Цагаан сараар шинийн нэгний өглөө хайрт аав, ээж дээрээ биш төрийн гурван өндөрлөгийг дагаж явж мэдээлэл бэлтгэдэг нь сэтгүүлчид. Өөрөөр хэлбэл сэтгүүлчид баяр ёслол, бүх нийтийн амралтын өдөр амрахгүй ажилладаг оюуны хөдөлмөр эрхлэгчид байдаг.

Ажлын ачааллаас болж зарим үед сэтгүүлчид хоногийн 24 цаг ажилладаг бөгөөд үүнийхээ төлөө бусад шиг илүү цагийн мөнгө авдаггүй. Сэтгүүлчид өөрсдийнхөө төлөө бус эмч, багш, цагдаа нарын цалинг нэмүүлэхийн төлөө ажилладаг, дуугардаг. Ачааллын хувьд сэтгүүлчдийн ажлын ачаалал тэднээс ялгаагүй. Уг нь сэтгүүлч ч гэсэн бусадтай л адилхан амьдрах гэж хэрэндээ хичээж яваа улс. Гэтэл энэ их өрсөлдөөн дунд сард ердөө 500 000 хүрэхгүйгээр цалинжина. Хэн нэгэн өндөр албан тушаалтан эсвэл намын харъяа бол цалин, халамж, хангамж “овоо”. Овоо гэдэгт нь асар цөөн сэтгүүлч хамаардаг. Харин ихэнх сэтгүүлч цалин багатай, ачаалал ихтэй, дарамтан дунд ажиллаж байгаа нь үнэн.

Сэтгүүлчид ажил үүргээ гүйцэтгэхэд тулгарч буй гол хүндрэл, бэрхшээлийг нь:

  • Цалин бага
  • Улс төрөөс ангид бус, улс төр, санхүүгийн хараат байдал
  • Редакцийг санхүүжүүлдэг дарамт, цензурь
  • Хагас хэвлэлийн эрх чөлөөтэй, сэтгүүлчдийг баривчилдаг, шоронд хорьдог
  • Эх сурвалжтай материал, нийтлэлийн араас дарамт, шахалт ирдэг
  • Мэдээлэл авах эрх хязгаарлагдмал
  • Сэтгүүлчдийг сургах сургалт муу, боловсон хүчин хангалтгүй
  • Сэтгүүлчийн мэдлэг дутмаг, мэргэшээгүй
  • Сэтгүүлчдийг дэмжиж урамшуулах зэрэг нийгмийн асуудалд анхаардаггүй
  • Мөн сэтгүүлчийн ёс зүй муу, худалдагддаг

Сэтгүүл зүй төр засгаас хараат бус болж, эрх чөлөөтэй, ардчилсан, ил тод болох цаг хэзээ вэ? Сүүлийн үед сэтгүүлчид дээрхи хэд хэдэн шалтгаанаас үүдэн ололт амжилт, үнэнч, шударга ажиллахаас ухарсан алхам болж байна.

Өнөөдөр Монголын сэтгүүл зүйд ёс зүйтэй, чадварлаг сэтгүүлч тун цөөн байгаа. Өнөөдөр хүн бүр цахим орчинд “сэтгүүлч” хийж энэ мэргэжлийн нэр хүндийг улам унагаж байгаа нь нууц биш. Сайн дурын уран сайханчдаас болж сэтгүүлчдийн нэр хүнд унаж байхад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ямар нэгэн мэдэгдэл хийхгүй дуугүй л байгаа.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд аль нэг улс төрчийн харъяалалд орсноор санхүүгийн хараат байдал тогтож, сэтгүүлчид худалдагдах, мэргэжлийн ёс зүйгээ үл хайхрах байдалд орж байна. Цалин хөдөлмөрийн хөлс бага, үүнтэй нягт холбоотой нийгмийн асуудалд анхаардаггүй зэрэг нь сэтгүүлчдийн санааг зовоосон асуудал байсаар байна.

Манай улс гурван сая хүн амтай харин хэвлэл мэдээллийн байгууллага үнэхээр ихэдсэн. Үүнийг шигшиж, шүүх цаг хэдийнээ болсон. Мөн мэдээллийг тэнцвэртэй хүргэх тал дээр ажилладаггүй. Хэвлэлийн бага хуралд “баасан дээр сууж байгаа ялаа” адил очно. Өнөөдрийн шударга бус нийгэмд хэн нь ч хэвлэлийн бага хурал хийж болдог болсон цаг. Хэдийг хүртэл хэвлэлийн бага хуралд сууж бэлэн хоол идсээр байх вэ? Сэтгүүлчдын мэдлэг, чадвар болон хараат бус байдлыг дээшлүүлэх өөр арга системд оруулах нь зүйтэй байна. Нөгөө талаас номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан сэтгүүлчдээ урамшуулаад ажлын нөхцөл байдлыг харгалзан үзмээр байна. Уг нь манай улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүн болж найман жилийг үдлээ. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй, мэргэжилээрээ ажиллаад үзсэн хүн мөн дугарахаараа дуусдаггүй, зогсдоггүй харин үүнийгээ сэтгүүл зүйн салбарт дугараад өгмөөр юм. Мэдээж сэтгүүлчээр ажиллаж байсан хүн зах зухаас нь гээд ер нь мэднэ дээ.

М.Буянжаргал