Өнгөрсөн жилийн “Оны онцлох хүн”-ээр тодорсон Н.Энхбаяр хорих ангиас Клиникийн II эмнэлэгт шил­жиж хэвтсэн нь энэ долоо хо­ногийн нэгэн дуулиан байв.

Эрхэм “экс” Ерөнхийлөгчтэй холбоотой бүхэн өнөө цагийн хамгийн дуулиантай хэргийн жагсаалтад орж буй энэ үед Н.Энхбаяраар “овоглосон” бас нэг хэрэг дэгдэх нь бололтой. Учир нь ОХУ-ын нийслэл Москва хот дахь Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яамны II байрыг манайхан түрээслүүлсэн гэж бодож явсан нь худлаа болж таарав. Элдвийг нуршилгүй өгүүлбэл, 1964 оноос хойш Орос дахь Монголын Худалдааны төлөөлөгчийн газар хэмээх хаяг зүүж, Элчин сайдын яамны мэдэлд байсан уг барилгыг 2006 оны хоёрдугаар сарын 1-нд анх “түрээслүүлсэн” гэж мэдэгджээ.


Тухайн үед Монгол Улсаас ОХУ-д сууж байсан Элчин сайд Л.Хангай энэ шийдвэрийг Худалдааны төлөөлөгчийн газрын байранд амьдарч бай­сан ЭСЯ,  консулын  ажилт­нууд болон худалдааны төлөө­лөгчдийн гэр бүлийнхэнд та­нил­цуулсан аж. Ингэхдээ Ерөнхийлөгч Н.Энхбаярын /2006 онд/ тушаалаар гаргасан шийдвэр гэж тайлбарласан бөгөөд “Одоо та бүхэн нэн даруй байрыг суллаж өгөх шаард­лагатай” гэсэн байна.


Өвлийн тэсгим хүйтэн жа­вар ид тачигнаж байсан цаг уч­раас ажилтнууд нь гэр бүл, үр хүүхдээ  аваад хаачихаа мэдэхгүй байж. Тиймээс дулаан орохыг хүлээх хэрэгтэй байгааг хэлэхэд авч хэлэлцэлгүй, Москва хотын хамгийн хол орших дүүрэг рүү хөөсөн аж.


Тэр үед Худалдааны тө­лөө­лөгчийн газрын байрыг түрээслүүлэхдээ “Эхлээд 21 жил гэснээ дараа нь 11 жилийн хугацаатай” гэж байсан ч нэг их удалгүй кавказчууд болох “багуудад”  худалдсан нь илэрхий болжээ. Тэр үед төлөөлөгчийн газрын нэгдүгээр давхарт ресторан, караоке ажиллаж байсан гэдгийг ганзагын наймаа эрхэлдэг байсан монголчууд баталдаг юм.

Төрийн өмчийг шамшиг­дуулсан байж болох энэ хэрэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, тухайн  үеийн МАХН-аас томи­логдсон Гадаад харилцааны сайд, дэд сайд, Элчин сайд Л.Хангай нар шууд холбоотой гэдгийг эх сурвалж хэлж байсан. Одоогийн Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцын аав Д.Батыг энэ үйл явцыг маш сайн мэдэх ёстой хүн гэж эх сурвалж хэлсэн юм.


Олны дунд дуулиан болж амжаагүй энэ хэрэгт холбогдох албаныхан тун болгоомжтой хандаж байгаа. УИХ-аас эл хэргийг шалгах ажлын хэсэг гаргаж, УИХ-ын Аюулгүй бай­дал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон тэр­гүүтэй хүмүүсийг Орос руу томилж явуулсан байна.

Тө­рийн өмчийг шамшигдуулсан буруутнууд ар араасаа тодорч буй энэ үед Н.Энхбаярын одоо­гийн авсан ял дээр Монголын Элчин сайдын яамны мэдлийн барилгыг худалдсан булхай нэмэгдэж тун болзошгүй нь бололтой. Н.Энхбаярын тушаалаар Москва дахь Худалдааны төлөө­лөгчийн газрыг зарсан уу.