УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Фүкүшимагийн ослоор хордсон шороог Монголд булшлах гэж байна хэмээн МАХН-аас мэдээлэл хийж, олныг сэрдхийлгээд байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Японд айлчлал хийхдээ ийм хэлэлцээр хийсэн гэж хардаж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ? 

-Монголчууд бид унаган байгаль, дэлхийгээ ээж гэж хайралдаг. Байгаль ээжийн маань хэвлийг нь ухаж, түүн рүү хор хийж зоорьлох гэж байгаа бол үүнийгээ зогсоох ёстой. Ийм утгаггүй зүйлийг мөнгөний төлөө хийх гэж байгаа улстөрчид байна. Үүнийгээ таслан зогсоо. Монголчууд бид тэгж ядраагүй байна. Өнөөдөр малчин иргэд байна. Соёл уламжлал байна. Байгаль ээжийгээ дээдлээд явахад хэдэн мянган жил бидний үр хүүхэд сайхан амьдарна. Үүн дээр бол би маш хатуу эсрэг байр суурьтай байдаг. Ураны хог хаягдлыг Монголд булшлах, мөн ураныг ашиглах ийм асуудлуудыг ард түмнээс асуухгүйгээр нууцаар шийдэх гэж байгаа бол энийг горьдсоны гарз гэж хэлмээр байна. Германаас манай багш байнга майл явуулдаг. С.Ганбаатар аа, ингэж тэнэгтэв ээ гэж. Чамайг нийгмийн төлөө үнэн сэтгэлээсээ зүтгэдэг улстөрч гэж боддог. Яагаад чи дуугарахгүй байгаа юм бэ. Энэ хамгийн чухал гэж хэлээд байгаа юм. Энэ бол үнэн байхгүй юу. Эд нар ингэж заваан юм хийх гэж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

-“Арева” компани Монголын говьд ураны хоёр орд олборлох гарын үсэг зурсан. Үүнийг зарим хүмүүс шүүмжилж байгаа. Та үүн дээр ямар бодолтой байгаа вэ? 

-“Уран олборлох талаар эрдэмтэд, ард иргэдийн саналыг сонсох ёстой. Тэдний саналыг сонсохгүйгээр шийдэж болохгүй. Засгийн газар дангаараа шийдэх эрхгүй. “Арева” ч байна уу, хэн ч бай битгий давраач ээ гэж хэлмээр байна. Та нар өнөөдөр ил тод бай. Шийдвэр гаргах гэж байгаа бол Монголын ард түмний төлөөллийн байгууллагуудтай ширээний ард сууж ярилц. Хөндлөнгийн мэргэжлийн дүгнэлт гарга. Уран Монголд байвал аюултай. Тэртэй тэргүй хоёрх хөрш үүнийг зөвшөөрөх үү, үгүй юу гэдэг асуудал бий.  Тийм учраас үүнийг нухацтай сайн бодох хэрэгтэй. Монголд өнөөдөр ард иргэдийн төлөө дуугардаг  хүмүүс олон л байгаасай гэж залбирч байна. 

-УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгсөн. Түүний энэ шийдвэрийг хүмүүс янз бүрээр л ярьж байна. Та юу гэж бодож байгаа вэ? 
-Яах вэ тэр хүн өөрөө УИХ-ын тухай хуулийн дагуу хүсэлтээ өгсөн юм билээ. УИХ-ын гишүүн яах аргагүй бэрхшээл тохиолдох үед ингэж өргөдлөө өгдөг юм байна л даа. Үүнийг нь би нарийн сайн мэдэхгүй. Энэ хуульчдын дүгнэлтээр шийдвэрлэгдэх байх. Миний бодлоор намчирхсан улс төр, бүлэглэл франкцуудын хувилдаан хэрээс хэтэрч байна. Сонгогчид, ард иргэдийн эрх ашгийг дээдэлдэг улстөрчидийн орон зай  багасч байна. Түмний төлөө шийдвэр гаргадаг улстөрч байхгүй болж байна гэдгийг эндээс харж болно. Зарчимдаа үнэнч байж, сонгогчдынхоо төлөө тууштай зүтгэх нь нэгэнт нийгмийн зүтгэлтэн болж, хүмүүсийн итгэлийг олж авсан хүний үндсэн ажил гэж бодож байна. 

-Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдлаа. Энэ хууль хэр шударга болсон бэ? 
-Би өөрөө төсвийн ажлын хэсэгт ажилласан. Төсөвт бол маш олон гишүүдийн тойрог тойргийн зовлон бэрхшээл, ард иргэдийн хүсч байгаа зүйлийг тусгахыг хичээсэн. Төсвийн ажлын хэсэг үндсэндээ хоёр сар орчим ажиллаа. Тэгээд төсөв батлагдлаа. Төсвийн төсөл гарсны дараа МАН, АН, “Шударга ёс” эвсэл, Иргэний зориг, Бие даагчид гээд намын бүлгүүд болгон дээр бид ярьсан. Маш их удаан ярьж, санал зангидагдаж орж ирсэн. Тэгээд яахав би төсөв дээр ганц л зүйл оруулах гээд чадаагүй. Энэ юу вэ гэхээр бүсээ чангалаад тойрог болгоноос жаахан жаахан хумслаад төмөрлөгийн үйлдвэр барьчихаач ээ гэсэн. Үүнд 300 сая ам.доллар л хэрэгтэй. Хоёр жилийн дараа төмөрийн үйлдвэр босоод ирвэл бүтээн байгуулалт болгоноос 30 хувийн зардал хэмнэгдэнэ. Гаднаас төмөр оруулж ирэх шаардлагагүй болно. Ийм зүйлийг би хүсээд хагас дутуу орууллаа. Ямар ч байсан төмөрлөгийн үйлдвэрийг энэ жилдээ эхлүүлнэ гэлээ. Хоёр жилийн дараа монголчууд өрсөдөө барилга байгууламжийн төмөр хийц гарах үүд хаалга нээгдлээ. Энэ бол нэг амжилт. Гэхдээ шууд энэ жил үр дүн гаргахаар оруулья гэж бодсон боловч  санасандаа бас хүрсэнгүй. 

-Оюутолгойн асуудал юу болж байгаа вэ. Сүүлийн үед нам жим болчихсон байна? 

-Оюутолгой дээр “Чоно цатгалан, сүрэг амгалан” гэдэг зүйл л болоод байна даа. Эцсийн дүндээ ард түмний хэдэн зуун  бонд, төсвийн мөнгөтэй тэнцэх хэмжээний ашиг орлоготой тэнцэх Оюутолгойн талаар ярьж байхад монголчууд дүлий дүмбэ байна. Бид маш хүлээцтэй, ухаалаг, тэвчээртэй, энэрэнгүй ард юм. Бусад орны мэргэжилтнүүд биднийг мэдлэггүй, мэдээлэлгүй, арчаагүй хүмүүс байдаг юм байх даа гэж бодож байгаа байх гэхээс би санаа зовж байна. Үүн дээр бид асуух хэрэгтэй.  Би “Рио Тинто”-г Монголоос гар гэж хэзээ ч хэлээгүй. Гагцхүү “Рио Тинто” Монголын ард түмэнд ашигтай гэрээ хийсэн эсэх талаар би олон захидал явуулсан. Нэг ч хариу ирэхгүй байна. Өнөөдөр “Рио Тинто”-д өдөр болгон таван цэцэрлэг бэлэглэж байна. Бид  хүү, ногдол ашгаа хэзээ ч авахгүй юм шиг байна. Миний энэ ярьж байгаа зүйл буруу байвал няцаагаад өгөөч. 
 



У.САРАНГЭРЭЛ