Өмнө засгийн газрын эхлүүлсэн иргэдээ бодсон нэг томоохон хөтөлбөр нь "Орон сууцжуулах" байлаа. Иргэд орон сууцанд хамруулахын тулд зээлийн хүүг бууруулж, хямд үнэтэй байраар хангахаар "Ипотекийн зээл"-ийг эхлүүлсэн.

Энэхүү зээлийн хүрээнд одоогийн байдлаар 85 мянган айл өрх орон сууцны 8 болон 5 хувийн зээлийн хөтөлбөрт хамрагджээ.

Эдгээр өрхөөс 3.8 их наяд төгрөгийн зээл зах зээлд бүрэлдсэн байна. Харин зээлийн эргэн төлөлт муудсан гэх үзүүлэлтээр уг хөтөлбөрийг зогсоохыг эдийн засагчид, зарим улс төрчид байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл Барилга хот байгуулалтын яам зээлийг зогсоохгүй гэв.

Г.Мөнхбаяр сайд “Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх, эсэхийг шийдвэрлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Би өөрөө ахалсан. Монголбанк, Сангийн яам, МИК-ийн төлөөлөл багтлаа. Энэ зээлийг үргэлжлүүлнэ. Гэхдээ орон нутагт 5 хувийн хүүтэй олгох талаар судалж байна. Одоогоор 80 хүртэл метр кв талбайтай орон сууцыг энэ зээлд хамруулдаг. Бид 100, 110 м.кв болгох талаар судалж байна. Учир нь гурван өрөө байр авах иргэдийн эрэлт байгаа” гэсэн юм.

Ингэснээр орон сууцны борлуулалт, ажлын байрны өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж салбар яам нь үзэж байгаа аж. Иргэд сард дунджаар 460 мянган төгрөгийг байрны зээлд төлдөг. Зээлийн хугацааг сунган, нэг сарын төлбөрийг бууруулах нь зөв. Тэгвэл зээл авсан, өгсөн аль аль талын дарамт буурна хэмээн Г.Мөнхбаяр сайд онцлов.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Жамбаажамц "Ипотекийн зээл үргэлжлэх эсэхийг Монголбанк, Засгийн газрын түвшинд шийдэх байх. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн одоогийн санхүүгийн схем бол өөрөө цаашид урт хугацаанд үргэлжлэх боломжтой. Зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлүүдээ санхүүжүүлээд явах боломж бий. Өнгөрсөн хугацаанд ТЗК-иудаас төлөгдсөн мөнгө, үнэт цаашжуулалтын хэмжээ, эргэн төлөлтийн асуудал, цаашид холбогдох төрийн байгууллагууд ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг ярилцахаар ажил хэргийн уулзалт хийж байна. Бидний зүгээс зээл цаашид үргэлжилнэ. Хүү нь тэд байна гэж хэлэх боломжгүй" гэлээ.

Дараагийн зээлийн эх үүсвэрийг олгосон зээлийн эргэн төлөлтөөс санхүүжүүлэх юм. Зээлийн эргэн төлөлтийн хувьд харьцангуй сайн төлөгддөг бөгөөд чанаргүй зээл 0.5 хувийг эзэлж байгаа юм.