Улс төр: Засгийн газарт суудлын төлөө талцах асуудал бугшсан үзэгдэл. Үүнийхээ төлөө талцан хагаралдаж, асуудлыг даамжируулдаг муу талтай. Тэгвэл Засгийн газар парламент дахь бүлгээрээ талцан хагаралдав.

МАН-ыг УИХ-ын сонгуульд сайн мөрийн хөтөлбөртэй орсныг улс төрийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг шигээ одоо цагт мөрийн хөтөлбөрөөсөө ухарч яг эсрэгээр нь ард түмнийхээ эсрэг ажиллаж байгааг ч шүүмжилж байгаа.

Харин энэ шүүмжлэл цор ганц сөрөг хүчин болон, олон нийтийн зүгээс гарсангүй МАН-ын дотоодод ч хүчтэй илэрч байгаа аж. Тодруулбал эрх баригчид Засгийн газар болон парламент дахь намын бүлгээрээ хоёр талцан хуваагдаж хэн хэндээ бууж өгөлгүй мэтгэлцэж байгаа аж. Өнгөрсөн пүрэв гаригт болсон МАН-ын бүлгийн хурал дээр ч энэ байдал хүчтэй ажиглагдсан аж.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүд тэдгээрийг дэмждэг парламентын гишүүд одоо явуулж байгаа бодлогоо ухралтгүй хамгаалж, ийм аргаар төсвийн алдагдлаа багасгаж 2017 онтой золгох хэрэгтэй. Ингэж л эцсийн эцэст ард түмнээс “очков” авч дампуурчихалгүй явна гэж байгаа бол эдийн засаг гадарладаг парламентын гишүүд болон намын дарга М.Энхболд, Т.Бадамжунай нарын “хотын фракц” бүх зүйлийг ярьж тохирсноороо шийдэлгүй өрмийг нь авч хусмыг нь үлдээсэнд гоморхож явдаг бусад фракцуудын гишүүд нийлж “Мэргэжлийн” гэгдэх Засгийн газрынхаа бодлогыг хүчтэй шүүмжилж байгаа аж. Ажил хүлээн авсан цагаасаа л “Мэргэжлийн Засгийн газар” байгуулах амлалтаасаа ухарч, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн.
Танхимын 13 сайдын олонх нь мэргэжлийн бус, сайдад нэр дэвшигч дөрвөн хүнээ буцааж татсан. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслөөр олон нийтийн хүлээлт бүхий хуулиудыг буцаасан хэрнээ намынхаа нэр хүндээр тоглоом хийж эргэж буцаж нэг хуулийг нь дахин өргөн барих болсон, одоо татвар нэмж олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэх нь хэмээн шүүмжилж байгаа аж.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хамтын тэтгэврийн талаар хийсэн тайлбар олныг ангайлгалаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хэлсэн үг олон хүнийг бухимдуулахад хүргэсэн. Учир нь тэрбээр хамтын тэтгэвэрийн хуулийг хүчингүй болгох талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн үгнээс үүдэлтэй энэ бухимдал үүссэн юм.

Чуулганы хуралдааны үеэр хэлэхдээ,

... "Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлбэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гэж байгаа юм. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү гүй юу” гэж бодоод, их муухай юм бодоод байгаа байхгүй юу. Тийм учраас Насны хишиг гэдэг тэтгэвэр олгоё гэж байгаа юм. Би урт наслах тусмаа төр засгаас тэтгэврээ авах юм шүү гэж бодох ёстой" гэлээ. Хамтын тэтгэврийн хуулийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Талийгч болсон хөгшнийхөө тэтгэврийг авна гэдэг сүсэг бишрэлтэй монголчуудын хувьд болохгүй асуудал” хэмээн хэлсэн “онигоо” намжиж амжаагүй байтал Ерөнхий сайд нь хүртэл дахиад нэг бүдэрчихлээ.

 

 

Нийгэм: Дээрмийн хэрэг буурахгүй байна. Эдийн засгийн хямралтай энэ үед иргэд банк дээрэмдээд мөнгөтэй болчихно гэж андуурч хэрэгтэн болж байгаа нь харамсалтай.

2016.08.22-ны өдрийн 10:00 цагийн орчим Дорноговь аймгийн Мандах суманд байрлах Хаан банкны тооцооны төвд зэвсэглэсэн этгээдүүд халдаж, дээрэм хийсэн байна.Тодруулбал Дорноговь аймгийн Мандал суманд байрлах “ХААН” банкны тооцооны төвд 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нүүрээ халхалсан, галт зэвсэг, хутгаар зэвсэглэсэн 2 этгээд халдаж бэлэн мөнгө, эд зүйл дээрэмдсэн хэргийг МБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна. Баг өмсөн зэвсэглэсэн этгээдүүд 23.2 сая төгрөгийг тус банкнаас дээрэмдэн зугтсан аж. Тэднийг баривчлах үед 10 гаруй сая төгрөг бэлнээр хурааж авсан байна.


Уг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд нь 1994 онд төрсөн эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, “Н”, “Г” нар байсан бөгөөд сэжигтэн “Н”-г 2016.08.23-ны өдөр Дархан-Уул аймгаас, сэжигтэн “Г”-г 2016.09.06-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Сэжигтэн “Г” нь урд нь Эрүүгийн хуулийн 145.2 заасан гэмт хэрэг үйлдэг Шүүхээр тэнсэн харгалзах ялтай байх хугацаандаа уг гэмт хэргийг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэсэн зүйл анги байдаг. Тодруулбал, 145.2.д “Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм.

Банк дээрэмдсэн этгээдүүд Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймаг болон Улаанбаатар хотод хулгай, дээрэм, танхайн таван хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 145, 147, 181-р зүйлд заасны дагуу хүндрүүлсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм.

Гэр бүлийн хүчирхийлэлд сүүлийн үед олон иргэд өртөх болсон. Үүний улмаас хүүхэд амь насаа алдаж, нийгмийг цочирдуулсан хэргүүд буурахгүй байсаар байгаа билээ. Албан бичиг шидэлцэж байхаар Гэр бүлийн хүчирхийллийн хуулиа батлаад өгөөч

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль уг нь энэ сарын нэгний өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх байв. Гэвч энэ хуулийн төслийг Засгийн газраас эргүүлэн татсан. Татсан учрыг Засгийн газраас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон дагалдах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд УИХ-д өргөн барьсан. УИХ уг төслийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд төсөл санаачлагчдад нь буцаахаар шийдвэрлэсэн юм. Иймд Засгийн газар төсөл санаачлагчтай нь зөвшилцсөний үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг дахин боловсруулж, төслийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж УИХ-д яаралтай өргөн барина” гэж тайлбарласан.

Харин Ерөнхийлөгч үүний хариуд ХОРИГ тавив. Тэрбээр үүнийгээ өчигдөр албан ёсоор УИХ-ын даргад мэдэгдсэн. Тодруулбал “Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр батлан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ёсчилж Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” 26 дугаар тогтоолыг хүлээн авч танилцлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Байнгын хороо, нам, эвслийн бүлэг хуулийн төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, УИХ-ын бусад шийдвэр гаргах шаардлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах...” тухай заасан. Харин эдгээр хуулиудын хувьд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу батлагдсанд тооцогдоно. Ийнхүү нэгэнт батлагдсан хуулиудыг Улсын Их Хурлын тогтоолоор буцаах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн, төрийн залгамж чанарыг алдагдуулсан буруу жишиг тогтоохоор байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гурав дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.6 дахь хэсгийг тус тус үндэслэн, уг тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.Хоригийг зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.”

Уг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2010 оноос хойш боловсруулж ирсэн. Хууль яригдаж эхэлснээс хойш буюу 2010 оноос хойш гэр бүлийн хүчирхийллээс үүдэн 92 хүн амь насаараа хохирч, 4102 хүн гэмтжээ. Энэ сарын 01-нээс хэрэгжиж эхлэх байсан хуулийг эргүүлэн татсанаар хохирогчдын тоо нэмэгдсээр байх эрсдэлтэй. Гэр бүлийн хүчирхийлэл 6 жилийн хугацаанд 92 хүний аминд хүрсэн ч гэмт хэрэгт тооцдоггүй. Харин 9-р сарын нэгнээс хэрэгжих хуулиар гэмт хэрэгт тооцогдох ёстой байв. Хүчирхийлэгч 3-7 жилийн ялтай байхаар заасан. Гэтэл одоогийн хуулиар хүчирхийлэлд захиргааны хариуцлага тооцохоос өөр боломжгүй байсан юм.

Бодит байдал дээр хүчирхийлэлд өртөгч 72 цагийн турш хамгаалах байранд амьдарсны дараа эргээд хүчирхийлэгчтэй хамт амьдрахаар явдаг. Ингээд хүчирхийллийн хар тойрог дахин үргэлжилнэ. Эцэст нь нэгнээ хөнөөсний дараа гэмт хэрэгт тооцдог. Өдөр тутамд хүчирхийлэгчдийг хамгаалахын төлөө ажилладаг хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хуруу даран хүлээж байсан. Учир нь хуулийн хүрээнд хүчирхийллийг зогсоох боломж байхгүй.

Энэ оны эхний 7 сарын хугацаанд 7 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан. Өөрөөр хэлбэл 1 сард 1 хүн хүчирхийлэлд өртөж нас баржээ. Хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд 7 хуулинд зохицуулалт хийж өгсөн. Эдгээр хуулиудыг яаралтай баталж гэмээнэ маргааш хохирох эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалах учиртай. Уг нь хэдэн бие рүүгээ ингэж бичиг цаас шидэлж байхынхаа оронд хичнээн хүнийг хамгаалж болохоо бодмоор...

 

Эдийн засаг: Хоёр хувиа эргүүлэн авах нэрээр сугалаанд дөнгөлүүлмээргүй байна

НӨАТ-ын шинэчлэн баталсан хуулийг 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж байгаа билээ. Өмнөх засгийн газар аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн нуун дарагдуулсанаа ил болгох хамгийн сонгодог арга хэмээн онцолсон. Энэ талаасаа зөв ч гэлээ нөгөө талаасаа гажуудал, эрсдэл дагуулж байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралтай үед "Сугалаа" нэрээр иргэдийн халаасаас хумслахаа зогсоох хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар Супер азтан тодроогүй байгаа юм. Хоёр хүний нэр хүндэд халдаж сэтгэл санааны гүн шоконд оруулаад авсан супер азтандаа мөнгөө өгөөгүй. Харин ч эсрэгээрээ гэмт хэрэгтэн мэтээр олонд зарлаад таг чиг болсон. Одоог хүртэл супер азтан нь тодроогүй энэхүү сугалааг олон иргэд "муу" дүн тавьж байгаа. Учир нь энэхүү үйл ажиллагааг эхэлсэн цагаас авахуулаад баримтаа бүртгүүлж яваа ч ганц ч удаа 20 мянган төгрөг хожиж үзээгүй олон хүн байна. Гэтэл нэг иргэд 37 удаа азтан болсон байгаа нь гайхалтай бас хачирхалтай. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн иргэд худалдан авалтын бар кодтой тасалбараа сүлжээ дэлгүүр болон шатахуун түгээх станцуудаас нэхэж байж авдаг. Зарим нь бүүр баримт өгөхгүй байгаа хэмээн өөдөөс уурлана ганц цаасны төлөө үхэн хатан явах завгүй улс авалгүй үлдээдэг. Харин тэд өөрсдөө бүртгүүлээд азтан болдог талаар албаны хүн хэлсэн удаатай. Дэлгүүрийн худалдагч, шатахуун түгээгч нар хамгийн ихээр азтан болдог гэнэ. Тэгэхээр тэд сугалаатай баримт хэвлэхгүй боломжгүй эсвэл албаар өгөхгүй мартуулах зэрэг аргыг хэрэглэж ийнхүү азтан болж буй нь нөгөө талдаа байж боломжгүй ёс зүйгүй асуудал.

Анх долоо хоног бүр азтанаа тодруулдаг байсан бол одоо сард ганц удаа тохиролоо явуулдаг болсон. Сугалаагаар хүмүүс мөнгө хожсон гээд байхаар хэн ч бүртгүүлэхгүй байхгүй нь ойлгомжтой. Жирийн дэлгүүрээс худалдан авалт хийхэд НӨАТ нэмэгдээгүй үнээр талх, гурилаа авдаг. Тэгвэл энэхүү сугалаанаас болж иргэд заавал НӨАТ шингэсэн үнээр бараа, бүтээгдэхүүнээ худалдан авч байна. Ингэснээрээ илүү үнээр талх, гурилаа авч байгаа гэдгийг одоо иргэд ойлгох цаг нь болсон. Сугалаа гэж иргэдийг халааснаас хумслахаа зогсоох хэрэгтэй болов уу. 53 мянга гаруй иргэн 2.2 тэрбум төгрөгийг сугалааны хонжвор хэлбэрээр авсан аж. Харин тэдгээрийн дансанд мөнгө нь орсон эсэх нь тун эргэлзээтэй. Зарим иргэд "мөнгө хожсон" хэрнээ дансандаа орж ирэхгүй байгааг хэлэхээр "мэдээллээ сайн шалга. Дансаа буруу бүртгүүлсэн бол орохгүй" гэх хариултыг өгдөг. Гэтэл тухайн азтан болсон иргэн хэдэнтээ дансаа шалгаад хожсон мөнгө нь ороогүй байдаг гэсэн гомдолууд тасардаггүй. Хоёр хувиа эргүүлэн авах нэрээр сугалаанд дөнгөлүүлмээргүй байна.

Спорт: XV паралимпийн наадмаас Б.Ууганхүү хүрэл медалийн эзэн болж Монголчуудаа омогшууллаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам энэ өдрүүдэд болж байгаа билээ. Харааны бэрхшээлтэй иргэдийн жүдо бөхийн төрөлд Монголын хоёр тамирчин өрсөлдсөнөөс Б.Ууганхүү хүрэл медаль хүртлээ. Харааны бэрхшээлтэй жүдочдыг В1, B2, B3 гэж ангилан барилдуулдаг бөгөөд манай тамирчид хамгийн сайн хараатай буюу В3 ангилалд багтаж байгаа юм. В1-д хараагүй, В2-т дунд зэргийн хараатай тамирчид барилддаг.

Эрэгтэй 60 кг-ын жинд нийт 12 тамирчин багтсан. Б.Ууганхүүгийн ялалтын торгон агшинг барилдаанаас үзэх боломжтой.

 

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа