Жирэмсэн байхдаа эмэгтэй хүн дааврын улмаас сэтгэл санаа тогтворгүй болдог. Зарим тохиолдолд төрсний дараа ч энэ байдал үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл  төрсөн эхчүүдийн зан ааш тогтворгүй болж эхэлдэг. Энэ нь төрсний дараах сэтгэл гутрал гэж эрүүл мэндийн салбарт тодорхойлдог. Зан аашны тогтворгүй байдлыг эмчлэхэд эр нөхрийн оролцоо, гэр бүлийн байдал их  гэдгийг эмч нар сануулж байна.

Эмэгтэй хүн төрснийхөө дараа сэтгэлийн хямралд ордог. Нэг талаас биологийн өөрчлөлт нөлөөлдөг. Нөгөө талдаа хүүхэд арчлах, шөнө дутуу нойртой хонох зэргээс өгсүүлээд маш олон асуудал тулгамддаг. Ялангуяа анхлан төрөгчдөд энэ өөрчлөлт илүү мэдрэгддэг байна.

Төрсний дараах өөрчлөлтүүдэд дасан зохицох хугацаа хамгийн багадаа зургаан сарын хугацаанд үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл зургаан сарын хугацаанд шинэхэн аавуудыг хүндхэн даваа хүлээж байдаг. Энэ бүхнийг гэр бүл хамтдаа даван туулах, сэтгэл зүйн өөрчлөлтийг ойлгож хүлээцтэй байх хэрэгтэй. Эхчүүд ч мөн адил сэтгэл зүйгээ тогтвортой байлгахад зүтгэл гаргах шаардлагатай байдаг.

Төрсний дараах сэтгэл зүйн тавгүй байдал эх бүрт тохиолддог. Гэхдээ хоолонд дургүй болох, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох, уур уцаар нэмэгдэх, өөрийгөө тусгаарлаж, аливаа асуудлыг сөргөөр харах зэрэг хурц шинж тэмдэг хоёр долоо хоногийн хугацаанд үргэлжилбэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ийм шинж тэмдэгтэй удаан үргэлжилбэл сэтгэл зүйн өвчин тусдаг байна.

Он гарснаас хойш таван эх сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн. Өөрөөр хэлбэл сэтгэл гутрал нь өвчин болж хүндэрсэн гэсэн үг. Хамгийн сүүлийн судалгаагаар төрсөн эхчүүдийн 9,1 хувь нь сэтгэл гутрал өвчинд өртдөг гэж гарчээ.