Хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр гуя нь хөх няц болсон нэгэн эмэгтэйн зураг шуугиан тарилаа. Түргэний эмч машинд төрүүлэхгүй гэсэндээ гуяыг нь хөх няц болтол базаж чимхлээ гэсэн тайлбартайгаар. Уг зураг сошиалд тавигдсан даруйдаа бөөн шуугиан дэгдээв.

Мэдээж нөгөө эмчийг газар доогуур ортол, аль байдаг мэддэг бүх л хараалын үгсээр “шүршиж” өгчээ. Өвдөж зовох цагтаа “эмч ээ, эмч ээ” гэж гүйдэг хэрнээ үнэн худал нь эс мэдэгдэх зүгээр нэгэн зурагнаас болж эмч нарыг тэгтлээ их хараах нь ямар муухай бөгөөд гунигтай байв аа. Олон нийтийн сүлжээгээр тарж байгаа мэдээлэл бүхнийг “Энэ бол яг үнэн” гэж шууд хүлээж авдгаас болж нийгэмд хэн нэгнийг харлуулах нь тун амархан болж. Бизнесийн өрсөлдөгч, улстөрч, эмч, багш гээд хэнийг л бол хэнийг ёстой л юу ч үгүй “алж” болох газар сошиал сүлжээ болж хувираад байна. Мэдээж бүх зүйл нь хий хоосон худлаа гэж байгаа юм биш. Харамсалтай нь лав тал хувь нь худлаа хоосон мэдээлэл. Монголчууд эртнээсээ ам дамжсан, цуу маягийн ярианд итгэдэг хандлага нь одоо болтол хэвээр шахуу. Тэр маягаараа үнэн худал нь батлагдаагүй зүйлд ач холбогдол өгч бусдыгаа аль болох доош нь хийчих санаатай.

Анзаараад байхад болж л өгвөл бусдынхаа мууд дурлаад, маруухан явж байвал баярлачих гээд байдаг өөдгүй сэтгэлгээтэй. Энэ хөгийн сэтгэлгээнээсээ болж монголчууд хөгждөггүй шүү дээ гэж учир мэдэх хүмүүс ярих л юм билээ. Дээр дурдсан жирэмсэн эмэгтэйг үнэхээр тэгтэл базсан бол тухайн эмч хариуцлагаа хүлээх л биз. Монголчууд минь ээ. Хэн нэгнийг харааж гутааж, дорожлохоосоо өмнө эхлээд бага ч болов тунгааж бодож баймаар л байна даа. Аль ч асуудалд, ямар ч зүйлд хэдий болтол сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаад байх вэ. Жаахан ч гэлээ ул суурьтай байцгаах хэрэгтэй байна. Бас олон нийтийн сүлжээ хэн нэгнийг “байхгүй болгодог” талбар биш шүү дээ.

Б.Баатар