Түлэнхийн төвийн барилгын ажил зогсонги байдалд ороод байсан. Барилгын ажлыг дуусгахад 26 тэрбум төгрөг шаардлагатай байсан бөгөөд өнгөрсөн онд 2 тэрбум төгрөг, энэ онд 2,7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэвч төсөвлөсөн мөнгийг Сангийн яам олгоогүй байсан юм. Түлэнхийн төвийн барилгыг барихаар 2015 онд тендер зарлагдаж гүйцэтгэгчээ шалгаруулчихаад байгаа. Одоогийн байдлаар барилгын ажил 25-30 хувьтай баригдаж байна. Гүйцэтгэгч 2 компанийн хувьд урин цагийг алдахгүйн тулд өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлыг явуулж байгаа. Гэхдээ хөрөнгө оруулалт хурдан шийдэгдэхгүй бол барилгын ажлаа зогсоохоос өөр аргагүй гэдгээ мэдэгдэж байсан юм.

Тэгвэл энэ асуудал нэг мөсөн шийдэгдээд байна. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангаас олгох буцалтгүй тусламжийн хөрөнгийг Түлэнхийн төвийн барилгыг цогцоор нь барих, тус төвд шаардлагатай тоног төхөөрөмж, эд хөрөнгө авахад зарцуулахаар боллоо. Тодруулбал 2016.08.16-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Халед Иатим Аль Фадлийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн санхүүжилтээр Монгол Улсад Парламентын ордон барихад зориулж 12 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр 2006 онд гаргасан. Энэ буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилга барихад зарцуулах саналтай байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн юм. Улмаар уг асуудал дэмжигдэн ийнхүү ажил хэрэг болж байна.

Түлэнхийн төвийн барилга нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр 2009 оноос уг барилгад тусламж үйлчилгээ явуулах боломжгүй болсон юм. Байргүй болсон учраас Түлэнхийн төвийг “Мөнгөн гүүр” эмнэлэгт түрээсийн гэрээгээр байрлуулж байгаад цаашид түрээсийн төлбөр төлөх хүндрэлтэй болсон тул одоогоор цөөн хэдэн ортойгоор ГССҮТ-д байрлаж байгаа.

Түлэгдэлт нь яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчин. Тэр утгаараа өдөрт 5- 10 хүн 20-70 хувийн түлэгдэлтэй хүмүүс Түлэнхийн тасагт ирж эмчлүүлдэг аж. Ихэвчлэн хүүхдүүд ахуйн түлэгдэлтээр ирдэг байна. Тодруулбал 0-5 насны хүүхдүүд буцалсан ус, халуун хоол, цай, халуун тогоонд түлэгдэх нь их байна. Томчуудын хувьд буцалсан ус, цахилгаанд, зуны цагт хорхог, боодог хийж байгаад түлэгдэх нь түгээмэл байдгийг ГССҮТ-ийн түлэнхийн тасгийн эмч нар хэлж байна.

Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийг шийдэж өгсөн Кувейтийн тал Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг өргөтгөн шинэчлэхэд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн. Иймээс ТЭЗҮ-ийг бэлтгэн, Кувейтийн сангаар дамжуулан тус улсын Засгийн газарт уламжлах ажлыг түргэвчлүүлэхээр болжээ.