-Зарим татварыг нэмэгдүүлэх хугацааг хойшлуулах уу-



Монгол Улс ОВУС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсон талаарх мэдээллийг албаныхан олон нийтэд дуулгаснаас хойш бүтэн сарын хугацаа өнгөрлөө. Анх мэдээлэл хийх үеэр ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Коши Матай манай улсад тавьж буй тодорхой шаардлагуудыг хэрэгжүүлсэн тохиолдолд “ОУВС-гийн захирлуудын зөвлөл ирэх гуравдугаар сардаа багтаж хуралдаад энэ асуудалд шийдвэр гаргана гэж төлөвлөж байна” хэмээн мэдэгдэж байсан. Гэвч эцсийн шийвэр нь гараагүй хэвээр. Учир нь УИХ-ын ээлжит намрын чуулган завсарласан. Харин хаврын чуулганыг эхлүүлэх хугацаа болоогүй. Нэгэнтээ Засгийн газар Төсвийн тодотголоо хэлэлцэн баталчихсан тул УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах болов уу гэх горьдлого хаа сайгүй байсан. Харамсалтай нь сар шинэ гэх зэргээр олон олон баяр давхцаж, УИХ-ын гишүүд ч чуулганы завсарлагаанаар гадаад, дотоод томилолт өвөрлөөд, эзгүй байсан тул ээлжит бусын сураг тасарсан.
Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд эхний ээлжинд санхүүгийн сахилга батыг сайжруулж, төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс долоо, төсвийн зардлыг бууруулах чиглэлд найман арга хэмжээ авах шаардлагатай болсон. Мэдээж эдгээрийг хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тодотголд тусгах зэргээр нэлээд хууль, дүрэм, журам шаардлагатай. Үүний тулд Засгийн газрын баталсан Төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах ёстой. Гэтэл цаг хугацаа нь тулчисхан тохиолдолд хэрхэх бол гэдэг асуудал олны анхаарлыг татаж байгаа нь зүйн хэрэг.
Учир нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Нийгмийн даатгалын шимтгэл, Суудлын авто машины онцгой албан татвар, Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татвар, Импортын тамхинд ногдох гаалийн татвар зэргийг нэмэгдүүлж, Хадгаламжийн хүүгээс татвар авах тухай хуулийн хэрэгжилтийн хугацааг урагшлуулахаар болсон. Эдгээрээс заримыг нь буюу Импортын тамхинд ногдох гаалийн татвар одоо 5 хувь байгааг 30 хувь болгох, Хадгаламжийн хүүгээс татвар авах тухай хуулийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих байсныг ирэх сарын 1-нээс болгон өөрчлөх юм.
Гэвч дээрх татварууд ирэх сараас нэмэгдэнэ гэдэг хөг нь өнгөрөв бололтой. Нэгэнтээ УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахгүй нь тодорхой болж, хуулийн дагуу хаврын ээлжит чуулганаа хүлээх нь гарцаагүй болчихоод байгаа. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа өнгөрөгч долоо хоногт “Засгийн газар төслөө боловсруулаад дууссан, ирэх долоо хоногт өргөн барина гэсэн мэдээлэлтэй байна. Энэ долоо хоногт ирцийн судалгаа хийж үзлээ. Ээлжит бус чуулганыг хуралдуулахад гишүүдийн ирц төдийлөн сайн биш байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал чухал учраас гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой. Тийм учраас хаврын ээлжит чуулганаа эхлэнгүүт төсвийн тодотголоо хэлэлцээд явахад буруудах зүйл байхгүй. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт орох асуудлын тухайд бид албан ёсоор тохиролцсон. Нэн түрүүнд шийдвэрлэх ёстой байсан асуудал бол 580 сая ам.долларын евро бондын өр байсан. Энэ асуудлыг Засгийн газар шийдвэрлэчихлээ. Гадаад талдаа ч гэсэн Валютын сангийн тодорхой хөтөлбөрт хамрагдах болсон учраас евро бондын асуудлыг шийдэхэд нөлөө үзүүлсэн гэж ойлгож байгаа. Тиймээс дөрөвдүгээр сарын 5-нд чуулган эхлэнгүүт төсвийн тодотголоо хийгээд явах цаг хугацааны хувьд боломжтой гэж үзэж байгаа” хэмээн ярьсан.
Хэдийгээр ээлжит бус зарлах тухайд УИХ-ын дарга ганц үг унагаагүй байгаа ч арлын улсыг зорих тухай зар тараад байгаа нь чуулган ирэх сард хуулийнхаа дагуу эхэлнэ гэдгийг тайлбарлаад өгч буй юм. Тэгэхээр ОУВС-д “таалагдах”-ын тулд хэрэгжүүлэх зарим татварыг нэмэгдүүлэх ажил хугацааны хувьд хойшлохоос аргагүйд хүрч байгаа бололтой.