Энэ долоо хоногт улс оронд маань олон үйл явдал боллоо. Онцлох гол үйл явдлын тоймыг уншигч танд хүргэж байна.

Улс төрд Энэ долоо хоногт суудлын томилгоо үргэлжлэв. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дэд даргаар Ё.Бат-Эрдэнийг, Шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагвааг тус газрын даргаар томиллоо. Мөн Эрдэнэс-Монгол ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг томилж, тус компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар тодруулах юм.

Танхимаа удирдаад гурван сарын нүүрийг ч үзээгүй байгаа Ерөнхий сайд аа намнахаар зэхэж буй бололтой. Эдийн засгийн хүндрэлийг давах, төсөв хэмнэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хийж буй алхмууд, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд олон нийт тийм ч таатай хүлээж авахгүй байгаа билээ. Түүний эхнээс нь гаргаж байгаа шийдвэрүүд МАН-ын дотоодод ч гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа гэнэ. Энэ нь түүнийг унагаах нэг шалтаг бүхий улстөрийн сонирхол явж эхэлсэн сурагтай. Учир нь Ардын намынхан дотроос нэр бүхий гишүүд хамтран Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлсэн гэсэн албан бус мэдээлэл ч байгаа гэнэ. Хэрвээ энэ үнэн бол УИХ-ын ээлжит бус чуулганы хугацаанд асуудал үүсч, Ерөнхий сайд огцорч магадгүй л юм.

Ард түмнийхээ эсрэг ажиллаж буй МАН

МАН сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулаад хоёр сарыг үдэж байна. Сайд, дэд сайд нараа томилох бялуу хуваалтын ажил шувтрах шатандаа хэдийнээ орчихсон. Өдгөө эдийн засгаа босгох асуудал яригдаж эхэлсэн ч олон хүний дургүйцлийг хүргэсэн төсвийн тодотголыг хийх болоод байна. Тодруулбал,

Сар бүр хүүхэд бүрт олгодог байсан 20 мянган төгрөгийг амьдралын түвшингээр нь ялгаварлаж өгөх. Энэ оны зургаадугаар сараас хойш олгогдоогүй байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохыг Ерөнхий сайд өмнө нь мэдэгдсэн. Тэгвэл Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгажээ. Харин үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж.
Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог журамд өөрчлөлт оруулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарахдаа ТАХ-д 1-12 сарын цалингийн дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг л авах юм байна.

Уг нь "Ахмадаа ачилна" гэсэн хөтөлбөрийг боловсруулсан нам үүнийхээ эсрэг зогсохоор шийджээ. Тэтгэврийн зөрүүг арилгана, Тэтгэврийн хэмжээг нэмнэ, зээлийн хүүг бууруулна зэрэг олон ажлыг хийнэ гэдгээ амлаж байсан билээ. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг олон ахмадууд хүлээж байсан. Хамтын тэтгэврийн хувь хэмжээг тогтоохдоо бүрэн тэтгэврийн 20 хувиас доошгүй байхаар хуульчилж, бодит хувь хэмжээг мөн Засгийн газар шийдвэрлэхээр байсан. Албан ёсоор гэр бүлээ батлуулаад 15 жил болсон хүмүүс энэ хуульд хамрагдах бөгөөд хэн нэгэн нь нас барсан тохиолдолд хань ижил нь тэтгэврийх нь тодорхой хувийг авах хууль байсан юм. Гэтэл МАН-ын Засгийн газар олон ахмадын хүсэн хүлээж байсан хуулийн төслийг хүчингүй болгож байна.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Нийгэм Иргэдийн "нууц орлого" гэж юуг хэлэв

Монголчуудын амьдралын цалин хөлс, орлого, зарлагыг "хэнээс, хаанаас" асуугаад судалгаа хийж байгаа нь тун эргэлзээтэй тоо баримтыг Статистикийн газар танилцуулдаг. Саяхан тус газраас олныг гайхашруулсан мэдэгдэл хийх нь тэр.

Тодруулбал, Үндэсний статистикйн хорооны удирдлагууд нийгэм, эдийн засгийн хоёрдугаар улирлын судалгааг танилцуулахдаа "Өрхийн зарлага орлогоосоо давсан байна. Өрх бүр орлогынхоо тодорхой хувийг хадгалж, үлдсэнийг нь зарцуулдаг. Гэтэл зарлага орлогоос давж байгааг нууц орлоготой холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл иргэд статистикийн асуулгыг бөглөхдөө үнэн бодит мэдээллээ өгөхгүй байна" гэсэн юм.

Өрхийн нууц орлого гэж юу вэ? Иргэдэд нуух орлого бий юу. Гурван сая хүн амтай монголд нэг өдрийн хоолоо яаж залгуулах вэ гэдгээ мэдэхгүй тарчигхан амьдарч буй хэсэг бий. Нөгөө хэсэг нь ажил хийдэг ч цалингаас цалингийн хооронд амьдралаа залгуулна. Харин нөгөө хэсэг нь хагаралтлаа баяжсан олигархууд. Тэд л энэ судалгааг бөглөөгүй юм бол "нууц орлого" гээчийг хаанаас гаргаад ирэв.

Нэг өрхийн, сарын дундаж мөнгөн орлого 874 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 хувиар буурчээ. Үүнд

Цалин хөлсний орлого 6.3 хувь,
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 948 мянга байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 30 мянгаар буурсан дүн аж. Зарлага буурахад хүнсний бүтээгдэхүүний зарлага 24 мянгаар буурсан нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 934 мянга байна. Үүнээс л үүдэн зарлага орлогоосоо давсан хэмээн үзэж, иргэдийг нууц орлоготой гэж сэрдэх болсон бололтой.

Тэгвэл иргэд "нууц орлого"-оо хаанаас олов? Тэд Ломбард, Банк, ББСБ зэргээс зээл авсан ч юм бил үү. Нөгөөтэйгүүр нэг өрхийн орлого, зарлага нь зөв гарсан уу, судалгаа бодит байдалтай нийцсэн үү гэдэг нь тун эргэлзээтэй. Иргэдийн сарын дундаж цалинг 700-900 мянга гэсэн судалгаа гардаг. Харин бодит амьдрал дээр иргэдийн дийлэнх нь 450-600 мянган төгрөгийн цалин авдаг. Нийгмийн даатгалын сангаас ирсэн мэдээлэлд үндэслэн судалгааг гаргадаг гэдэг. Ингэхдээ хэдэн хүний дунд явуулсан бэ гэдгээ хэлдэггүй. Энэ судалгаанд хамрагдсан хүмүүс нь 3 сая иргэнийг төлөөлж, сарын цалингийн дундажийг гаргаж ирж чаддаг болов уу.

Эдийн засаг: Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө" хэмээн мэдэгдлээ

Монгол улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгохоор болсон билээ. Тэгвэл УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгнө. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн зорилтод бүлгийн 60 хүртэл хувьд нь өгнө. Харин үлдэж байгаа 40 хувьд нь тодорхой хугацааны дараа бүрэн хэмжээгээр нөхөж өгнө гэв. Сангийн яам хэрхэн бөөнд нь нөхөж өгөх асуудалд анхаарч байгаа” гэдгийг хэлэв.

Сангийн яамнаас мэдээлж байгаагаар бол 2016 оны 1-6 дугаар саруудад 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сард 20 мянган төгрөг олгосон. 7-р сараас эхлэн 20 000 төгрөгийг зорилтод бүлгийн буюу өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд өгөхөөр болжээ.

Харин үлдэж байгаа 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулсан. 2019 оноос нөхөн олгохоор ярилцаж байгаа гэв.

Ерөнхий сайд нь ирэх жилээс нөхөж олгоно гэсэн бол төсвийн тодотголыг гаргасан Сангийн яамныхан 2019 он гэж зөрүүтэй тоо хэлж байна. Тэгэхээр 40 хувьд багтаж байгаа хүүхдүүдийн мөнгө хэзээ орох нь тодорхойгүй.

Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхдийн мөнгийг алагчилж өгч байгаад эгдүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл зурагт, тоос сорогч, хөргөгчтэй гэр бүлд төрснийх нь төлөө ийнхүү хүүхдийг алагчилж байгаа нь буруу.

Нөгөө талаас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүүхдийн мөнгө бол Монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол улсын бодлого юм гэдгийг мэдэгдэж байсан.

2016 оны 1, 2-р сард хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт өгнө хэмээн мэдэгдэж байсан. Тухайн үед олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан болохоор бүх хүүхдэд өгөхөөр болсон. Тэгтэл одоо дахин алагчилж байгаа нь буруу гэдгийг хэлэх эцэг эхчүүд байна.

Спорт: Д.Отгондалай, Г.Мандахнаран нар эх орондоо ирлээ

 

Риогийн олимпийн наадамд амжилттай оролцох хүрэл медалийн төлөөх барилдаанд шалгарч үлдсэн Г.Мандахнаран өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүл, найз нөхөд нь угтан авсан бөгөөд Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн юм.

 

 

Мөн Риогийн олимпд боксын 60 кг-ын жинд амжилттай өрсөлдөж хүрэл медалийн эзэн болсон Д.Отгондалай эх орондоо ирсэн юм. Хүрэл медалийг эх орондоо авч ирсэн түүнийг гэр бүл, төрөл төрөгсөд, ХХЕГ, Дорнод аймгийн нутгийн зөвлөлийнхөн ийнхүү угтан авав.

 

 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа