Мянга мянган иргэдэд их хэмжээний хохирол учруулсан ХЗХ-ын өр төлбөрийн тал хувь болох 36,1 тэрбум төгрөгийг 2013 оны байдлаар төрөөс гаргаад байсан. Мэдээж энэ бол их мөнгө.

Хохирогчдын хохирлыг барагдуулахаар гаргасан мөнгийг эргүүлэн нөхөж олж авна гэдэг эхнээсээ эргэлзээтэй байсан. Төрийн ажлыг хийдүүлдэг зарим нөхдүүдээс болж бүхэл бүтэн ШШГЕГ-ын нэр хүндэд сэв сууж ирснийг ч энд тодотгох хэрэгтэй. Ингээд 1413 хохирогчтой “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” ХЗХ-ны өр төлбөр барагдуулах ажиллагааны талаарх мэдээллийг хүргэж байна.

1413 хохирогчдод 15,654,493,376 төгрөгийн хохирол учруулсан “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Б.Баттөр нь 10,000,000 /арван сая/ төгрөгийн эд хөрөнгөө хураалгаж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бол Т.Энхтөр 10,000,000 /арван сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Гэхдээ өнөөдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө хураах ял төлөгдөөгүй байна. Харин Г.Батцэцэг 1,000,000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хураах ялыг биелүүлж төлбөрийг барагдуулжээ. Т.Энхтөр, Б.Баттөр нарын эд хөрөнгө хураах ялыг Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар ялаас чөлөөлүүлэхээр харьяаллын прокурорт хандсан юм байна.

Ямартай ч, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор “Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн хоршооны үүсгэн байгуулагч Т.Энхтөр, Д.Баттөр нараас 15,654,493,376 төгрөгийг гаргуулж нэр бүхий 1413 хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байдаг. 1413 хохирогчдын хохиролын дүн 15,654,493,376 төгрөг буюу 50 хувь болох 7,827,246,688 төгрөгийг төрийн зүгээс барагдуулах ажиллагаа явагдаж ирсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд 1317 хохирогчтой гэрээ байгуулж 7,765,813,981 төгрөгийг дансанд нь шилжүүлж, 97 хохирогч ирж гэрээ хийгээгүй тул 54,292,543 төгрөгийг олгох үлдэгдэлтэй байгаа.Хохирлын мөнгө олгох ажиллагаа 99,3 хувьтай явагдаж байгаа гэх мэдээллийг ШШГЕГ-аас өгч байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 1,144,383,667 төгрөгийн үнийн дүнтэй 27 үл хөдлөх эд хөрөнгө, 428,169,300 төгрөгийн үнэлгээтэй 765 ширхэг хөдлөх эд хөрөнгө хүлээн авахаас 1,572,552,967 төгрөгийн үнийн дүнтэй 392 ширхэг эд хөрөнгө хүлээн авахаас үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, 404,169,300 төгрөгийн үнэлгээтэй 750 ширхэг хөдлөх эд хөрөнгийг хүлээн авчээ.

Цагдаагийн байгууллагаас 24,000,000 төгрөгийн 15 ширхэг хөдлөх эд хөрөнгийг хадгалалт хамгаалтанд тухайн үед хүлээн авсан хүн нь үрэгдүүлсэн гэх шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байна.

Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан нийт хөрөнгөнөөс 115,730,867 төгрөгийн үнэлгээтэй 8 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө төлбөр төлөгдөж чөлөөлөгдсөн, 139,652,800 төгрөгийн үнийн дүнтэй 10 үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс чөлөөлсөн, 35,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 үл хөдлөх хөрөнгө өмчлөлийн маргаантай,

590,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулан 163,500,000 төгрөгөөр худалдан борлуулж, мөн 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаан оруулж 38,400,000 төгрөгөөр худалдан борлуулсан,

2013 онд 218,443,000 төгрөгийн үнийн дүнтэй 4 үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэлтэй байсан юм.

Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар 4 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 15,500,000 төгрөгөөр

Дэлгүүрийн журмаар 138 ширхэг хөдлөх эд хөрөнгийг 2,623,444 төгрөгөөр тус тус худалдан борлуулжээ.

Төрийн өмчид 1 хөдлөх эд хөрөнгийг 60,150,000 төгрөгөөр тооцон шилжүүлсэн.

Төлбөр төлөгч нараас төлбөр гаргуулсан ажиллагааны талаар: Шийтгэх тогтоолд заагдсан 464,410,284 төгрөгийн төлбөртэй 25 төлбөр төлөгчийн гүйцэтгэлийн материалд ажиллагаа явуулж ирлээ. Үүнээс 14 төлбөр төлөгчийн 124,718,817 төгрөгийн материалыг дуусгавар болгон хааж, 15,780,000 төгрөгийн үнийн дүнг бодитойгоор биелүүлж нийт 140,498,817 төгрөгийг бодитой биелүүлсэн.

Төрд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн талаар: Нийт эд хөрөнгө худалдан борлуулж 220,766,076 төгрөгийг, хоршооны үүсгэн байгуулагчаас 450,000 төгрөг, төлбөр төлөгчдөөс 140,498,817 төгрөгийг төрд төвлөрүүлж, мөрдөн байцаалтын шатанд 34,581,777 төгрөгийг, банкны данснаас 40,827,822 төгрөгийг, нийт 437,124,492 төгрөгийг бэлэн мөнгөөр дансанд төвлөрүүлж, 60,105,000 төгрөгийг эд хөрөнгөөр нийт 497,229,492 төгрөгийг төрд төвлөрүүлэн ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байсан.

Төлбөр барагдуулах ажиллагааны талаар: “Бүтээн байгуулалт” хадгаламж зээлийн хоршооны бусдад учруулсан хохирол нь 15,654,493,376 төгрөг бөгөөд 2013 онд нийт төлбөр барагдуулах ажиллагаа 2,89 хувьтай явагдаж байсан.

Төрөөс хохирогчдын хохиролын 50 хувьд шилжүүлэн авсан 7,827,246,688 төгрөгийг улсад эргэн төвлөрүүлэх ажиллагаа 6 хувьтай ажиллаж байв. Мөн цагдаагийн байгууллагаас хүлээн авсан эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн эд хөрөнгөтэй адил нэр төрлийн барааны зах зээлийн ханшнаас хэт өндөр, уг эд хөрөнгийн хадгалалтын горим мөрдөн байцаалтын шатанд алдагдсанаас чанар байдал, өнгө үзэмж муу зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсонтой холбогдуулан худалдан борлуулах ажиллагаа удаашралтай байгаа гэх мэдээллийг ШШГЕГ-аас өгч байсан юм.

1233 хохирогчтой “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны өр төлбөр барагдуулалтын талаар хүргэж байсан. Тэгвэл нэмэлт мэдээллийг хүргэж байна

Сонгинохайрхан дүүргийн шүүхээс 2007 онд шийдвэрлэхдээ “Глоб кредит” ХЗХ-ны үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяраас 11,729,818,476 төгрөг, М.Цэцэгмаагаас 97,989,662 төгрөгийг гаргуулж нэр бүхий 1233 хохирогч нарт олгох, 14,453 ширхэг 4,453,020,624 төгрөгийн эд хөрөнгийг худалдан борлуулж хохирогч нарын төлбөрт тооцохоор тогтоосон байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолын дагуу мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 14,453 ширхэг 4,453,020,624 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авахаас 3,493,439,000 төгрөгийн үнэлгээтэй 23 үл хөдлөх эд хөрөнгө, 769,048,344 төгрөгийн үнэлгээтэй 9038 ширхэг хөдлөх эд хөрөнгө нийт 4,262,487,344 төгрөгийн үнэлгээтэй 9061 ширхэг эд хөрөнгийг Цагдаагийн байгууллагаас хүлээн аваад байна.

Үүнээс тухайн үед нь шүүхийн шийтгэх тогтоолоор 101,490,000 төгрөгийн үнэлгээтэй Дархан-Уул аймаг дахь Д.Сумьяасүрэнгийн өмчлөлийн худалдааны төвийн барилга, 20,000,000 төгрөгийн үнэлгээтэй Х.Пүрэвжавын өмчлөлийн М-1 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлсөн байсан тул “Глоб кредит” ХЗХ-ны хөрөнгө болох 3,267,124,000 төгрөгийн үнэлгээтэй 11 үл хөдлөх хөрөнгө, 80,915,000 төгрөгийн үнэлгээтэй 7 газар, 5 иргэний хариуцагчийн 129,900,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг хүлээн авчээ.

5392 ширхэг 190,533,280 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийтгэх тогтоолд давхардуулж бичсэн, байгаагүй эд хөрөнгийг битүүмжилсэн, хулгайд алдсан зэрэг шалтгаанаар хүлээлгэн өгөөгүй байна. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба хүлээлгэн өгөөгүй хөрөнгүүдийг хүлээн авахад хүндрэлтэй байгаа тул Цагдаагийн байгууллага болон Прокурорын байгууллага, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хандан хамтран ажиллаж байгаа гэх мэдээллийг өгч байсан.

Иргэний хаиуцагчаар тогтоогдсон 4 төлбөр төлөгч төлбөрөө төлж барагдуулсан тул 105,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэлээс чөлөөлж, 1,869,760,340 төгрөгийн 13 үл хөдлөх эд хөрөнгийг 8777 ширхэг 338,807,660 төгрөгийн дагалдах хөрөнгийн хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ба 234 ширхэг 28,164,300 төгрөгийн хөдлөх эд хөрөнгийг дэлгүүрийн журмаар худалдан борлуулжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 675,000,000 төгрөгийн үнэлгээтэй 1 объектийг шүүхийн шийдвэрээр чөлөөлсөн байна.

Шийтгэх тогтоолд заагдсан 233,932,568 төгрөгийн төлбөртэй 29 төлбөр төлөгчөөс 24 нь 128,672,635 төгрөгийг бодитой биелүүлснээс 16 төлбөр төлөгчийн 120,078,364 төгрөгийн гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгон хааж, үлдэгдэл 12 төлбөр төлөгчийн 102,940,413 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

Нийт эд хөрөнгө худалдан борлуулж 1,868,885,898 төгрөг, хоршооны үүсгэн байгуулагчаас 39,227,943 төгрөг, төлбөр төлөгчөөс 128,672,635 төгрөг, дэлгүүрийн журмаар 28,164,300 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд биелэгдсэн 7,243,297 төгрөгийг Цагдаагийн байгууллагын данснаас татан авч нийт 2,044,029,773 төгрөгийг төрд төвлөрүүлэн 34.7 хувьтай ажиллаж байгаа аж.

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны бусдад учруулсан хохирол нь 11,779,062,344 төгрөг бөгөөд одоогийн байдлаар нийт төлбөр барагдуулах ажиллагаа 2013 оны байдлаар 17,19 хувьтай явагдаж байсан.

Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн эд хөрөнгөтэй адил нэр төрлийн барааны зах зээлийн ханшаас хэт өндөр, уг эд хөрөнгийн хадгалалтын горим төрдөн байцаалтын шатанд алдагдсан, өнгө үзэмж муу, зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй зэрэг байдлаас шалтгаалан худалдан борлогдох ажиллагаанд хүндрэлтэй байдаг гэдгийг мөн тус газраас мэдэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Б.Итгэлт