Төр иргэдийнхээ халаас руу гараа дүрэхээр шийджээ. Өмнөх засгийн газар НӨАТ-ын хуулийг шинэчилсэн нь иргэдийг ихээхэн чирэгдүүлсэн. Өнөөдөр ч сугалаа гэгчээс үүссэн асуудал намжаагүй хэвээрээ байгаа гэдгийг Ж.Эрдэнэбатын танхимынхан умартсан бололтой.

Татварыг нэмж, иргэдийн халаас руу өнгийх шийдлээс өөр зам олоогүй аж. Засгийн газраас Хүн амын орлогын албан татварын хэмжээг 10-25 хувь огцом нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдсэн нь хэр оновчтой шийдвэр вэ.

Өнөөдөр Монгол улсад татвар нэмэх орчин нөхцөл нь бүрдсэн үү? Эдийн засгийн энэ их хямралтай байгаа үед татвар нэмэгдээд ирэхээр ард түмэн яах болж байна. Бизнес эрхлэгчид татвар нэмэгдсэн гээд бараа, бүтээгдэхүүнийхээ үнийг нэмнэ. Ингэхээр иргэдэд улам дарамт үүснэ. Одоо байгаа хямралаасаа гарч чадахгүй цалингаа ч нэмүүлж чадахгүй байгаа хүмүүс яаж амьдралаа залгуулах болж байна. Бичил бизнес эрхлэгчдэд татвар нэмэгдчихээр бас л дарамтад орно. Томоохон бизнес эрхлэгчид л үлдэж бусад нь ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжих үү!!!

Уг нь Доржийн бизнест татварын дарамт учруулахгүй хэмээн амлаж гарч ирсэн МАН. Үнэмлэхүй ялалт байгуулсаныхаа дараа үүнийгээ мартчихсан бололтой. МАН-ын намын мөрийн хөтөлбөрөөс татвартай холбогдуулан амласан амлалтыг нэхэн сануулъя.

Манай улсад бүртгэлтэй байсан 126 мянган аж ахуйн нэгжийн тал хувь нь 2015 оны байдлаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Дорж бол өнгөрсөн хугацаанд үүдээ барьсан 62 мянган аж ахуйн нэгжийн нэгэн төлөөлөл. Эрхэлдэг бизнес нь өдрөөс өдөрт хумигдаж, барааг нь авдаг хүн ч цөөрч, эцэстээ тэр лангуугаа эзэнд нь хүлээлгэж өгчээ. Сардаа урагшаа хэд ухасхийж бараагаа татчихдаг байсан Дорж одоо ганц явбал их юм болно. Зарим сард гадагшаа хөл ч тавьж чадахгүй. Олдог цөөн хэдээ татварт хураалгачихна, гар дээрээ үлддэг нь амьдралд хүрэлцэхгүй. Орлого ахиу бизнес хийхээр төлөвлөж, аминдаа л мөнгөн хуримтлал үүсгэж явсан тэрбээр эдийн засгийн хямралын уршгийг биеэрээ мэдэрч яваа нэгэн. Татварын орчин байсхийгээд өөрчлөгддөг, нийслэлийн татвар гэж нэхдэг, татвар биш юмаа гэхэд хүү торгуулиар айлгадаг одоогийн тогтолцоо Дорж шиг олон хүний амьдралд дарамт учруулж байна.

Гэхдээ цөхрөнгөө барсан түүний энэ амьдралд өөрчлөлт гарна гэдэгт тэр итгэж байна. Учир нь Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт бизнес дэх төрийн дарамт, шахалтыг багасгаж, арилжааны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгах заалт оруулжээ. Жижиг наймаа эрхлэгчдэд бэрхшээл учруулж байгаа НӨАТ-ын хуулийг оновчтой, тодорхой болгох санал ч тусгагджээ. Доржийн хамгийн их итгэж хүлээж байсан санал хүсэлтэд Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөөрөө тодорхой хариулт өгсөн байна. “Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй. Эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэсэн хэнд ч шууд ойлгогдох санаачилгыг энэ хөтөлбөрөөрөө дамжуулан том жижиг гэлтгүй бүхий л бизнес эрхлэгчдэд хүргэсэн нь Дорж шиг бизнес эрхэлдэг олон хүнд таалагдаж байна. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд төрөөс татвар огт нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэсэн үг. Эдийн засгийн хямралаас үүдэлтэй дарамт, бэрхшээлийг иргэн таны халааснаас төлүүлэхгүй, таны түрийвч рүү өнгийхгүй гэж хэлж болох юм. Түүнчлэн жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлэхээр Монгол Ардын Нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Ийнхүү амлаж байсан нь зөрж эхэллээ. 2013 оноос хойш гурван жил гаруй үргэлжилж энэ удаагийн хямралыг дотоодын ААН-үүд эцсийн дуулгавартай гэгч нь давахын төлөө зүтгэж яваа. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрч халаа сэлгээ хийж цөөхөн хэдэн ажилчидтай болсон байгууллага, компани, үйлдвэрүүд олон бий. Тэд үүдээ барьж дампуурлаа зарлаж чадахгүй эдийн засаг сэхэхийг хүлээж амь тариагаар амьдарч буй.

Татварыг гэнэт огцом нэмлээ гээд төсвийн орлого 150 хувиар нэмэгдэхгүй шүү дээ. Өдгөө иргэдийн худалдан авалт муудсан байгаа гэдгийг захын нэг лангууны худалдагч хэлнэ. Ийм нөхцөл байдалтай байгаа энэ цагт татвар нэмэгдвэл орлог улам муудна уу гэхээс сайжрахгүй.

 

 

Х.Даваа