Ардчилсан нам сонгуулиас хойшх сар илүүхний хугацаанд сонгууль шударга болсон эсэх асуудлаар лав дөрөв дэх удаагаа мэдээлэл хийлээ.

Санал хураалтын яг дараахан намын дарга асан З.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хамт хоёр ч удаа сонгуулийн үр дүн үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн мэдээлэл хийж баймааж “тахим”-аа өгсөн юм.
Тэгвэл үүнээс хойш АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сонгуулийн үеийн зөрчлийг шалган тогтоох комисс байгуулсан тухай хэвлэлийн хурал нэг удаа хийлгэсэн бол үүний араас УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ нар өчигдөр дахин мэдээлэл өгч, гомдолтой байгаагаа илэрхийллээ. Энэ бүртээ өдгөөгийн эрх баригчид төрийн эрхийг хууль бусаар авсан гэх утгыг давтсан нь анхаарал татахгүй байхын аргагүй.
АН-ын дарга асан З.Энхболд ийм утга агуулга бүхий мэдэгдэл хийж, төрийн эрхийг ялсан хүчинд шилжүүлэн өгөхөөс татгалзаж байна гэсэн битүү санааг илэрхийлээд амжсан юм. Ардчилсан нам дотор байгуулагдаад байгаа Онцгой комиссын зорилго нь эцсийн дүндээ дээрх санаагаа батлахад чиглэсэн бололтой. Уг нь сонгуулийн хууль, түүний үр дагавар, хэрэгжилтэд мониторинг хийх, анализ, дүгнэлт гаргах нь чухал ажил байдаг ч үүнийг “Онцгой” нэртэй сүржин комисс биш мэргэжлийн судалгааны байгууллага арга зүйн үндэслэлтэй хийж байж байг онодог. Тэрхүү анализ нь дараа дараагийн сонгууль болоод хууль тогтоогчдод маш чухал гарын авлага болох учиртай. Ээлжит сонгуулийн өмнө эрх баригч асан Ардчилсан нам хуулийг нь хэд хэдэн удаа хэрүүл, тэмцэл дунд өөрчилж, өнөөдрийн үр дагаварт хүргэх “нүх”-ийг малтсан нь хэн ч үгүйсгэх аргагүй үнэн зүйл. Цаг хугацааны шахалт үзүүлж тулган хэрэгжүүлсэн хуулийг сонгууль зохион байгуулагчид нь хүртэл ойлгохгүй явсаар санал хураалттай золгосон гэхэд дэгсдэхгүй. Хуулийн хэрэгжүүлэхтэй холбоотой заавар, журам батлах, тойрог, хэсгийн хороодыг мэдээллээр хангах, ажилтнуудыг сургах зэрэг ажилд бэлтгэх хангалттай хугацаа байгаагүй. Одоо Ардчилсан намынхны жишээнд татаад байгаа зөрчлүүдийн дийлэнх нь тийм л улбаатай. Чухамдаа өөрсдийнх нь л хийсэн ажлын үр дагавар. Хуулийн зөрчлүүд, хамгийн гол нь амссан ялагдлынх нь учир шалтгаан, үр үндэс нь ч тэнд бий. Онцгой ажлын хэсэг үүнийгээ судлах, үнэлэх, сургамж боловсруулахын оронд дугаар хорооны иргэдийн матаас дээр ажиллаж байгаа нь хөөрхийлэлтэй ч юм шиг харагдана. Бас сонгуулийн зөрчилтэй холбоотой баримтыг санал хураалтын өмнө буюу тухай бүр нь цагдаа, прокурор, хууль хяналтынханд гомдлоор гаргаад байх атал тэд мөрөөр нь огт ажиллаагүй гэсэн цухалдлаа ч нуухгүй байна. Тэр үед хэн төрж барьж, томилгоо хийж байсан юм бэ? Ардчилсан намынхан өөрсдөө. Нэг үгээр бол хууль сахиулах, сонгууль зохион байгуулах үүрэг бүхий байгууллагуудаа ажиллуулж чадахгүй, хяналтаасаа алдчихсан байсан хэрэг үү?!
Хууль сахиулах, шударга үнэнийг тогтоох ёстой байгууллагууд илэрхий хуйвалдааны шинжтэй ажиллаж байгаа бол тусгай субъектийн гомдол гаргаж, хэн гэдэг албан тушаалтан үүргээ хэрэгжүүлэхгүй байгааг шалгуулмаар юм. Үүний оронд “төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэх малгай өмсгөчихөөд МАН руу бууны овоо харааг чиглүүлээд байгаа нь хоосон улс төр л гэж харагдаж байна шүү дээ. Нөгөөдүүл нь ч гэмгүй цагаан тагтаа биш нь үнэн ч биз. Гэхдээ одоо тэмцлийг улс төрийн аргаа биш хуулийн аргаар хийвэл илүү үр дүнтэй, нэр хүндтэй алхам болно.
Ардчилсан намд дотоодын шийдэх асуудал уг нь бишгүй бий гэж гишүүд, дэмжигчид нь хүлээж, олон нийт хараалж байгаа. Наад зах нь ҮЗХ-гоо хуралдуулах, дарга удирдлагаа баталгаажуулах, дүрэм журмаа шинэчлэх, Их хуралдаа бэлтгэх гэх зэрэг асуудлууд нь хааччихав. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг шиг анхаарлыг өөр тийш татах, асуудлын эрчийг сулруулах зорилгоор арай ингээд сонгуулийн хуулийн зөрчил ярьсаар цагийг авах гэж байгаа юм биш биз дээ?!