• Хэнбугайд ч толгой баян байх эрх бий. Гагцхүү хууль журам гээчийг дэвслээд байж болохгүй билээ. Тэгвэл “Магнай трейд”-ийн эзэн, Монголын тэргүүн баячуудын нэгээр тодроод байдаг ноён Б.Ганзориг ШТС-уудаа Улаанбаатарын хаана ч барьж байгуулах бүрэн эрхтэй бололтой юм.
  • Уг нь Хотын өмнөх удирдлагын үед 2013 онд ШТС-уудыг цэгцлэх захирамж гээчийг хотын мээр үзэглэж байсан удаатай. Тухайн үед нийслэл дэх ШТС-уудад шалгалт явуулахад, нефть импортлогч компаниуд хууль журмыг хийдүүлсэн, эсвэл зарим нэг цоорхойг ашигласан үйлдлүүдтэй нь тогтоогдсон байдаг. 1980 онд батлагдсан Шатахуун түгээх станцын стандартаар шатахуун түгээх станц нь орон сууцнаас 20-50 метр, гэр хорооллоос 50-100 метрийн зайтай байрлах ёстой гэж заасан байдаг бол хот өргөжихийн хэрээр зохицуулалт нь алдагдаад байгаа хуучны энэ стандартыг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн ШТС-ууд байсан юм. Ер нь бол нефтийнхэнд хууль журам гууль болсон гэдгийг хаа хаанаа мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсөн гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
  • Түүнчлэн эрхэм таны харж буй энэ зураг дээрх “Магнай трейд”-ийн ШТС-ын тухайд Улаанбаатар хотын А бүсэд, хамгийн үнэтэй байршилд үйл ажиллагаа явуулаад тодорхой хугацаа өнгөрч байна. Гол нь тус ШТС-ын зүүн талд ерөнхий боловсролын 31 дүгээр дунд сургууль байрладаг бол, баруун талд нь орон сууцны хороолол, урд талд нь төмөр зам байрлаж байгаа нь зураг дээрээс харагдаж байна. Мөн хажуу дэргэд нь орон сууцны хороолол шинээр баригдаж байгаа харагдаж байна. Сургууль, төмөр зам гэдэг бол онцгой обьектүүд гэдгийг хэн хүнгүй ойлгож мэдэж байгаа байх. Тэр ч утгаараа болзошгүй эрсдэлд ойрхон байдаг ШТС-ыг ийм онцгой обьектүүдтэй хэт ойр, хаяа залган үйл ажиллагаа явуулах эрх зөвшөөрлийг өгсөн нөхдүүдээс хариуцлага асуух хэрэгтэй байна. ШТС-тай хаяа залгасан сургуульд хүүхдээ сургадаг эцэг эхчүүд ч битүүхэндээ айдастай байдаг талаар хэлж ярих хүмүүс байх юм билээ. Тэрчлэн ШТС-тай хаяа залгасан газар баригдаж байгаа орон сууцанд байр авах гэж байгаа хүмүүс ч бодолтой байх нь зөв болов уу. Шийдэх ёстой хүмүүс нь шийдэж чадахгүй бол иргэд өөрсдийнхөө зүгээс авах арга хэмжээгээ л авахаас өөр яахав.
  • Ер нь бол ШТС-уудтай холбоотой ийм асуудлуудыг Нийслэлийн удирдлагын хэмжээнд илүү том хүрээнд авч үзэхгүй бол Мэргэжлийн хяналтын байгууллага зэргээс бол шаардлага тавиад ямар ч нэмэргүй байдаг юм билээ. Ямартаа л НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч ярихдаа “Зөвшөөрөлгүй газар шатахуун түгээх станц барьж байвал акт бичээд торгодог. Хүлээж авахгүй гэвэл хаалгыг нь лацдан цахилгааныг нь тасалж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоодог. Гэвч хэдхэн хоногийн дараа л бидний тавьсан лацыг өөрсдөө аваад үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тиймээс манайхаас нийслэлийн Газрын албанд шатахуун түгээх станцын газар олголтод дүрэм журмаа эргэж хараад, аюулгүйн зай хэмжээг нь судалж байж газраа олгохыг анхааруулж, жил бүр албан бичиг явуулдаг. Гэтэл орон сууц, албан газарт, гэр хороололд ойрхон ШТС-ууд бий болсоор байгаа.Эдгээр газрын ихэнх нь газар олголттой холбоотой буюу аюулгүйн зайн хэмжээ нь алдагдсан байдаг” хэмээн ярьж байсан удаатай.

    Тэгэхээр эхнээсээ газар олголтыг хууль зөрчин явуулдаг болох нь харагдаж байгаа юм. “Магнай трейд”-ийн энэхүү ШТС-ын тухайд Хот буюу Газрын албаны зөвшөөрлөөр энд үйл ажиллагаа явуулж байгаа байх. Тэр ч утгаараа алдаа завхрал гаргасан бол хот өөрөө засч залруулах ёстой болов уу. Хотын шинэ дарга С.Батболд та, “Магнай трейд”-ийн энэхүү ШТС-ыг байх ёстой газарт нь л байлгах тал дээр анхаарлаа хандуулна уу!?

    Эх сурвалж: Шуурхай.мн