Улс орны өрийн хэмжээнд санаа зовогсод цөөнгүй.

Тэрчлэн гадныхан ч манайхны өр ширийн талаар бичиж ярьцгаах болж. Судлаач Лорэн Бонилла Монголын өрийн асуудлын талаар өгүүлэхдээ “2011, 2012 онуудад намайг уул уурхайн аж үйлдвэр хэрхэн томорч буй талаар судалгаа хийж байхад, хүмүүс өр зээлийн талаар уул уурхайн салбартай буюу илүү томоор, улс орны эдийн засагтай холбон ярилцах нь ховор байсан билээ. Тэр үед мэдээж, үйл ажиллагаагаа явуулахын тулд уул уурхайн компаниуд албан хийгээд албан бус зээлийн харилцаанд өргөнөөр оролцож байсан ба уул уурхайн төслүүд, тэдгээрийн туслах дэд бүтцийн санхүүжилтийн хариуцлагыг хэн хүлээх талаар Засгийн газар болон дотоод гадаадын компаниудын хооронд чухал яриа хэлэлцээр явагдаж байлаа.

Гэвч, улсын өнцөг булан бүрт амьдарч буй янз бүрийн Монголчуудтай уулзан ярилцаж байхад, хүмүүс уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах зээлийн талаар гэхээсээ илүүтэйгээр тухайн үеийн халуун сэдэв болох Оюу Толгой гэх мэт төслүүдэд эзлэх Төрийн эзэмшлийн хувь хэмжээний талаар илүүтэй сонирхож байгаа нь ажиглагдсан билээ.

Ингээд би 2015 оны намар Монголд ирээд, улсын хэмжээний өрийн талаарх хэлэлцүүлэг нь өдөр тутмын мэдээний нэвтрүүлгийг дүүргэж, хөдөө орон нутгаар хэрэн хэсэх машинуудад чихцэлдэн суусан зорчигчдын ярианы сэдэв болж, гэр бүл, найз нөхдийн дотно ярианд хүртэл орж ирж байхыг анзаарсан юм. Эдийн засгийн хийгээд төр засгийн бодлогод хийсвэр асуудал байхаа аль хэдийн больсон гадаад өр болон улсын/төрийн өр нь эдийн засгийн шинэ нөхцөл байдал, олон нийтийн санаа зовох асуудал маягаар хүмүүсийн амьдралд нэвтрэн орж ирж буй нь илхэн.

Чингис Бондын Үр нөлөө

Улсын хэмжээний өрийн талаар олон нийтийн ойлголт дээшилж байгаа нь өртэй холбогдох Монголын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдөж ирснийг харуулна. 2012 онд Монголын засгийн газар “Чингис Бонд” нэртэй, анхны бие даасан бондыг гаргасан билээ. 5 болон 10 жилийн хугацаатайгаар зарагдсан энэ бонд 1,5 тэрбум ам.доллар олсон нь анх төсөөлж байснаас хамаагүй их ашиг байв. Жилийн дараа, Монгол Улсын Хөгжлийн Банк Японд 10 жилийн хугацаатай, 30 тэрбум иений “Самурай Бонд”-ыг гаргав. Үүнээс хойш “бонд” хэмээх үг олон улсын зах зээл дээр хөрөнгө оруулагчдын санхүүжүүлсэн зээл гэдэг утгаар Монгол ярианы хэлэнд энгийн үг болсон аж. Харин илүү ерөнхий бөгөөд магадгүй илүү ноцтой утгаар, Монгол тусгаар улсын хувьд гадаадынханд тавьсан өрийг энэ үгээр бас илэрхийлж байна.

Бусад улс орнуудын үндэсний өртэй харьцуулахад, дээр дурдсан бие даасан хоёр өр нь харьцангуй бага гэдгийг Монголын улс төрч, эдийн засагчид хэлэх нь түгээмэл. Гэсэн хэдий ч эдгээр бондын утга холбогдол засгийн газар болон компаниудын (ялангуяа уул уурхайн) тавьсан бусад гадаад өрийнхтэй нэгдмэл байдаг. Эдгээр өрийн тов нь эдийн засгийн өсөлтийн үед биш, харин Монгол улс онцгой ихээр хамааралтай байдаг, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн цикл болон Хятадын эдийн засаг гэсэн хоорондоо уялдаа бүхий хоёр том хөдөлгөөний удаашралтын хооронд тавигдсанаараа анхаарууштай юм. Өнгөрсөн оны 11 сард эдийн засгийн стаитистикийн байгууллага Фичийн гаргасан тайланд тэмдэглэсэнчлэн, Монголын өр 22 орчим тэрбум ам.доллар болж, ДНБ-ний 129,8%-д хүрснээр өнөөдөр гадаад өрийн ДНБ-д эзлэх хэмжээгээрээ хамгийн өндөрт буюу дэлхийд хоёрдугаарт жагсаж байна.

Бондын мөнгийг ард түмний эзэмшлийн болгосон учир, 2012 оноос хойш тэдгээр мөнгө хэрхэн зарцуулагдсан тухай сэдэв нь маргааны бай болоод байгаа билээ. Уг нь бондын мөнгийг зам, гүүр барих, үйлдвэр байгуулах, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, жижиг үйлдвэр, аж ахуйн нэгжийг санхүүжүүлэх зэрэг улс орны хөгжлийн төслүүдэд зарцуулах ёстой байсан билээ. Засгийн газар Чингис Бондыг 888 ширхэг төсөлд зарцуулна гэж зарлаж байсныг судалгааны минь хамтрагч Г. Мөнх-Эрдэнэ надад тайлбарлахдаа, “888 гэдэг тоог аз билэгддэг гэдэг учраас сүсэг бишрэлийн утгаар нь сонгосон” гэсэн юм.

Бондын мөнгөний хуваарилалт нь хэрхэн ил тод байдал, тэгш эрхийн зарчимтай тендерийн оронд, улс төр, бизнесийн хэлхээ холбоо, нууц тохиролцоон дээр тулгуурлаж хийгдсэн талаарх таамаг, цуурхал элбэг тархжээ. Үнэндээ, Дуламын Бум-Очир ипотекийн зах зээлийн талаарх нийтлэлдээ өгүүлсэн улс төрчдийн ихэнх нь хувийн бизнест оролцоотой байх энэ үзэгдэлд, төр засгаас дэмжиж буй эдийн засгийн аливаа төсөл сэжиг төрүүлэх нь аргагүй юм.

Улаанбаатарт байх найзууд маань траншейны нүхний таг дээрх инээмсэглэсэн царай, орон сууцны хоосон барилгууд, шинэ зам, гүүрүүд болон явган хүний гарц зэрэг хот тохижилтын зарим шинжийг бондтой холбож үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Баруун аймгуудын нутагт ч гэсэн, төв суурин газрууд дахь үүнтэй төстэй шинэ зүйлсийг хүмүүс Чингис Бондын санхүүжилтээр засгийн газрын дэмжлэг бүхий төслөөр хийсэн ажил гэж бодож байгаагаа хэлж байсан билээ. Иймэрхүү сайжрүуулалтыг хүмүүс таатай хүлээн авч байгаа мэт харагдавч, бондын үлдсэн мөнгө нь хаашаа алга болсон болон илүү их сургууль, цэцэрлэг барих, үндэсний үйлдвэрлэл, ажил олголтыг нэмэгдүүлэх зэрэг ирээдүйд Монголыг илүү бүтээлч болгох, урт хугацааны төсөл, хэрэгтэй зүйлс яагаад хийгдээгүй талаар тэд гайхаж байсан юм. Траншейны нүхний таган дээрх инээмсэглэсэн царай нь улс орны бүү хэл, хүмүүсийн хувийн өрийг дарахад ч тус нэмрээр маруухан л юм даа.” хэмээн бичжээ.