Найман шарга захын өчигдрийн хаалтын ханшаар ам.долларыг 2497 төгрөгөөр авч 2499 төгрөгөөр зарж байна. “Стэнд бай” хэрэгжээд эхлэхээр ам.долларын ханш буурна гэсэн хүлээлт валютын зах дээр байгаа юм. Наад зах нь 1900 төгрөг рүү орно, цаашлаад яривал илүү буух ч магадлал бий аж. “Стэнд бай”-н хүрээнд яригдаж буй 1-1.5 тэрбум ам.долларын түрүүч хоёрдугаар сараас ороод ирнэ гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө. ОУВС-тай за зүй болоод гар хөлийн үсэг зураад авбал Японы хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл ороод ирнэ гэсэн сайн мэдээ бий. Нийтдээ гурван тэрбум гаруй ам.доллар орж ирэх нь тодорхой болчихоор ногоон валютын ханш сулрах нь тодорхой гэж эдийн засагчид хэлж байна. Өмнө нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ам.долларын ханшид иймэрхүү өөрчлөлт гарч байсныг валютын ханшийн түүхээс харж болно.

Засгийн газар 2009 онд хямралын эсрэг арга хэмжээнүүд авсны нэг нь ОУВС-тай тохирсон “Стэнд бай” хөтөлбөр байсанюм. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сард шийдвэр гарч байв. Тухайн үед 229 сая ам.долларын зээлийг валютын нөөцийг зузаатгахад авч ашигласан түүхтэй. Тэр үед манай улс яг өнөөдрийнх шиг валютын багахан нөөцтэй, долларгүйгээс болж валютын ханшийн огцом хэлбэлзэл бий болчихсон байсан юм. Ийм шалтгаанаар эдийн засгийн тогтворгүй байдал даамжрах төлөвтэй болчихсон тэр цагт нүүрс, зэс гэх мэт гадагшаа зарж олдог бүтээгдэхүүний үнэ ч таагүй байсныг эдийн засагчид онцолдог. Экспортоор орж ирдэг валютын урсгал эрс багассан гэсэн шалтгаанаар импортоо гадаад валютын нөөцөөрөө санхүүжүүлж байсан маань тэр үеийн сонин хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. ОУВС-гийн “Стэнд бай” орж ирэхээс өмнө буюу 2009 оны гуравдугаар сарын 31-нд 2048 төгрөг хүрч цойлсон ам.доллар “Стэнд бай”-н шийдвэр гарсны дараахан 1428 төгрөг болж бууж байж. Тодруулж хэлбэл тэр жилийнхээ тавдугаар сард нь. Ногоон валютын ханш 620 төгрөгөөр уруудсан гэсэн үг. Өнөөдөр ам.доллар 2499 төгрөгт хүрсэн гэхээр ирэх сарын сүүлээр юм уу, гурав, дөрөвдүгээр сард наад зах нь 1900 төгрөг болж буух нь.

Эдийн засаг агшчихсан ийм цагт “Стэнд бай”-н хүрээнд орж ирэх дөрөв шахам тэрбум ам.доллар ногоон валютын ханшийг үүнээс ч буулгаж мэднэ гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. 2009 онд ОУВС-гаас 229 сая ам.доллар авч байсан бол энэ жил авах мөнгө тэрбумаар яригдаж байгаа гэсэн ялгаа ч бас бий. ОУВС-тай 2009 онд гэрээ байгуулсны дараа Засгийн газарт олон улсын санхүүгийн байгууллагууд болон донор орнуудаас мөнгө олох боломж өнөөдрийнх шиг нээгдэж байв. Тухайн үед 160 сая ам. доллартай тэнцэхүйц хөрөнгийн эх үүсвэрийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон улсын Засгийн газар хоёр жилийн хугацаанд олгохоо амлаж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэгвэл өнөөдөр “Стэнд бай”-г дагаж ирэх мөнгө хоёр тэрбумаар яригдаж байгаа.

Тэгэхээр ам.долларын ханш 1900-гаас ч уруудаж 1700 төгрөг рүү орохыг ч үгүйсгэх аргагүй. Зах зээл томрох, бизнесүүд хөгжих, бүтээн байгуулалт өрнөх, эдийн засаг тэлэх талаас нь харвал “Стэнд бай” тэгтлээ хүсэхээр хувилбар биш.

Гэхдээ өчнөөн жилээр өвчилсөөр ирсэн төсвөө эрүүлжүүлж, алдагдлыг нь багасгахын тулд олон улсын байгууллагын хараа хяналт дор мөнгө төгрөгөө зарцуулж зөв төсөвтэй болох давуу тал бий. Бас ам.долларын ханш уруудаж халаасан дахь төгрөгийн маань үнэ цэнэ мэдэгдэхүйцээр өсөх өгөөж “Стэнд бай”-н ард байна.