“Найман шарга” дээр америк долларыг 2075 төгрөгөөр авч, 2082 төгрөгөөр зарж байна. Төв банкны ерөнхийлөгч орой үдшээр сандран байж тамгаа хүлээж авснаас хойш ноён ногооны ханш аажимдаа нэмэгдсэн үү гэхээс унаагүй.

Сонгууль хүртэл 2000 хавьцаа тогтворжиж байсан доллар өссөөр буйг монголчууд энэ өдрүүдэд нүдээрээ харж, биеэрээ мэдэрч сууна. Ам.долларын ханш ирэх өдрүүдэд ч өгссөн зурагтай үргэлжилнэ гэдэгт эргэлзэх юм алга. Н.Баяртсайханы хувьд Н.Золжаргал шиг Монголбанкинд олон жил ажилласан, дэд ерөнхийлөгчийнх нь албанаас шууд томилогдсон хашир бурхи биш. Төв банкинд шинэ хүн учраас тэр ажилтайгаа танилцаж суугаа. Шинэ ерөнхийлөгч одоохондоо ам.долларын ханшийг хазаарлах дээр ямар нэг алхам, шийдвэр гаргаагүй учраас ингэж дүгнэж байна л даа. Хатуухан хэлэхэд Төв банкны ерөнхийлөгч хэт сулбагар байна. Өмнөх удирдлагын хүчтэй байр суурь, шийдмэг зоримог алхмууд ингэж хатуу дүгнэх шалтгаан болсон байж мэдэх юм.

Долларын ханш цаашдаа ч өснө гэж итгэлтэй дуугарах шалтгаан бэлхнээ нүдэн дээр хөвөрч байна. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн анхны даалгавар нь эдийн засаг гадарладаг хүнд бол Итгэлт баяны хэлдгээр ёстой нөгөө “ичмээр дамшиг”. “Тэтгэврийн зээл авагсдын зээлийн хүүг бууруул” гэсэн лүндэн гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас унахыг энэ чихээрээ сонслоо. Гайхалтай шүү, зээлийн хүү буурахаар хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар төгрөгөөр мөнгөө хадгалуулсан нөхөд хадгаламжаа татна, мөнгөө авсан хүн яахав арай найдвартай юм гээд доллар болгоно, үр дүнд нь төгрөг шалан дээр навс унана гэдгийг эрхэм Ерөнхий сайд уг нь мэдэхийн цаагуур мэдэх учиртай. Хадгаламжаа татсан зарим нь сая хэлсэнчлэн долларын хадгаламж болгоно. Дажгүй мөнгөтэй нь бол таатай орчин хайж оффшор энэ тэр гээд явахаас яах билээ, буруутгах шалтгаан лав тэр үед гарахгүй.

Н.Золжаргалд нэг онцлог бий. Тэр мөнгөний бодлогыг өчнөөн жилээр харчихсан учраас, санхүүгийн хувьд биеэ бүрэн даачихсан болохоор Засгийн үгийг дөлгөөхөн гэгч нь сонсч суугаад өрөөндөө ороод хэрэгжүүлчихдэг Төв банкны тэргүүн байгаагүй. Монголбанкны өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхөхөөр харж мэдэрсэн хэрнээ “no” гэж зоригтой дуугарч чадахгүй, өөрт нь албан тушаал өгсөн намынхаа заавар журмаар хөдөлдөг мөнгөний бодлого тодорхойлогчид олон байсан. Лав л түүнээс өмнөх мөнгөний бодлого тодорхойлогчид яг ингэж хөдөлж байсан шиг санагддаг. Харин тэр огт өөр уур амьсгалыг нийгэмд авчирсан. Засагт нөлөөлж чадсан Монголбанкны ганц ерөнхийлөгч гэвэл ажлаа өгөөд удаагүй байгаа Н.Золжаргал. Золоогийн үгийг Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр сонссон. Харин Баяртсайханы үгийг Ерөнхий сайд Эрдэнэбат сонсох болов уу? Эсрэгээрээ төв банкны ерөнхийлөгч Засгийн газраа сонсч таарна. Н.Баяртсайханыг сайн улстөрч, сайн санхүүч, сайн эдийн засагч гэдгийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ өмнөх ерөнхийлөгч шиг засгийн эсрэг дуугарч, холыг харсан хүчтэй лобби хийнэ гэдэг юу л бол. МАН нэг дуутай. Дээрээс хэлсэн л бол Богдын лүндэн лугаа дагадаг онцлогтой нам. Дээр нь манай төв банкны ерөнхийлөгч олны шүүмжилж байгаачлан “коммунист эдийн засагч”. Хуучин нийгмийн үед ахисан шат, хашиж байсан албан тушаал нь ийм сэтгэгдэл, дүгнэлт төрүүлдэг. Хувь лидерийн чанар, дэлхийн санхүүгийн зах зээлтэй улсаа уяж хараад бусад юу гэсэн ч хамаа алга, минийх л зөв гэж бардам бодоод итгэлтэй алхах зориг лав энэ хүнээс гарахгүй.

Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүү лавтайяа буурна. Нэмж хэлэхэд гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг даалгаврыг УИХ-ын гишүүд, хууль тогтоочид нэн таатайгаар толгой дохин сонсч суугаа. Тэд дэмжихээр төр засгаас албан ёсны шийдвэр гарч таарна. Тодруулбал, тэтгэврийн зээлийн хүү эргэлзээгүй буурна. Үр дүнд нь яана гэж санана. Ээж, аав, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр аж төрдөг ажилгүйчүүдийн эгнээ тэлнэ. Саяхан даа, сонгуулийн өмнөхөн тэтгэврээ авах гэж банкинд дугаарлаж зогссон ээжийгээ отож байгаад мөнгийг нь булаасан хэрэг гарч байсан. Ийм нөхөд өчнөөн бий. Тэтгэврийн зээл үнэн хэрэгтээ тэдэнд л хаяглагддаг. Түүнээс биш аятайхан амьдарч яваа хүмүүс ээж, аавынхаа тэтгэврийн зээл рүү орно гэж юу байхав. Олны үгийг нь хүлээн зөвшөөрч сонсдог эдийн засагч тэтгэврийн зээлийг “дарангуйлал” гэж тодорхойлсон нь зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг биш. Тэтгэврээ урьдчилж бөөнөөр нь зээлээд тансаглая, гадаад дотоодоор аялъя гэж банк руу алхах настнууд байна гээд төсөөл дөө. Одоохондоо бол ийм настан байхгүй. Ингээд харахаар энэ зээлийгхарин ч бодлого гаргаж байгаад хоримоор санагддаг. Ерөнхий сайд шиг хөгжүүлэн дэвжүүлье гээд улаан тугаа өргөөд урагшилбал сайн юм дуулгахгүй зээл.

МАН-ын Засгийн газрын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сөхье. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бол юу ч биш. Зүүний чиглэлийн нам болоод тэр үү мөрийн хөтөлбөрөөс нь халамжийн амлалт түүвэл өчнөөнөөрөө. Төрийн албаны цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ, дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйд байр өгнө, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно, тэтгэврийн хэмжээг нэмнэ гэж ирээд ёстой нэг амлаж гарсныг сонгогчид тов тодорхой санаж суугаа. Ерөнхий сайдын сүүлд гаргасан тэтгэврийн зээлийн хүүг багасгах даалгавар ч намынх нь мөрийн хөтөлбөр дээр цагаан дээр хараар дурайж байна лээ, зав гаргаад сөхөөд үзээрэй. МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан л бол хэрэгжүүлнэ гээд зүтгэж таарна. Бодлогоо Н.Баяртсайханаар дамжуулан хэрэгжүүлэх нь бас гарцаагүй. Төв банкны шинэ ерөнхийлөгч “намын заасан замаар” гээд алхах нь тодорхой. Тэгэхээр Н.Золжаргалын үед ажилгүй нөхдийг ажилд оруулах зээлийн бодлого хэрэгжиж, үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа сэргэж эхэлсэн бол Н.Баяртсайханыг алба хаших цагт ажилгүйчүүдийн эгнээ улам өргөжиж өнгөрсөн дөрвөн жилд овоо өөдрөг явсан үйлдвэрлэгчид хаалгаа барьж эхэлнэ. Гэхдээ энэ бэрхшээлээс гарах гарц бий. Эрдэнэбат Ерөнхий сайд чигээ зөв харж мэдрээд цааш алхвал болохгүй зүйл бас үгүй. Мэдээж энэ бол засгийн шийдэх асуудал. Халамж уу, үйлдвэрлэл дагасан хөгжил үү?...

МАН-ын хачин дургүй бас нэг зүйл бий. Тэр нь бонд. Улсдаа байгаа боломжоо яриад хөрөнгө оруулагчдаас мөнгө татна гэдэг угтаа гэмт хэрэг биш, гавьяа зүтгэл. Гэтэл яагаад ч юм МАН бондод жигтэйхэн өстэй. Бондын үнэ цэнийг мэдэрдэг, бондгүй бол оршин тогтноход бэрх гэдгийг мэддэг МАН-д данстай эдийн засагчид ч “гайхал бонд”-д тун дургүй. Солонгос, Америк гаднаас их мөнгө татаж дэд бүтцээ байгуулсан, дэд бүтцээ төгс утгаар нь шийдсэн учраас үйлдвэрлэлээ хөгжүүлсэн, үйлдвэрлэлээ оргилд нь тултал хөгжүүлсэн учраас дэлхийн энд яригддаг гэдгийг МАН-ын томчууд мэддэггүйдээ ингэж “тэнэгтдэг” гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Зүгээр л АН эхлүүлсэн, эхлүүлээд хийж чадсан, хийгээд бүтээж чадсан учраас л тэд бондод өр зүрхнээсээ харшлаад байдаг юм.

МАН бас гадаадын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийг анх санаачилсан хүн гэхэд л МАН-ын Г.Занданшатар. Ирээдүйн үнэ цэнээ мэдрүүлж бонд босгож доллар олж ирэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж том төслүүдээ хөдөлгөх бол доллар галзуурахгүй, төгрөг шалдаа унахгүй байх том суурь. Бас эдийн засаг хөл дээрээ тогтох, үйлдвэрлэл хөгжих, ажилгүйчүүд ажилтай болох, уяачид бөхчүүдийг биш баялаг бүтээгчдийг хүндэтгэж үнэлэх цагийн тулах цэг нь ерөөсөө л бонд ба гадаадын хөрөнгө оруулалт. Эдийн засаг ингэтлээ хүндэрсэн цагт гаднаас доллар татахгүйгээр бүтээн байгуулалт өрнүүлж, мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа сэргээнэ гэдэг мянгуужингийн үлгэр. Улстөр хийнэ гэдэг нэг хэрэг. Улсаа авч явж, иргэдийнхээ амьжиргааг өөд нь татна гэдэг бас өөр хэрэг. Үнэнийг хэлэхэд МАН-ын амласан халамжийн гоё өгүүлбэрүүдийг Ерөнхий сайд нь тоть мэт давтаж, тэрийг нь төв банк цэрэг мэт хэрэгжүүлээд явбал долларын ханш 2200 төгрөг хүрэх энүүхэнд. Түүнээс цааш хэд хүрч галзуурахыг тэнгэр бурхан, Монголбанкны ерөнхийлөгч биш МАН-ын чин зориг л мэдэх хэрэг. Өнөөдөр бол шинэ төр америк долларын өмнө цагаан тугаа өргөчихөөд байна.

Ямартай ч өмнөх ерөнхийлөгчийн буянаар өнөөдөр инфляци нам дор хэвээр, валютын нөөц импортынхоо дөрвөн сарын хэрэглээг хангачихаар хэмжээний байна. Тодруулж хэлбэл, бид 1.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй налайж суугаа. Дэлхийн бусад орон гурван сарын импортын хэрэглээний бараагаа авах валютын нөөцтэй бол санаа амар аж төрдөг гээд бодохоор давгүй үзүүлэлт. Товчхондоо ноён ногоон хэд хүрч галзуурахыг засгийн ирэх өдрүүдийн бодлого л тодорхойлох нь байна.