Одоо ч, өмнө ч, хойшдоо ч Солонгос, Япон, Америк, Австрали гээд орнуудад эрүүл мэнд, цаг зав, амьдралаа золионд тавин өөрийн гэсэн орон сууцтай болохоор зүтгэж, хөдөлмөрлөж, залуу насаа үдэж байгаа хүмүүс олон байна.

Үүнээс болоод гэр бүл салалт их бий болж нийгэмд олон сөрөг үр дагавар дагуулсаар байгааг бид харж, сонсож, хэлэлцэж байгаа хэдий ч хэд хэдэн гол асуудал саад бэрхшээл болсоор байна. Үүний нэг жишээ буюу хамгийн их ачаа үүрүүлж, ард иргэдийг хүү, алданги хэрээс хэтэрсэн аргагүй эрхэнд хүүгээс хүүгийн хооронд амьдруулах банкны системд зөв оновчтой бодлого үгүйлэгдсээр байна.

 

Ипотекийн зээл: Япон улс Токиогийн метронд жилийн 0,5%-ын хүүтэй 10 жилийн ипотекийн зээл рекламдсаныг та бүхэн харж байна. Зах зээлийн үнэ нь 50 сая төгрөгийн байрыг бид 100 сая төгрөгөөр арилжааны банкуудад хүүлүүлэн худалдан авч байна.

Өөртөө зарцуулах мөнгө үлдээлгүй, үр хүүхэд, хань ижил, өвгөд хөгшиддөө илүүчлэх зүйлгүй болтлоо банкинд зээл төлнө. Нэг л их ажил хийдэг нэртэй ч аятайхан газар амарчихаж чаддаггүй, дуртай хоол хүнс, хувцасаа ч хэрэглэж чаддаггүй энэ л нийгэмд, хүндхэн улс оронд амьдарсаар...

Тэд иргэдийг зээл авахгүй хаачдаг юм гэсэн шиг л жилийн 21-27%-ийн бизнесийн зээл, 8 хувийн ипотекийн зээл санал болгож суудаг банкны эзэдэд хариуцлага тооцдоггүй юмаа гэхэд өөр бодлого, санал санаачлага хүргүүлж зогсоомоор байна. Иргэдийн амьдралыг бодож, иргэдийн төлөөлөл болон дугарч, бодит ажил хийх, хэрэгжүүлэх төрийн түшээ гэж бий болмоор байна. Ер нь өндөр хүү тавьж, эргэж харах ч үгүй ч суудаг дотоодын банкуудад зах зээлийн өрсөлдөөнийг мэдрүүлж гадны банкуудыг оруулж ирвэл хүү буурч, иргэдийн амьдралын ачаанаас ихээхэн хэмжээний ачаа бууна гэдэгт эргэлзэхгүй байна.

Мөн эдийн засгийн хүндрэл бий болж өнөө үед шинэ нам гарсанаар ажилчдыг хоморлогон халах нь жирийн үзэгдэл болж байна. Үүний цаана өнөө банкны зээлээ төлж чадахгүй толгойгоогоо гашилган суух иргэдэд Арилжааны банкууд уян хатан хандах ёстой.

Иргэд өөрсдөө ажлаасаа гараагүй, санхүүгийн эх үүсвэргүй болоогүй төрийн бодлогын нөлөөллөөр ажилгүй болсон иргэд банкнаас авсан зээлээ эргэн төлөх хугацаандаа төлж чадахгүй байдалд хүрч байна. Энэ нэг хэсэг хүний асуудлыг яриагүй. Эргэн төлөх чадвар нь буураад байхад банк дахин зээл өгөхөөс татгалзах, хар дансанд орох зэрэг сөрөг нөлөөтэй.

Гэтэл үнэхээр эргэн төлөх чадваргүй болсон иргэдэд улсын эдийн засаг сэргэж, эргэн санхүүгийн эх үүсвэртэй болтол нь хүүгээ төлөөд зээлээ хойшлуулах зэрэг арга хэмжээг авч, дахин өөр ямар гарц байдаг талаар судалж зөв гарцийг эрэлхийлмээр байна.

М.Буянжаргал