-мөнгөтэй хүний аазгай хөдөлгөсөн нэг газар байна-



Энэ сарын 12-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд болсон “Майдар эргэх ёслол”-ын үйл ажиллагаа болж өнгөрсөн. Энэ үеэр хурдан морины уралдаанд оролцож байсан 11 настай хүү мориноосоо унаж хүнд бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн ч тэрээр гэмтлээ даалгүй өчигдөр нас барсан байна. Талийгаач хүү тархины бяцралттай байсан учраас хоёр ч удаа хагалгаанд орж ийн амиа алджээ. Уг хэргийн талаар одоогоор Монголын морин спортын уяачдын холбооноос албан ёсоор мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд нас барсан хүүгийн ар гэрийнхнийг хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөхгүй байхыг хүссэн аж.


Хамгийн харамсалтай нь ухаан орж ч амжаагүй, амьдралын амтыг мэдэрч ч үзээгүй нялхаараа шахуу хүүхдүүд унаач хэмээх “торгуулын салаанд” харьяалагдаж, сард ердөө 350-хан мянган төгрөгний төлөө амь насаа гаргуунд гаргана гэдэг ариун явдал уу. Тэгвэл болсон үйл явдлын талаар Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх “Гуравдугаар сарын 14-нд авсан мэдээллээр энэ хавар зохион байгуулагдсан уралдаануудын үеэр 54 хүүхэд мориноосоо унаж тэдгээрийн зургаа орчим нь гэмтэл аваад байсан юм. Гэвч Засаг даргын ямар ч зөвшөөрөлгүйгээр иргэд, шашны байгууллагатай нийлэн нууцаар ийм уралдаан зохион байгуулсан бөгөөд энэхүү хууль бус уралдаан зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүстэй хариуцлага тооцох асуудал яригдаж эхэлсэн” хэмээн мэдээллээ. Үүн дээр жижиг том нийлсэн наадмуудын үеэр гэмтэж бэртсэн хүүхдүүдийн тоог нэмвэл хэд хүрэх юм бүү мэд.

Нууц уралдаан зохион байгуулсныг хэн батлах вэ

Ямартай ч уг уралдааныг зохион байгуулсан хүмүүс нь тус аймгийн Засаг даргаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр тус уралдааныг зохион байгуулснаар ийнхүү 11 настай унаач хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мэдээж энэхүү уралдааныг нууцаар зохион байгуулах болсон нь ММСУХ-той нягт холбоотой хэмээн хардах үндэслэл бий. Тухайлбал, энэ жилийн “Дүнжингарав-2017” төвийн бүсийн уралдааныг зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзүүлсэн ч тэд шүүхээс дээгүүр эрх мэдэлтэй гэдгээ Монголын ард түмэнд харуулсан билээ. Тэгвэл тус холбооны увайгүй зан, унаач хүүхдүүдийн амь насыг юман чинээ тоохоо больсон тэдний хэсэг нөхөд нууцаар хурдан морины уралдааныг зохион байгуулж олон түмний нялх хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж, өөрсдийгөө бүтэн өдөр зугаацуулснаар дөнгөж 11 нас хүрч буй бяцхан хүү амь насаа алдсан нь үнэхээр харамсалтай. Тэгэхээр энэ хүүгийн амиа алдсантай холбоотой асуудлыг хэн гэгч эрх мэдэлтэн хариуцах вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хэрвээ Монголын морин спортын уяачдын холбооныхон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бол энэхүү нууц гэгдээд буй хурдан морины уралдаан зохион байгуулагдахгүй ч байж болно. Хэдийгээр энэ нь нууцаар зохион байгуулагдсан гэж байгаа ч энэ асуудлыг ММСУХ мэдэхийн дээдээр мэдэх ёстой. Учир нь энэхүү уралдааныг зүгээр нэг захын уяач зохион байгуулахгүй гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүнчлэн ниргэсэн хойно чангаар хашхираад мэдэгдэл гаргаад байсан Хүний эрхийн үндэсний комиссынхон амиа алдсан унаач хүүгийн асуудал дээр ямар байр суурьтай байгаагаа илэрхийлэх ёстой ч энэ талаар бас л дуугарсангүй.

Ховдын Засаг даргад хариуцлага тооцох ёстой

Ямартай ч "Монголын морин спорт, уяачдын холбоо" гэж адгуус уралдуулж таашаал авдаг мөнгөтэй эрхмүүдээс болж сая болж өнгөрсөн “Дүнжингарав-2017” уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаж тэдний хоёр нь гэмтэл авсан. Мөн энэ сарын 12-нд болсон Говь-Алтай, Хөвсгөл, Дундговийн уралдаанд нийт 23 хүүхэд унаж тэдгээрийн дөрөв нь хүнд, хөнгөн гэмтэл авсан гээд тоочоод байвал маш олон тоо гарч ирнэ. Уг нь Монголчууд өвлийн цагт мал, хүүхэд хоёрыг зовоохгүйн тулд хурдан морины уралдаан явуулахыг цээрлэдэг байсан гэдэг. Эрүүл ухаанаар бодоход өвлийн тэсгим хүйтэнд мориор уралдана гэдэг, хүүхэд битгий хэл нас биед хүрсэн хүнд ч хүнд хөдөлмөр. Түүнчлэн Монголчуудын түүхэн уламжлалд "Монголчууд хөх ногоо ургаж, хөхөө шувуу донгодож эхлээгүй цагт хурдан морь уралдуулах, эсгий үүдээ гэр дээрээ тавих, дээлийг сугалдаргалах гэсэн гурван зүйлийг хориглодог байсан тухай" Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор профессор С.Дулам багш ярьсан байдаг.
Хүний амиар зугаацагсадтай хариуцлага тооцох цаг иржээ. Ард түмэн хамгийн хүчтэй гэдгээ мэдрүүлэх цаг удахгүй ирнэ гэдэгт найдах л үлдэж байна. Түүнчлэн 11 настай хүү амь насаа алдсан нь Ховд аймгийн Засаг даргад ч хамааралтай гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь аймаг орон нутагт нь томоохон хэмжээний ёслолын үйл ажиллагаа болж “Надаас зөвшөөрөл аваагүй ээ. Нууцаар зохион байгуулсан байна лээ” гэж хэлж буй нь хариуцлагаас бултаж хэн нэгэнд нялзаах гэсэн увайгүй үйлдэл болов уу. Түүнчлэн уяачдын холбоо гэх том байгууллагыг толгойлж байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ч энэ уралдааныг мэдээгүй гэж битгий хэлээсэй дээ.