаад түүнийг гэрээ хий гэж байна шүү дээ.

 

Харин Монголын тал бол УИХ, Засгийн газар бус төр байна. Зүй нь бол Төрийн өмчийн хороо, түүний дэргэдэх төрийн өмчит компани гэрээ хийх хэрэгтэй. Гэтэл төрийн өмчит компани гэрээ хийгээгүй.


Хоёрдугаарт,    Оюутолгойн гэрээнд бид монгол хүн ажилтай, орлоготой болно гэж гарын үсэг зурсан. Гэрээний 8.4, 8.5 дугаар заалтыг хараарай. "Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүсийн 90 хувь нь монгол хүн байна" гэж 8.4 дэх заалтад заасан. Барилга барих ажилд хурдтай, мэргэшсэн хүн хэрэгтэй учраас 60 хувь нь монгол хүн байна гэсэн.

 

Эдгээр заалтыг зөрчлөө гэж үзье. Гэтэл 8.9 дэх заалтад болохоор гэрээ зөрчсөн гэж үзэхгүйгээр заасан. Ийм том доромжлол байж болдог юм уу. Би "Оюутолгой"-н санхүүгийн мэдээллийг хангалттай өгсөн учраас олон зүйл яриад яахав. Энэ гэрээнд ёстой супер, супер зүйл их байна аа.

 

Засгийн газрын холбогдох бусад байгууллагатай "Оюутолгой" төслийн үйл ажиллагаатай холбогдуулан бусад гэрээ байгуулах хөрөнгө оруулагчийн эрхийг энэхүү гэрээ хязгаарлахгүй гэж байгаа юм. Үүний цаана юу гэж байна вэ гэхээр "Монголын Засгийн газар зөвшөөрөхгүй маяглаад байвал бид Өмнөговийн Засаг даргатай гэрээ хийнэ.

 

Тухайн гэрээ хүчин төгөлдөр. Оюутолгойн гэрээнд хамаарахгүй" гэсэн үг. Бид нэг улс. Энэ улсыг хоёр, тав, арав хуваах, задлах бодлого барьж байна. Усны газрын лиценз өгдөг нэг нөхөртэй гэрээ хийчихээд "Засгийн газартай хийсэн Оюутолгойн гэрээ надад хамаагүй" гэх нь л дээ. Тэд байгуулсан гэрээний дагуу зөвхөн Монгол Улсын Засгийн газартай л ярих ёстой.

 

Үүнийг яагаад зөвшөөрснийг би ойлгохгүй байна. Мөн гэрээний 14.1 -т зааснаар "Талууд энэхүү гэрээний зүйлийн талаар маргаантай бол энэхүү гэрээний 17-д заасны дагуу мэдэгдэл гаргахгүй" гэж байгаа юм. Энэ заалтын дагуу бол Монголын тал мэдэгдэл гаргах эрхгүй. Амаа таглуулчихсан. Чимээгүй тэдний арын өрөөнд ороод гуйна гэсэн үг.

 

Түүнчлэн усныхаа бүх эрхийг өгсөн. Манай газар нутаг дээр үйл ажиллагаа явуулахдаа устай холбоотой бүх эрх, лицензийг авсан гэж бод. "Нэмэлт, шаардлагатай зөвшөөрөл авбал би удаахгүй өгнө" гэдэг заалтыг гэрээнд оруулсан. Танай бүх нуур, Сэлэнгэ мөрнийг том хоолойгоор Өмнөговь уруу татна гэхэд бидэнд хэлэх үг байхгүй болсон.

 

Асуудал ийм л байна. Та нар зэс хайлуулах байгуулах үйлдвэр барина гэж бодож байна уу. Андуурал. Учир нь гэрээнд зэс хайлуулах үйлдвэр барих судалгааны ажил хийнэ гэж заасан байгаа. Судалгааны ажлыг бид идэх юм уу.



-Ийм ноцтой асуудлууд байхад "Оюутолгой"-н ТУЗ-д Монголыг төлөөлж суугаа гишүүд дуугуй суугаад байна гэсэн асуудал үүссэн?

"Оюутолгой"-н ТУЗ-д Монголын талын гурван гишүүн бий. ТУЗ-д байгаа Монголын талын эдгээр гишүүн бол хүүхэлдэй. Энэ гурвыг буруутгаж загнах хэрэггүй. Учир нь энэ гурвыг ажил хийхгүй байхаас өөр аргагүй гэрээ байгуулсан. Харин эдгээр гишүүд тэнд цалин авч, баясч суухын оронд бодит байдлыг хэлээд гараад ирэх ёстой. Яагаад тэнд байгаад байгаа юм.

 

Ийм байна гэдгээ хэлэх хэрэгтэй. Түүнээс хэдэн мянган доллар аваад, амьдраад байгаа нь ёс зүйн хувьд байж таарахгүй. Гэхдээ би тэдний тухай яримааргүй байна. Би тийм жижиг хүн биш. "Оюутолгой"-н ТУЗ-д есөн гишүүн бий. Түүний гурав нь Монголыг төлөөлж, зургаа нь бүхнийг удирдана. Саяхан Камерон Макрей маш худлаа зүйл ярьсан.

 

"Оюутолгой"-н ТУЗ-ийн дарга нь монгол хүн байгаа гэсэн. Монгол хүн байна гэдэг цаад утгаараа Монголын талыг төлөөлнө гэсэн үг. Ингэж худал ярьсан. Үнэндээ ТУЗ-ийн дарга нь "Рио Тинто"-той хөдөлмөрийн гэрээ хийсэн хүн байгаа. Тэр хүнд хэн мөнгө төлнө, тэр хүн л хөгжмөө захиална шүү дээ. Бүр тэд биднийг хуурахын тулд ийм олон юм ярьдаг болж.

 

Эд бурхан царайтай орж ирдэг нь үнэн. Гэхдээ бурхны дүртэй ашиг бодож л орж ирж байгаа. Тэдэнд мөнгө л хэрэгтэй. Би тэднийг хөөж гаргах тухай яриад, муу муухайгаар дуудах гээгүй. Энэ үйл явдлаас бидэнд ямар ашигтай юм гэдгийг л асуудаг. Өөр юу ч асуудаггүй. Тэдний оронд ямар шар толгойтой хүн, хэн байх нь надад хамаагүй.

 

Ганцхан надад, бидэнд итгэдэг монгол ахан дүүс үүнээс яаж ажлын байртай болж, амьдрал нь сайжрах юм. Хэдэн сургууль, хэдэн эмнэлэг, хэдэн үйлдвэр бариулах юм гэдэг л надад чухал. Энэ бүхэн баталгаагүй, байхгүй байна. Татварын хөнгөлөлт гээд нарийн зүйлийг яриад яахав. Бид юу ч авахгүй. 2033 он хүртэл ногдол ашиг авахгүй.

 

Үүнийг парламент дээр ярьсан учраас би одоо ярьж байна. Өмнө нь ч ярьж байсан. Хүмүүс итгэдэггүй байсан. Оюутолгойн гэрээ 2009 онд байгуулагдсан, 30 жилийн гэрээ шүү дээ. Монголын хуулиар 30 жилээс дээш гэрээ байгуулах эрхгүй. Эд нар өөрсдөө л 70 жил гэж яриад байгаа болохоос, 2039 он гэхэд гэрээ дуусна. Цаад зургаан жилд нь ногдол ашиг авах эсэх нь баталгаагүй.

 

Яагаад гэвэл бид найман жилийн татвараас хөнгөлчихсөн. Хоёр жил нь татвараас 50 хувь хөнгөлсөн. Үндсэндээ 50 хувийг нэг жил гэж үзвэл бид есөн жил татвар авахгүй. 2039 он хүртэл бид юу ч авахгүй байвал гэрээ дуусчихсан байна. Цаана нь дахиад 40 жил юм авна гэж горьдуулж байгаа нь бидэнд бас л өгөөш өгч байгаа хэрэг.

 

Би хэтэрхий муухайгаар хардаж, бодсон байж болно. Гэхдээ чин сэтгэлээсээ монголчуудынхаа төлөө ярьж байгаа юм. Энэ гэрээг монгол хүн бүр уншаач. Өнөөдөр Та нарын таксиныхаа тооцоог хараад явж байгаагаас илүү ашигтай. Бидний үр хүүхдэд хэрэгтэй. Би заалт бүрийг ярьж чадна.



-"Оюутолгой" компанийн санхүүгийн тайланд Монголын талын зээлийг өр гэж тооцсон тухай Та цагаан сарын өмнө хийсэн мэдээлэлдээ хэлсэн. Ер нь ямар учиртай, хэрхэн төлөгдөх өр гараад ирэв?

-"Оюутолгой" компанийн ерөнхий нягтлан бодогч Бадамхандын болон Камерон Макрейн гарын үсгээр баталгаажсан "Оюутолгой" компанийн 2012 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлан надад байна. Уг тайланд богино хугацаат өр төлбөрийн дүн гэж 7.7 их наяд 599 тэрбум төгрөг буюу долоон тэрбум ам.доллар тэмдэглэгдсэн.

 

Энэ мөнгө богино хугацааны өр төлбөр юм бол хэн төлөх юм гэдэг нь мөн тодорхойгүй. Төрийн өмчийн 34 хувь нь 393 тэрбум төгрөг. "Рио Тинто"-гийн 66 хувь 783 тэрбум төгрөг. Үүнээс гадна эзэмшигчийн өмчийн бусад хэсэг гэдэгт нэг их наяд 169 тэрбум орчим төгрөг байгаа юм. Эзэмшигчийн өмчийн бусад хэсэг гэдэг юу гэсэн үг вэ.

 

Энэ хэнийх юм. Нэрийг нь бодоод үз дээ. Монголын тал 34, "Рио Тинто"-гийн 66 хувь бол эзэмшигч. Үүнээс гадна эзэмшигчийн өмч байна. Үүнийг хятадууд эзэмшээд байгаа юм уу, оросууд эзэмшээд байгаа юм уу. Хэн эзэмшээд байгаа юм. Хэний өр вэ. Дараа нь үүнийг хэн төлөх юм. Яагаад үүнийг Монголын тал асуухгүй байна.

 

Монголын тал "Би ийм л өртэй юм байна. Энэ чинийх шүү. Чи бултахгүй шүү "Рио Тинто" гэдэг асуудлыг одоо яримаар байна. Богино хугацаат өр төлбөрийн дүн гэдэг нь хэнд, хэдээр ногдох, хүү нь хэд юм, хаана, хэнтэй энэ өр төлбөрийн талаар гэрээ байгуулсан юм гэдэг тодорхойгүй. Энэ гэрээ надад олдохгүй байна. "Рио Тинто" бидэнд доллар олж өгөхдөө хэдэн төгрөгийн ашиг олдог гээч.

 

Уг нь зээл зуучлагч компани л даа. Түүнээс хөрөнгө оруулагч биш. Жишээ нь, чи надад хөрөнгө оруулалт хийж, миний таксиг авч явч яваад "Оюутолгой" гэдэг гоё юмыг авч мөнгө хийх гэж байна гэж бодьё. Чи өөрөө хөрөнгө оруулалт хийх болохоос биш чи хүнээс мөнгө зээлж таксины орлогын 66 хувийг авна гэдэг бол луйвар. Чи өөрийнхөө мөнгийг оруулна гэдэг бол эрсдэлээ хүлээж байна гэсэн үг.



-Оюутолгойн гэрээг хийх үеэр "Голдман сакс" санхүүгийн компани манай талд хуулийн зөвлөгөө өгсөн. Тухайн уед асуудлыг мэдсээр байж гэрээ хийсэн хэрэг уу?

-Энэ асуудал миний захиан дээр бий. Би олон захиа явуулсан учраас оныг нь сайн мэдэхгүй байна. "Голдман сакс" бол ашиг сонирхлын зөрчилтэй компани байсан. Үүнийг үзэхэд амархан шүү дээ. Интернэтэд ороод л болоо. "Голдман сакс" компанийн 100 хувь эзэмшилтэй компани "Оюутолгой"-н хувьцааг эзэмшиж байна. Тэгээд л болоо.

 

Би сургуулийн эмэгтэй захирал байлаа гэж бодоход нөхрийнхөө компанитай "Үдийн цай"-ны гэрээ хийсэн л гэсэн үг. Энэ бол маш том луйвар. Байж болохгүй зүйл. Энэ талаар монголчууд анхаараад ярьж байгаа нь тэнгэрийн умдаг.



-Саяхан "Оюутолгой"-н хувь нийлүүлэгчдийн хурал болсон, Үүний дараа сайдууд мэдээлэл хийхдээ "Монголын талаас хууль дээдэлж ажиллахыг шаардсан " гэдгээс өөр тодорхой зүйл ярьсангүй. Үүнд дээр ямар бодолтой байгаа вэ?

- Тодорхой зүйл хэлж чадаагүй нь үнэн. Хуулиа дээдэлье гэхээр манай хуулийн хүрээнд маш том луйврын гэрээ байгуулагдчихсан. Бид чөдөрлүүлчихсэн. Тэд маш ухаалаг, хүчтэй байж энэ гэрээнд өөрчлөлт оруулна. Миний хувьд ойрын үед олон улсын Гаагийн шүүхэд "Оюутолгой"-г өгөх бэлтгэл ажлаа хийж байна.



- Цаашид Та "Оюутолгой"-н асуудлаар хэрхэн ажиллах гэж байна?

-Ойрын үед "Оюутолгой"-н бусармаг үйл ажиллагааны баримтыг цуглуулж олон улсын Гаагийн шүүхэд өгнө. Хоёрдугаарт, энэ бол НҮБ-ын зөвлөмж, конвенцийг зөрчсөн явдал. Өнөөдөр газрын баялаг Монголынх юм шиг боловч дэлхий нийтийн хувь заяатай холбоотой.

 

Энэ баялгийг сувдаг сэтгэлээр буруу ашиглах хүмүүст боломж олгосон манай улстөрчдийн увайгүй үйл ажиллагаа төв Азийн өндөрлөг нутгийг цөлжүүлж, усгүйдүүлэх, зөвхөн монголчуудын амьдрал бус дэлхийн экологид асар аюултай нөлөө үзүүлэх вий гэдэг үүднээс баримтыг нь цуглуулж, эрдэмтэдтэй ажиллаж байна.

 

Мөн үүссэн нөхцөл байдлын талаар Лондонд болох Оюутолгойд хөрөнгө оруулалт хийсэн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохоор хөөцөлдөж байна. Миний хувьд УИХ-д "Зардал дааж өгөөч" гэдэг хүсэлтээ гаргасан. УИХ-ын шийдвэр ойрын үед гарах байх гэж найдаж байна. Гуравдугаарт, эрдэмтэдтэй хамтарсан цуврал лекц, илтгэл тавина.

 

Өнгөрсөн удаад Г.Бат-Эрдэнэ математикч, эдийн засагч, санхүүчтэй уулзаж, санхүүгийнх нь луйврын талаар ярьсан. Одоо усны талаар Ч.Батмөнх гэдэг эрдэмтэнтэй хамтарч Монголын ард түмэнд усны асуудал, гэрээнд ард түмний эрх ашгийг хэрхэн ноцтой зөрчсөн гэдгийг ярина. Таван том цуврал лекц, илтгэлийг сэтгүүлчид болон ард түмэндээ тавихаар бэлтгэл ажлаа хийж байна.