Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэний шүүх иргэн С.Гантуяа болон “Оюу толгой” компанийн заргыг шүүн хэлэлцэх ажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлсэн ужиг маргааныг “Оюу толгой” компанийн зүгээс таван ч удаа хойшлуулсны эцэст ийнхүү шүүх дээр уулзаж  буруу, зөвөө ололцох гэж байгаа  нь энэ.


Өнөөдрийн байдлаар Оюу толгойд  2300 гаруй үндсэн Монгол ажилчид ажиллаж байгаа ч дэлхийн дэлхийн 40-өөд орноос хүрэлцэн ирсэн гэрээний ажилчидтай харьцуулбал тун бага цалин авдаг гэнэ.


Эх орныхоо байгалийн баялаг, газар нутаг  дээр ажиллаж байгаа хэр нь бараг л арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдах шахаж яваа монголчуудынхаа төлөө мятрашгүй тэмцэгч  С.Гантуяа нь УИХ-ын гишүүн, МҮЭ-ийн Ерөнхийлөгч С.Ганбаатарын төрсөн дүү гэдгийг хүмүүс мэднэ.


Ах дүү хоёрт нэгэн төрөлхийн  адилхан чанар байдаг нь ямар ч асуудалд шударга үнэний дуу хоолой болж, тэмцэж, жагсаж явах тэрслүү гэмээр хувь заяа ногдсон нь юм.


УИХ-ын гишүүн С.Ганбаа­тарын хувьд УИХ-ын гишүүн асан Ши.Батбаярын хүү “Манука” компанийн захирал Б.Бямбадоржийн Үндсэн хуулийн цэцэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн дагуу  давж заалдах шатны шүүх дээр өнөөдөр ч заргалдаж л яваа.

МҮЭ-ийн холбооны  байрны “Б” корпусыг  өмнөх Ерөнхийлөгчид болох Г.Адьяа, Ши.Батбаяр нар өөрийн болгохоор олон жил зүтгээд дийлээгүйг  одоо хүү нь үргэлжлүүлж, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “ашиг сонирхлын зөрчилтэй” гэх үндэслэлээр МҮЭ-ийн Ерөнхийлөгчийн суудлаас авч хаяхаар улайрч байгаа ажээ.

Хуучнаар “Индра” ресторан байрлаж байсан МҮЭ-ийн холбооны “Б” хэсгийг Ши.Батбаярын хүү Бямбадорж нь 2001-2006 онд  түрээсээр ашиглахаар гэрээ байгуулжээ. Харин сүүлдээ “хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх” болж байрны жинхэнэ эзэдтэй заргалдаж яваа нь цаанаа нарийн учиртай гэнэ.

Б.Бямбадоржийн С.Ганбаа­тарын эсрэг үүсгэсэн заргын цаана уг байрыг “ХААН”, “Зоос” банкинд удаа дараа барьцаалж, их хэмжээний зээл авсан нь тогтоогдоод байгаа бусармаг ажиллагаатай нь салшгүй холбоотой аж.

Б.Бямбадорж нь хотын төвд байрлалтай энэ газрыг худалдаж авахаар аавынхаа танил тал, нэр нүүрийг ашиглан олон жил гүйсний хүчинд 2005 оны гуравдугаар сард 185 сая төгрөгөөр худалдан авах гэрээг хүчээр шахуу хийж амжжээ.

Гэхдээ 2005  оны гуравдугаар сарын 10-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь зургаахан хоногийн дараа гарч байсан нь Ши.Батбаяр болон хүү Б.Бямбадорж нар нь уг газрыг өөрийн болгохоор хэрхэн улайрч байсны нотолгоо мөн.

Ямартай ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, түүний дүү С.Гантуяа хоёр шат шатны шүүх  дээр өдрийг өнгөрүүлж яваа нь үнэн. Гэхдээ тэд шударга үнэний төлөө л заргалдаж яваа билээ.