Монголчууд улаанбуудай болон төмсний хэрэглээгээ дотоодоосоо хангах чадамжтай болсон. Гэвч бусад хүнсний ногооны хэрэгцээний 60 орчим хувийг импортоор авч байгаа. Энэ нь хүнсний аюулгүй байдал алдагдуулахаас гадна багагүй хэмжээний валютыг гадагш нь урсгаж байна.

Энэ жил 8,5 мянган га талбайд хүнсний ногоо тариаллаж 102,1 мянган тонн ургац хураахаар тооцоолсон. Улсын нийт хэрэгцээний 40 орчим хувийг хангана гэсэн үг. Харин үлдсэн 60-ийг нь ипмортлож 130 орчим тэрбум төгрөгийг гадаад зах зээлрүү нийлүүлдэг. Тиймээс бидэнд хүнсний ногоогоо өөрсдөө ургуулдаг болох хэрэгтэй. Салбар яамнаас 200 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөтөлбөр санаачилсан гэдгээ мэдэгдэв.

Хэрэв төсөл амжилттай хэрэгжчихвэл 2020 он гэхэд бид хүнсний ногооны хэрэгцээгээ дотооддоо хангаад эхэлнэ. Гэвч хэрэгжихүү үгүй юу гэдэг асуулт тулгарч байгаа. 2013 онд хүнс хөдөө аж ахуйн сайд байсан баттулга хэлэхдээ 2016 онд хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодоосоо хангаад эхэлнэ гэж мэдэгдэж байсан ч хоосон амлалт болохыг цаг хугацаа нотолсон.

Зөвхөн тариалалтын хэмжээг нэмэгдүүлснээр бид хэрэгцээгээ өөрсдөө хангана гэсэн үг биш. Зоорь, усалгаа гээд дэд бүтцийг цогцоор нь шийдэх учиртай. Жишээлбэл Монголчууд жилдээ 166,5 мянган тонн төмс хурааж тэр нь хэрэгцээг 100 хувь хангах боломжтой ч хятад төмс импортлогдсоор байдаг. Учир нь зоорь байдаггүй учир 4 улирлын турш тогтвортой нийлүүлэлт хийж чадахгүй байна.

Олон улсын жишгээс харахад аливаа улс орон хүнсний хэрэгцээнийхээ 30-аас дээш хувийг импортоор, түүний дотор 20-иос дээш хувийг нэг улсаас авдаг бол хүнсний баталгаа алдагдаж, хараат байдалд орсон гэж үздэг байна. Харин бид нийт нарийн хүнсний ногооны зах зээлийн 80%-90% хувийг гаднаас импортлодог. Гол зах зээл нь хятад улс болчихоод байна. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдал алдагдах өндөр эрсдэл үүссэн.