Монголын хамгийн олон салбартай, танд итгэлтэй банк хэмээн нэгэн хэсэг өөрсдийгөө цоллож байсан ХААН банкны үйлчилгээ жил ирэх тусам муудсаар.

Таны итгэлт банк маань сүүлийн үед таныг залилана гэсэн уриатай байх шиг. Тус банкны автомат мөнгө тараагч машин буюу АТМ нь уржигдар олон хүний мөнгийг залгиж, багагүй ажил уджээ. Энэ сарын 24-ний өдөр буюу уржигдар Хаан банкны нэгэн үйлчлүүлэгч эмэгтэй мөнгө авах санаатай картаа уншуулсан байна. 300 мянган төгрөг уншуулсан ч мөнгө нь гарч ирээгүй аж. Картаа хоёр дахиа уншуулахдаа 500 мянган төгрөг авахаар уншуулжээ. Хоёр дахь удаагийн оролдлогоороо мөнгөө авсан ч хэдий ч картны үлдэгдэл мөнгөө шалгахад өөрөөс нь 500 мянга биш 800 мянган төгрөгийн зарлагыг өнөөх бидний итгэлт анд ХААН банк үйлчлүүлэгч эмэгтэйд үүсгэсэн байсан аж. Асуудал ийнхүү үүсчээ.

300 биш 300 мянган төгрөгөө зүгээр л харж зогсоод ХААН банкны АТМ-д алдсан эмэгтэй эдийн засагчтай нь утсаар холбогдож учир явдлыг хэлэхэд “Та уучлаарай. Өнөөдөр манай АТМ асуудал үүсгээд байна. Ганц та биш олон хүний картнаас мөнгө унагаж, хуурамч зарлага үүсгэжээ. Гэхдээ бид мөнгийг тань удахгүй эргүүлж хийнэ. Мөнгийг хийчихээд утсаар холбогдоё” гэсэн аж.

Тэгэхээр Хаан банкны АТМ үнэхээр айдас дагуулж, болгоомжлох сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Авсан 500 мянган төгрөгөө 800 мянга, сая болгон үржүүлж алдаад байвал ХААН банканд яалаа ч гэж итгэх билээ.

Тэгээд ч өнөөдөр дансан дахь мөнгөө эргэж шалгадаггүй, олж л байдаг, үрж л байдаг ХААН банкны үйлчлүүлэгчид олон бий. Тэд АТМ-ээсээ хэдэн ч удаа хичнээн төгрөг алдсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Энэ утгаараа ХААН банкны үйлчлүүлэгчдэд болгоомжлуулах нь зүйтэй хэмээн бид энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

“Эрхэм таны итгэлт анд” хэмээн рекламдах дуртай ХААН банкныхан АТМ-дээ нэгдсэн шалгалт хийж, техник технологио хянах цаг нэгэнт болжээ. АТМ эвдэрсэн нэрийн дор хичнээн ч төгрөг энэ банканд сул урсан орсоныг хэн мэдлээ, ер нь.