Төрийн өмчийн хорооны дарга асан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын МИАТ-ын удирдлагуудын холбогдоод байгаа мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгахаар болсон гэх мэдээлэл гарч байсан.

МИАТ-ын удирдлагууд "Монголиан Эйрлайнес"  компанийнхантай хамтран дайны эрсдэлийн сангийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг мандангуут энэ эрхэм арьсаа хамгаалж хэвлэлд хандан  ямар ч хамаагүй, буруугүй гэдгээ нотлох гэж ярилцлага өгч байсан.

Гэхдээ бүр хэрэгт  холбогдоод байгаа нөхдүүдийг  худалч хүнд зүс л мэдэх юм  ярьсан байдаг.
Тэгвэл түүний энэ яаран сандран өгсөн ярилцлага, өөрийгөө аврах гэсэн оролдлого бүтэлгүйтжээ. Учир нь мөнгө угаасан хэрэгт холбогдуулан  асуух болсон гэдгээ Улсын мөрдөн  байцаах газраас мэдэгдэж Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөх саналыг прокурорт өгчихөөд байна. Гэхдээ одоогоор прокурорын байгууллагаас Үндсэн хуулийн цэцэд Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн эсэх тодорхойгүй байгаа юм. Энэ зуур зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Сугар өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлэн, гэмгүй, тарчигхан нэгэн болж зүсээ хувиргаж байна гэсэн мэдээлэл байгаа.

Тухайлбал, мөнгө угаасан хэрэгт холбогдон  хоригдон шалгагдаж буй Ч.Хоролсүрэнтэй хамтран эзэмшдэг Өвөрхангай аймаг дахь зочид буудлынхаа эзэмшлийг өөр хүний нэр дээр шилжүүлсэн гэх. Үүгээр ч барахгүй "Өзий төв" гэх нэртэй буудлаа "Арвайхээр палас" нэртэй болгож хувиргасан  гэх мэдээлэл Сангийн яам, мөрдөн байцаах газраас эх аван тархаж байна.  Мөн өнөөдрийг хүртэл МИАТ, Иргэний нисэхийн ерөнхий газарт шалгалт үргэлжилж байгаа юм байна.

Төрийн өмчийн хороон дарга байхдаа тэрбумтан болсон хэмээгдэж онгоц хөлөглөж аймаг дамжин нисдэг хэмээн гэрэл зурагтайгаа хэвлэлийн хуудсыг чимж байсан Д.Сугар ямар боловч МИАТ-ын мөнгө угаасан гэх хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэсэн үндэслэлээр сэжиглэгдэж байна.
Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхээс нь хэдийгээр түдгэлзүүлж албан ёсоор шалгаж эхлэхийг мэдэхгүй. Мөн түүнийг шалгаж эхэлбэл МИАТ-ын захирал асан Ц.Орхоны нэрлэх гээд байгаа 20 улстөрч ил болж магадгүй. Нам эвсэл үл харгалзсан бүлэглэлийн томоохон хэрэг сөхөгдөх магадлалтай гэсэн таамаглал ч байна. Тэгэхээр сүүлийн үед өндрөө аваад байгаа МИАТ компанийн мөнгө угаасан хэрэг танай манай ялгахгүй аав хаалга татуулчих  аюултай. Тэгэхээр энэ хэргийн хэргийн өндрийг ингэсгээд буулгаж тодорхой хэдэн хүнд хариуцлага хүлээлгээд өнгөрүүлж магадгүй.

Мэдээж Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлж саатуулсан тохиолдолд ч энэ хүн зүгээр суухгүй. Өндрөөс ганцаараа бус олуулна гэсэн гэх мэдээлэл ч байгаа. Гишүүнчлэл, өнгө ялгахгүй  олон хүнийг нойргүй хонуулж, хилийн дээс алхуулах дээр нь тулчихаад байгаа энэ хэргийн хувь заяа хэрхэн эргэхийг хүлээе.