Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх секторын эрхлэгч Ж.ЦОГТТОЙ ярилцлаа.

 

-Сүүлийн 100 жилд болоогүй хүйтэн өвөл болно хэмээн олон улсын цаг уурчид анхааруулж байна. Манай улсад энэ нь нөлөөлөх үү. Шинжилгээ судалгаа хийсэн үү?

 

-Ойрын 100 жилд болоогүй хүйтрэл Баруун Европын нутагт болно гэдгийг ОХУ­ын цаг уурын газрын дарга саяхан мэдээлсэн. Гэхдээ энэ хүйтрэл арваннэг, арванхоёр биш нэг, хоёрдугаар сард болно гэсэн байсан. Үүнийг манайхан буруу ойлгожээ. Монголын цаг уурын байгууллага тусдаа урьдчилсан мэдээгээ гаргадаг шүү дээ. Манай улс цаг агаарыг тусгай багажаар хэмждэг болоод 90 гаруй жил болж байна. Тэгэхээр өнгөрсөн 100 жилийн өмнө хэр хэмжээний хүйтэн өвөл болсныг мэдэх боломжгүй. “Европт хүчтэй ханиалгахад маргааш нь Монгол ханиад хүрдэг” гэдэг шиг туйлширч байна. Харин бидний судалгаагаар өнгөрсөн жилийн нэгдүгээр сард олон жилийн дунджаас үнэмлэхүй их хүйтэн байсан. Ирэх арванхоёр, нэгдүгээр сард олонжилийн дундажтай харьцуулахад харьцангуй хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа.

 

-Олон жилийн дунджаар манай улсад хамгийн хүйтэн өвөл хэдэн хэм хүрч байсан юм бол? ­

 

-Хамгийн хүйтэн өвөл болж байсан газар бол Увс аймгийн Зүүнговь сум. Тэнд хасах 56 хэм хүрч байлаа. Мөн Завхан аймгийн хойд хэсгээр маш их цас унадаг учраас өвлийн сард нэлээд хүйтэрдэг. Түүнчлэн Хөвсгөл далай, Сэлэнгийн гол орчимд жил бүр хасах 40 хэм хүрч хүйтэрдэг.

 

-Энэ өвлийг их урт болох талаар ярьж байна. Ийм төлөв ажиглагдах юм уу?

 

-Энэ жилийн өвлийн сар дөрөв юм билээ. Аравдугаар сарын 31­нд өвлийн эхэн сарын шинийн нэгэн тохиосон. Монголчууд хоёрдугаар сарын 20­д гаргаж Цагаан сараа хийх юм байна лээ. Ингээд тооцохоор өвлийн улирал нэг сараар уртасч байгаа.

 

-Өвлийн сар гараад удаагүй энэ үед орон нутагт цас хэр унаад байна вэ?

 

-Өнөөдрийн байдлаар өвлийн сар гараад 10 гаруйхан хонож байхад Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Төв аймгийн зарим газарт 30 см зузаан цас унажээ. Ийм байдлаар цас ойр ойрхон орж, эргээд дулаарч байгаа үзэгдэл нь зуд болохыг үгүйсгэхгүй байна. Учир нь, цас хайлж хөрсөнд шингээд мөс болж зузаарвал малын өвөлжилтөд сөргөөр нөлөөлдөг. Маш зузаан хөлдсөн мөсийг мал хэчнээн ухаад ч доороос нь өвс гаргаж идэж чадахгүй. Бэлчээрээс өвс тэжээлээ олж иддэг мал хүнд нөхцөлд орчихвол малчдын бэлдсэн хадлан нь дорхноо дуусна. Тиймээс өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй.

 

-Дээрх аймгуудад зуд болж болзошгүй гэсэн үг үү? ­

 

-Зуд болох үгүйг цаг уурын байгууллагаас хэлдэггүй. Тодорхой хэмжээний нөхцөл бүрдсэний дараа зуд болсныг сүүлд нь мэдэж, тодорхойлдог. Нэг удаагийн аюултай үзэгдэл тохиохыг зуд гэхгүй. Нэг сар түүнээс дээш хугацаанд болсон таагүй үйл явцыг зуд гэнэ. Мөсөн, цагаан, хар гээд олон төрлийн зуд бий. Бүр хариуцлагагүйн зуд ч гэж байдаг. Ямар ч бэлтгэл хангаагүйн улмаас мал үй олноор үхэж, үрэгдэхийг хариуцлагагүйн зуд гэдэг. Ер нь зуд болохын угтвар, угшил нь ган байдаг. Манай улсад энэ жил шиг өвс, ногоо, цагаан идээ элбэг дэлбэг зун тэр бүр тохиож байгаагүй. Харин зүүн аймгуудын хувьд гандуу, өвс тэжээл багатай байсан. Ялангуяа Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт одоогоор цас нэлээд орчихсон учраас ирэх саруудад хүйтрэхээр хүмүүсийн яриад байгаа зуд болохыг үгүйсгэхгүй.

 

-Олон жилийн өмнөх мичин жилийн зуднаар үхрийн эвэр хөлдөж, хугарч унаж байсан гэдэг?

 

-Гурван есөд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө гэдэг. Гэхдээ цаг уурт ийм ойлголт байдаггүй юм. Мичин жилд зуд болно. Үхрийн эвэр хөлдтөл хүйтэрнэ гэдгийг хэн ч, хэзээ ч хэлэх боломжгүй. Хэрвээ их хүйтэн болох нөхцөл бүрдсэн тохиолдолд цаг уурын байгууллагаас урьдчилан мэдээлнэ. Ерөнхийдөө Увс, Завхан, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт жил бүр их цас орж хүйтэрдэг учраас мал, хүн нь цаг агаартаа дасан зохицсон байдаг.

 

-Энэ жил Хятадад бас хүйтэн өвөл болох төлөвтэй байгаа юм билээ. Хөрш улсын хувьд Монголд нөлөөлөх үү? ­

 

-Зүүн Хойд Азийн хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөвийг хэлэлцэх хурлыг өнгөрсөн өдрүүдэд манайх зохион байгуулсан. Монгол, Япон, Солонгос, Хятадын цаг уурчдын хамтарсан уг хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жил манай талаас амжилттай зохион байгуулсан. Уг хурлаар Хятадад арванхоёр, нэгдүгээр сард ялангуяа манайхтай залгаа нутгуудаар нэлээд хүйтэн байхыг цаг уур судлаачид хэлж байсан. Энэ нь манай мэдээтэй давхцаж байгаа юм. Тиймээс өвлийн саруудад олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ гэсэн ойлголтоор өвөлжилтийнхөө бэлтгэлийг сайн хийх хэрэгтэй. Олны ам ортой гэдэг.

 

-Иргэд цаг агаарын мэдээг амьдрал ахуйдаа хэр ашигладаг юм бол?

 

-Зах зээлийн үед цаг агаарын мэдээнээс болж их хохирол амсдаг талаар ярьдаг байсан. Одоо бол хүмүүс цаг агаарын мэдээг их хардаг болсон. Хөдөө орон нутаг руу явахдаа урьдчилаад хэд хоногийн цаг агаарын мэдээгээ хардаг болсон. Тэгэхээр хэрэглээ өсч байна гэж ойлгож байгаа.

 

Ц.Заяа

 

- See more at: http://www.unen.mn/content/68486.shtml?alias=unen#sthash.fsOo8WPS.dpuf