Нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр НБГ-ын сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ жил цэцэрлэгт шинээр хэчнээн хүүхэд бүртгүүлэх вэ. Цэцэрлэгийн тоо нэмэгдсэн үү?
-Өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд нийт 91687 хүүхэд цэцэрлэгт хамрагдлаа. Үүнээс 69428 хүүхэд нь төрийн өмчийн, 22259 нь хувийн цэцэрлэгт хамрагдсан байдаг. Төрийн өмчийн 233, төрийн бус 399 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж ажиллалаа. Харин энэ жилийн тухайд гэвэл төрийн өмчийн 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, 3990 хүүхэд цэцэрлэгт явах боломжтой болсон.

Мөн 44 хувийн цэцэрлэг шинээр ашиглалтад орж, 2225 хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдсэн. Нийт 6115 хүүхэд шинээр цэцэрлэгтэй болно гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ бол шинээр нэмэгдсэн цэцэрлэгийн орон тоо гэдгийг анхаарах хэрэгтэй. Харин нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмших шаардлагатай 145 мянган хүүхэд бий. Үүнээс энэ жил 101 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого барьж ажиллаж байгаа.

-Цэцэрлэгийн бүртгэлийг хэрхэн зохион байгуулах вэ. Сугалаагаар явуулахгүй гэж байсан шүү дээ?
-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд болон Улаанбаатар хотын Захирагчийн “Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангах тухай” албан даалгавар гарсан. Төрийн өмчийн цэцэрлэгүүд дээд хүчин чадлаараа ажиллаж байгаа боловч нийгмийн эрэлт хэрэгцээнээс хамаарч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа. Тиймээс “Төрийн өмчийн цэцэрлэгт бүртгэх тухай” зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжид дүүргийн боловсролын хэлтсүүд, цэцэрлэгийн ажлын хэсэг, эцэг эхчүүд юу хийх ёстой вэ гэдэг талаар нарийн тусгасан. Нийслэлийн хэмжээнд хоёр настай 19 мянган хүүхэд бий.

Үүнээс 9750 хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх боломжтой гэсэн судалгаа бий. Үлдсэн хүүхдүүд хувийн цэцэрлэгт элсэх боломжтой. Ер нь нийслэлийн цэцэрлэгийн тоо байнга нэмэгдэж байгаа хэдий ч шилжилт хөдөлгөөн, төрөлтийн хэмжээнээс шалтгаалан ийм нөхцөл байдал үүсч байна. Бүртгэлийн хувьд, өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүд үргэлжлүүлж суралцана. Зөвхөн 2014 онд төрсөн хүүхдүүдийг шинээр бүртгэх ёстой. Бүртгэлийг наймдугаар сарын 22-25-нд ажлын цагаар зохион байгуулна. Мөн нийслэлийн хэмжээнд хэд хэдэн цэцэрлэгүүд ачаалалтай ажилладаг.

Хамран бүртгэх тойргийг нь зааж өгсөн ч гэсэн хамрагдаж чадахгүй тохиолдол бий. Иймээс элсэлтийн тасалбарыг тараана. Элсэлтийн тасалбарын тусламжтайгаар наймдугаар сарын 26-нд сугалаа зохион байгуулна. Өнгөрсөн жил нийслэлийн 44 цэцэрлэгт сугалаагаар бүртгэх ажлыг хэрэгжүүлж байсан. Мөн амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой, 3-аас дээш хүүхэдтэй, хагас болон бүтэн өнчин хүүхдийг хорооны нийгмийн ажилтны тусламжтайгаар цэцэрлэгт хамруулна. Түүнчлэн таван настай хүүхдийг бүгдийг нь хамруулах бодлого барьж ажиллаж байгаа. Үнэхээр цэцэрлэгт хамрагдах боломжгүй бол хувилбар сургалтад хамруулдаг. Гэхдээ сургуульд элсэх учраас таван настай хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх бодлого барина.

-Элсэлтийн тасалбараа яаж авах вэ. Эцэг, эхчүүд аль хэдийнэ дугаарлаад эхэлсэн шүү дээ?
-Дугаарлах шаардлага байх­гүй. Наймдугаар сарын 22-25 хүртэл гурав хоногийн хугацаа бий. Энэ хугацаанд хүссэн үедээ очоод хүүхдээ бүртгүүлээд элсэлтийн тасалбараа авч болно. Учир нь эхний удаа ирсэн хүүхдүүдийг бүртгэж, тасалбар олгоно. Үүний дараа сугалаа явуулж, цэцэрлэгт явах эрх үүснэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс хонон өнжин дугаарлах хэрэг байхгүй.

-Ес болон аравдугаар сард төрсөн хоёр настай хүүхдийг авахгүй гэсэн. Энэ үнэн үү?
-Үгүй. 2014 онд төрсөн бүх хүүхдийг авна. Төрсөн сар ямар ч хамаагүй.

-Гурав, дөрвөн настай хүүхдийг цэцэрлэгт авах боломжгүй гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ хичээлийн жилд 2014 онд төрсөн бүх хүүхдийг цэцэрлэгт бүртгэнэ. Өнгөрсөн жил 2013 онд төрсөн хүүхдүүдийг бүртгэсэн. Ер нь нэг бүлэгт 15-20 хүүхэд байх ёстой. Гэтэл бид 40 хүүхэдтэй байхаар шийдвэрлээд байна. Ингэхээр хүүхэдтэй ажиллах орчин нөхцөл талаасаа хэцүү шүү дээ. Багшийг 40 хүүхэдтэй ажилладаг гээд нэг төгрөг ч илүү өгдөггүй. Тэгэхээр цэцэрлэгийн ачаалал хүнд байна. Бид аль болох цэцэрлэгийн насны хүүхдийг бүгдийг нь хамруулах арга хэмжээ авахыг зорьж ажилладаг. Энэ жил тодорхой цэцэрлэгүүдэд 3-4 настай хүүхдийг элсүүлэх элсэлтийн тоо бий.

-Байгууллагын цэцэрлэ­гийг ажиллуулна гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Цэцэрлэгийн хүрэлцээтэй байдлыг хангахын тулд хэрэгжүүлж байгаа хэд хэдэн ажлын нэг нь байгууллагын цэцэрлэг юм. Байгууллагуудаас ч гэсэн цэцэрлэг ажиллуулъя гэдэг саналыг ирүүлсэн. Тухайлбал, Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яам 80 хүүхэд, Гадаад харилцааны яам 70 хүүхдийн цэцэрлэг байгуулъя гэдэг санал ирүүлсэн. Бид үүнийг дэмжиж ажиллана. Ойролцоо улсын цэцэрлэгийн бүлэг байхаар зохицуулах юм. Ер нь цаашид шинээр баригдах барилга, томоохон компаниудыг байгууллагын цэцэрлэгтэй болох шаардлагыг тавина.

-Хувийн компаниуд цэцэр­лэг байгуулах боломжтой юу. Байгууллагын цэцэрлэгийг хэрхэн дэмжих вэ?
-Хоол, хувьсах зардлын мөнгийг төрөөс гаргана. Харин тогтмол зардлаа тухайн байгууллага өөрөө хариуцна.

-Жил бүр сургууль, цэцэрлэг­ийн бүртгэлтэй холбоо­той хээл, хахуулийн асуудал гардаг. Үүнд ямар хя­налт тавьж ажиллах?
-Энэ асуудлыг шийдэхийн тулд сугалаагаар бүртгэж байна. Үүнд бүртгэл хариуцсан комиссууд хяналт тавьж ажиллана. Бидний гаргасан зөвлөмжид ямар нэгэн мөнгө, хандив авахгүй байх талаар тусгагдсан.

www.mminfo.mn