Голландын Хаутен хот дэлхийн хамгийн аюулгүй хот.  Тус хот өнгөрсөн зууны сүүл үеэр эхлэн нэгэн шийдвэр гаргасан нь бүх нийтээрээ дугуй унах байв. Бүх нийтийн энэхүү шийдвэр тус хотод аюулгүй хэмээх “алдар”-ыг авчрахад хүрсэн байна.  Гэтэл гуравхан сая Монголчуудын тал хувь нь нийслэлд суурьшиж, Монгол улс дэлхийн аз жаргалгүй улсуудын нэгт тооцогдож 100 дугаар байрт бичигджээ. 155 улсыг хамруулсан судалгаа.

Хүн амын нягтаршил ихсэх тусах замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсээр байна.  Нийслэл хотод байр байшин барих нь ч ихссэн. Орон сууцны хороолууд машин тавих байтугай хүүхэд тоглох орон зайг ч “мартаж” байна. Үүнтэй зэрэгцэн хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж эхэлсэн. Өсвөр насныхны хувьд дулааны улирал ирэхтэй зэрэгцэн дугуй унах сонирхолтой байдаг. Гэвч нийслэлд тэдэнд зориулсан орон зай алга. Нэг үгээр хүүхэд багачуудад аз жаргалтайгаар инээн баясаж, тоглож наадах орон зай алга.

Одоогоос гурван жилийн өмнө Монголын Залуучуудын холбооноос дугуй шатааж, дугуйн замтай болох ажлыг эрчимжүүлэхийг сануулж байв. Өмнөх эрх баригчдын хувьд алдарт “Чингис” бондоор бүтээн байгуулалт хийхдээ дугуйн замд ор нэр төдий хөрөнгө зарцуулсан. Тодруулбал, 2013-2015 онуудад Бэлхийн зам, Дүнжингаравын зам, 19-р хорооллын арын зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг есөн газар 45.9 км дугуйн замтай болсон. Нэг үгээр дугуйн замтай холбоотой асуудалд ингээд цэг тавьчихсан. Уг нь явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар ашиглах талаар судалгааг дугуй сонирхогчид  хийсэн байдаг. Уг судалгаанаас  баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх урд талын явган хүний замыг дугуйн замтай хосолмол аргаар хэрэглэх боломжтой гэсэн дүн гарчихсан байгаа. Гэвч үүнийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлээгүй л байна.

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар манай улсад унадаг дугуй ашиглагчийн тоо 30 мянгад хүрчихээд байгаа аж. Гэтэл эдгээр унадаг дугуй унагчдад унадаг дугуйн зам, хулгайд алдагдах, зогсоол байхгүй зэрэг асуудал болсоор өнөөдрийг хүрч байна.

Дугуйн замын асуудлыг шийдчихвэл агаарын бохирдол, авто машины түгжрэл зэргийг тодорхой хэмжээнд бууруулахаас гадна иргэдийн эрүүл мэнд, дугуйн спортын хөгжилд чухал ач холбогдолтой аж. Унадаг дугуй бол хүний булчин шөрмөсний үйл ажиллагаагаар хөдөлдөг эрүүл мэнд асар тустай тээврийн хэрэгсэл юм. Гэтэл манайлд унадаг дугуйг тээврийн хэрэгсэлээр ашиглах, ажил гэр хаа ч дугуйтай явах боломжийг бүрдүүлэх тухай яриа уриалга төдий байсаар байна. Уг нь унадаг дугуй бол тээврийн хэрэгсэл. Тээврийн хэрэгсэлд зам хэрэгтэй. Зам бол дэд бүтцийн асуудал. Дэд бүтэц бол төрийн асуудал.

Хөгжингүй орнууд унадаг дугуйн хэрэглээг замын түгжрэлийг арилгах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх шийдэл гэж үзэн хот төлөвлөлтийн салшгүй нэг хүчин зүйл болгон анхаарч байна. Гэтэл манайх унадаг дугуйтнуудад аюулгүй орчинг бараг мартчихаад өнөөдрийг хүрлээ.