Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан энэ хичээлийн жилд шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэнэ. Тодруулбал, тэдний сургалтын арга барил, үнэлгээний тогтолцоонд олон өөрчлөлт оруулжээ.

Цөм хөтөлбөрийн хүрээнд хамгийн их өөрчлөлт оруулсан нь X ангийнхан юм. X ангийн хичээлийн хөтөлбөрийг заавал судлах, заавал сонгох, сонгон гүнзгийрүүлж судлах гэж гурав хуваажээ. Заавал судлах хэсэгт найман хичээл оруулсан бөгөөд 21 кредит цуглуулна. Харин заавал сонгох хичээл зургаан багц, 14 судлагдахуунтай бөгөөд 10 кредит. Сонгон гүнзгийрүүлж судлах нь мөн зургаан багц, 18 судлагдахуун хичээл багтсан ба сурагчид дөрвийг нь сонгож суралцах аж. Ийнхүү ахлах ангийн сурагчид заавал судлах хичээлээр улсын шалгалтаа өгч, заавал сонгон судлахаар батламж авч, сонгон гүнзгийрүүлэх хичээлээр хоёр шатны шалгалт өгөх юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн X ангийн сурагч 35, XI 36, XII нь 34 кредит оноог нэг жилийн турш цуглуулсан байх шаардлагатай болжээ. Энэ талаар тодорхой мэдээлэл авахаар БСШУСЯны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгч А.Цолмонтой уулзав.

 

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЯВЦАД СУДАЛГАА ХИЙЖ БАЙГАА

 

Тэрбээр “Сайдын тушаалын дагуу ахлах ангид хэрэгжүүлэх сургалтын цөм хөтөлбөрийн талаар дахин судалгаа явуулж байна. Аймаг, дүүрэг бүрийн Боловсрол, соёлын газрын дарга болон ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад үүрэг өгсөн. Үүний дагуу салбар газрууд ажиллаж байна. Тэд эцсийн үр дүнгээ ирэх сарын 1 гэхэд Боловсролын хүрээлэнд ирүүлэх ёстой. Улмаар яамны зүгээс ахлах ангийнхны хичээлийг цаашид ямар арга барилаар үргэлжлүүлэхээ тодорхойлох юм. Ахлах ангийн сургалтын төлөвлөгөөнд оруулсан Б.1 буюу сонгон судлах хичээлийн хувьд одоогоор хөтөлбөр байхгүй учраас хоёрдугаар улирлаас эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин Б.2 буюу сонгон гүнзгийрүүлж судлах багцыг Монголд анх удаа хэрэгжүүлж байна. Өмнө нь сургууль зохицуулах цаг гэж байдаг байсан. Жишээлбэл, математикийн хичээл сонгосон хүүхдэд энгийн стандартаас гадна тухайн сургуулийнх нь багш өөрөө нэмэлт хөтөлбөр боловсруулаад заадаг. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд харилцан адилгүй хөтөлбөртэй байдаг байлаа. Харин шинэ хөтөлбөрийн хүрээнд бүгд ижил хэмжээнд гүнзгийрүүлсэн сургалтаар сурах боллоо. Нэг ёсондоо гүнзгий анги гэсэн нэртэй боловч бусад сургуулийнхаа хүүхдийн төвшинг гүйцдэггүй байсан бол одоо адил төвшинд очиж байна гэсэн үг. Олон орны ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг нэлээд судалсан. Түүнд үндэслээд ерөнхий боловсролын сургуулийнхныг дараа шатны буюу их дээд сургуульд ороход нь дэмжлэг болох үүднээс хичээлийн цагийг кредит оноогоор тооцож, сургалтын төлөвлөгөөг өөрчилж байгаа юм” гэлээ. Ерөнхий боловсролын сургуулиуд уг хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 21, 84 дүгээр сургуульд очсон юм. 84 дүгээр сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер буюу сургалтын албаны дарга Ё.Лхагвацэрэнтэй уулзлаа.

 

ХҮҮХЭД, БҮЛГИЙН ТООГ ХЯЗГААРЛАСАН НЬ ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛЖЭЭ

 

84 дүгээр сургуулийн ахлах анги хариуцсан сургалтын менежер буюу сургалтын албаны дарга Ё.Лхагвацэрэн:

 

-Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхны дунд хичээл сонголтын үйл ажиллагааг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж байна. Манай сургуулийн хувьд энэ сарын 1, 2-нд X, XI, XII ангийн 650 хүүхдэд, 5-7-нд тэдний эцэг, эхчүүдэд нь хичээл сонголтоо хэрхэн яаж хийх талаар сургалт зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийнхан өнгөрсөн зургаадугаар сард баталсан хөтөлбөрийн дагуу хичээл сонголт хийж байна. Хичээл сонголтын ажлыг хийх явцад хүндрэлтэй асуудал нэлээд тулгарлаа. Тухайлбал, XII ангийнхны хичээл сонголтод орос хэл, газарзүй, техник технологи, бизнес судлалын хичээл дээр сонголт гарч ирэхгүй байгаа юм. Түүнчлэн цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх журамд нэг бүлэгт суух хүүхдийн тоог 20-оос дээш гээд заачихсан. Тиймээс хүүхэд чөлөөт сонголт хийхэд асуудалтай байна. Хүүхдийн тоо, бүлгийн тоог хязгаарласан нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна” хэмээн ярилаа. Менежерийн өрөөнөөс гарч явах үед тус сургуулийн их завсарлагааны цаг таарсан юм. Энэ үеэр X ангийн сурагч Д.Алтаншагайн сэтгэгдлийг сонсоход тэрбээр “Мэргэжлийнхээ дагуу хичээлээ сонгоод тэр хичээлээ голлоод сурна гэхээр надад таалагдаж байгаа. Миний хувьд хичээл сонголтоо хийчихсэн. Физик, англи хэл, монгол хэлийг сонгосон. Ирээдүйд инженер болно. Хичээлийн цагийг кредитээр тооцож байгаа талаар мэдээлэлгүй байна. Сайн ойлгохгүй байгаа. Кредитээ цуглуулж чадахгүй бол шууд улирна гэж байна лээ. Гэхдээ анхнаасаа бидэнд ойлгомжтой тайлбарлачихвал бүх кредитээ гүйцэд судалж чадна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Тэндээс гараад 21 дүгээр сургуульд очив.

 

ШИНЭ ХӨТӨЛБӨРИЙГ УЯН ХАТАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

 

21 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Цэрэндорж:

 

-“Манай сургууль ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид хэрэгжүүлэх цөм хөтөлбөрийг эхлүүлсэн байна. X ангийн хоёр бүлгийн 50 хүүхэдтэй. Заавал сонгож судлах хичээлийн сонголтыг хүүхдүүдээр хийлгэсэн. Гэхдээ зарим хичээлд хүүхдийн тоо хүрэхгүй байна. Математикийг 10, мэдээлэл зүйг таван хүүхэд сонгох жишээтэй байна. Энэ байдлыг хүүхдүүдийн сонголтыг хязгаарлах маягаар зохицуулсан. Учир нь, нэг хичээлийг 20-оос дээш хүүхэд сонговол сургалтыг явуулах эрх үүснэ. Заавал сонгох хичээлийг хоёрдугаар улирлаас эхлүүлэх яамны шийдвэр гарсан. Гэтэл тус багцад байгаа хичээлийг хоёрдугаар улирлаас заавал багш нар бүтэн нэг улирал ажилгүй байна гэсэн үг. Тиймээс энэ сарын 1-нээс хичээлээ ороод, цаашид үргэлжлүүлээд явахаар шийдсэн. Энэ жилийн хувьд үнэхээр туршилт маягийн л юм болж байна. Ерөнхийдөө энэ хөтөлбөрийг цаашид хэвийн үргэлжлүүлэхийн тулд сонгон судлах хичээлийн бүлгийн тоог нэмж, нэг бүлэгт байх хүүхдийн тоог ядаж 15 болгомоор байна. Уг хөтөлбөрийг дэмжиж байгаа. Гэхдээ эхний жилүүдэд уян хатан байдлаар хандах хэрэгтэй. Яг одоо бол энэ өөрчлөлтийг хүчилж, механикаар л хийж байна даа” гэсэн юм. Тус сургуулийн ахлах ангийнхан хичээл сонголтоо хийж дууссан бөгөөд X ангийнхны хувьд кредит оноогоо цуглуулах явцыг төдийлөн сайн ойлгоогүй гэдгээ хэлж байлаа.

 

Ц.Заяа