Б.БАРС

Түүх дурьдвал, Чингис хааны ач, Тулуй болон Сорхугтанийн хүү болон 1260 онд төрсөн Хубилай Монголын эзэнт гүрний нийслэлийг Хархорумаас Дайду буюу одоогийн Бээжинд шилжүүлэн эзэнт гүрнээ байгуулсан гэдэг. Хубилайгаас хойш Монголын эзэнт гүрэн дөрөв хуваагдаж, Алтан орд, Ил хааны улс, Цагаадайн улс болон Юань улс хэмээн тус тусдаа оршин тогтнох болсон аж.

Хубилайн хаан суусан Юань гүрэн Хятадыг нэгтгэсэн төдийгүй Солонгос гэх мэт Азийн улс орнуудыг өөртөө нэгтгэсэн байдаг. Иймээс ч Хятад үндэсний валютаа юань, Япон йен, Өмнөд Солонгос вон гэж нэрийджээ. Угтаа бүгд юань гэсэн үгнээс үүдэлтэй, дугуй төгрөг мөнгө гэсэн утгатай.

Тэгвэл шинэ зуун гараад манай урд их хөршийн мөнгөн тэмдэгт юань дэлхийд дэндүү томорчээ. ОУВС БНХАУ-ын тусгаар тогтнолын баяр буюу өнгөрсөн аравдугаар сарын 1-нд манай урд их хөршийн мөнгөн тэмдэгт юанийг АНУ-ын доллар, Европын холбооны евро, Английн паунд стерлинг, Японы йенийн хамт дэлхийн нөөц валют гэж зарлалаа

Дэлхийн нөөц валют гэж угтаа валютын нөөц болгон дэлхийн улс орнуудын төв банкуудын хуримтлуулдаг, олон улсын тооцоогоо хийдэг, олон улсын худалдаанд голчлон хэрэглэдэг валютыг хэлдэг байна.

Манай улс бусад улсын адил хуримтлал болон олон улсын худалдаандаа дээр дурьдсан дэлхийн нөөц валютуудыг ашигласаар өнөөг хүрсэн нь мэдээж.

Гэтэл гэнэт дэлхийн нөөц валютын хувьд бид их урд хөршийнхөө, Хубилай хааны маань анх санаачилсан валютыг хэрэглэх болчихлоо. Гэхдээ юань өнөөг хүртэл бүрэн хувирдаггүй валют гэдгийг санах хэрэгтэй.

Яг одоогоор ОУВС-ийн бүрдүүлэгч валютын 41.73 хувийг АНУ доллар, 30.93 хувийг Европын холбооны евро агуулж байсан бөгөөд БНХАУ-ын юань 10.92 хувьтайгаар шууд дэлхийн гуравдагч нөөц валют болон орж иржээ. Тэгвэл дэлхийн нөөц валютын хувьд Японы йен 8.33, Английн паунд стерлинг 8.09 хувийг тус тус эзлэх болсон байна.

Дэлхийд уг нь анх Английн паунд стерлинг л нөөц валютын үүрэг гүйцэтгэж байсан түүхтэй. Харин дэлхийн II дайны үеэр тамирдсан Англи энэ үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрснээр 1944 онд Бреттон-Вудсийн хуралдаанаар олон улсын худалдааны тооцоонд паунд стерлингийн сацуу ам.долларыг хэрэглэхээр тохиролцжээ. Удалгүй ам.доллар олон улсын худалдааны тооцоонд тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болсон аж.

Харин 1976 оны нэгдүгээр сарын 6-нд Ямайкийн хуралдаанаар дэлхийн тэргүүлэгч улс орнууд “Ямайкийн” хэмээх валютын тогтолцоог үүсгэн байгуулжээ. Тэрхүү тогтолцоогоор анх удаа улс орнуудын валютын чөлөөтэй хөрөвдөг ханшийг хүлээн зөвшөөрөөд зогсолгүй Английн паунд стерлинг, АНУ-ын доллараас гадна дэлхийн нөөц валютад ХБНГУ-ын марк, Японы йенийг тооцох болсон аж.

БНХАУ-ын юань дэлхийн нөөц валют болсон нь тус улсын хувьд дэлхийн эдийн засагт нөлөөгөө нэмэгдүүлэх том алхам болсон нь мэдээж. Юань дэлхийн тав дахь нөөц валют болсноор БНХАУ-ын дэлхий дахь эдийн засгийн нөлөө үлэмж нэмэгдэн бусад нөөц валютын “дарамт” багасах нь тодорхой.

ХБНГУ-ын Хамбургийн дэлхийн эдийн засгийн их сургуулийн захирал Х.Фоппеллийн хэлснээр,” Дэлхийн хоёр дахь нөөц валют болсон еврогийн эрэлт хэрэгцээ багасна. Тэгснээр ханш нь буурч Европын экспортын өрсөлдөх чадвар дээшилнэ” гэжээ.

Харин Монголын хувьд юанийн энэхүү “түрэмгийлэл” хоёрдмол ач холбогдолтой. Нэгд, юанийн ханш дэлхийн бусад үндсэн валюттай харьцуулахад чангарах төлөвтэй. Тэгвэл голдуу Хятадаас ихэнхи бараагаа оруулж ирдэг манай улсын хувьд хэрэглээний үндсэн барааны үнэ өснө. Инфляц гаарна.

Нөгөөтэйгүүр, Хятад руу гаргах барааны хэмжээ, нэгж үнэ нь нэмэгдэнэ. Тэр нь голдуу түүхий эд. Тавантолгойн коксжих нүүрс гэх мэт…

Юань чангарснаар манай эдийн засагт Хятадын нөлөө нэмэгдэх нь ч гарцаагүй. Дор хаяж л Хятадын “Эксим” банк ороод ирэхэд манай үндэсний банкуудын оршин тогтнох асуудал хүндэрнэ.

Юутай ч Монгол байтугай дэлхий даяар юанийн “түрэмгийлэл” эхэллээ. Үр дүн, уршиг нь ямар байхыг орчин цагийн “Нострадамус”-ууд ч хэлж чадахгүй байх шиг…