Өнөөдөр хүний  эрхийг хамгаалсныхаа төлөө иргэд их бага хэмжээгээр хохирч байгаа. Тэгвэл хүний эрхийн төлөө дуугараад хохирсон хүнийг хамгаалах хууль эрх зүйн зохицуулалттай болох юм. Одоогоор уг хуулийг боловсруулах, хэлэлцүүлгийн хэмжээнд явж байгаа аж.

 Хэрхэн хамгаалах талаар сэтгүүлчдээр төлөөлүүлэн тайлбарлая. Хүний эрхийг хамгаалж нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсний төлөө сэтгүүлчийг утсаар дарамталдаг, сэтгэл зүйн дайралт хийдэг, хүүхдийг чинь ингэнэ, редакц руу дайралт хийх, хойноос нь дагаж мөрдөх, гэрийнх нь үүдэнд залуусаар отуулж байгаад сүрдүүлэх мэтээр төрөл бүрээр дарамталдаг. Энэ бүрт хүний эрхийг хамгаалсныхаа төлөө сэтгүүлчид сэтгэл зүйгээрээ хохирч, хаанаас ч хамгаалалт авч чадахгүй бор зүрхээрээ ажилладаг. Тэгвэл хүний эрхийг хамгаалсан хүнийг хамгаалах хуультай болох гэж байна. Ингэснээр хүний эрхийн төлөө дуугарсан сэтгүүлчийг дарамталсан тохиолдолд хамгаалалт авдаг, дарамталсан этгээд тухайн хүн рүү тодорхой хэмжээнд ойртох эрхгүй болох юм.

Өөрөөр хэлбэл хүний эрхийг хамгаалагчийг  дарамталсан, сүрдүүлсэн бол Зөрчлийн тухай хууль  эсвэл Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх юм байна.  Ингэхдээ  ажлын бус цагаар залгасан,  сүрдүүлсэн, заналхийлсэн, зодсон, хойноос нь мөрдсөн гээд бүхий л зүйлийг уг хуулинд нарийн тусгаж өгсөн байгаа. Хэрхэн дарамталсан түүнээс нь хамаарч хамгаалах арга  хэлбэр өөр байх аж.  

Ингэж хамгаалахад ХЭҮК, төр, иргэний нийгмийн байгууллага хамтрах юм.  Хамгаалалтын үүргийг одоогоор цагдаа, иргэний нийгмийн байгууллага  гүйцэтгэнэ гэж уг хуулийн төсөлд тусгаад байгаа. Өөрөөр хэлбэл эрсдэлд орсон хүний эрх хамгаалагчийг цагдаа хамгаална. Харин хамгаалж байгаа цагдаа нь “асуудалтай” гэж үзвэл иргэний нийгмийн байгууллага арга хэмжээ авах юм.

Тэгвэл хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах мехнизмийн  Удирдах зөвлөл нь долоон гишүүнтэй байх юм. Даргаар нь ХЭҮК-ын дарга байх бөгөөд гишүүнээр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, үлдсэн дөрөв нь иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн байхаар төлөвлөжээ. Тус бүрэлдэхүүн хүний эрхийг хамгаалагчдын эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, аливаа халдлагаас хамгаалах, халдлагын талаарх мэдээллийг мөрдөн шалгах, хариуцлага тооцох эрх бүхий байгууллагад мэдээлэх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх юм. УИХ-аас эдийн засгийн баталгааг нь хангаж төсөвт суулгах бөгөөд орон тооны бүтцэд хамаарах юм билээ.  

 Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.  

А.Баярмаа