Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд гадуурхагдах ёсгүй
2017/05/06
Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай дунд сургуулийн сурагчдын эцэг эхчүүдийн төлөөлөл өчигдөр төр засагт хандаж мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн хугацаанд тус сургуулийн 9, 10, 12 дугаар ангийн 30 гаруй сурагч, тэдний эцэг эхчүүд сурагчдын хичээлийг дохионы хэлээр заах, мэргэжлийн дохионы хэл эзэмшсэн багш нартай болохыг шаардаж жагсаал цуглаан зохион байгуулж байсан. Түүнчлэн багш нар хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж, бэлгийн дарамт учруулсан гэх асуудал үүсч байсан. Энэ бүхнээс үүдэж тус сургуулийн захирал Б.Батсайханыг хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэдэг дүгнэлтээр ажлаас нь чөлөөлсөн билээ. Уг нь хүүхдүүдийг хичээл хаялт зарласны дараа тус сургуульд БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж, тус сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгахад нийт багш нарын 47.6 хувь нь мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах ур чадвар хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Энэ хүүхдүүд бусдын адил чанартай боловсрол эзэмших, эх хэл болох дохионы хэлээ чадварлаг эзэмшсэн багш нараар заалгах хүсэлтээ холбогдох байгууллагад нь явуулсан ч тусыг эс олсон билээ.
БСШУЯ боловсон хүчнээ бодлогоор бэлдэх ёстой гэв
Ийм учраас хүүхдүүдийн эцэг эх БСШУЯ-нд хандаж, дараах мэдээллийг хийжээ. Тэд хэлэхдээ “Бид өнөөдрийн мэдээллээ төр засагт хандаж хийж байна. Учир нь бидний хүүхдүүд сурч боловсрох нөхцөл бололцоо чадвар маш муу байгаа учраас төр засагт болон БСШУЯ-нд хандан мэдээлэл хийхээр боллоо. Бид энэ асуудлаар арга хэмжээ авах хүртэл нь дараагийн шат шатны байгууллагад хандана. 29 дүгээр сургуулийн сургалтын талаар ганцхан жишээ хэлэхэд тус сургуулийн багш нар авиа тавилтын хичээлийг долоо хоногт нэг удаа зааж байгаа нь хангалтгүй. Дохионы хичээлийг мөн адил цөөн цагаар заадаг. Монгол Улсын хэмжээнд сонсголын бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодог ганц сургууль байдаг нь энэ тусгай сургууль юм. Гэтэл энэ сургуульд сургалтын хөтөлбөр, стандарт гэж байхгүй. Бичиг үсгийн боловсролгүй, бичих чадваргүй, уншаад юм ойлгохгүй ийм түвшинд л хүүхдүүд суралцаж байна. Тиймээс тус сургуулийн арга зүй, стандартад шүүмжлэлтэй хандсаар өнөөг хүрсэн. БСШУЯ боловсон хүчнээ бодлогоор бэлдэх ёстой, шаардлагатай байна. Дохионы хэлээ муу ойлгож байна гэж хүүхдүүд ээж аавдаа хэлдэг. Тэд сурмаар байна гэж хэлж байна. Харамсалтай нь багш нарыг дохионы хэлээр бэлтгээгүй учраас тэд хүүхдүүдтэй харилцаж чадахгүй байна. Мөн сурах бичгийн хүрэлцээ маш муу. Бараг байхгүй гэхэд болно. Уг нь сонсголгүй хүүхдүүд харах мэдрэхүйгээр дамжуулан суралцах бүрэн боломжтой тул сурах бичиг их чухал. Дээрх шалтгаануудын улмаас өнөөдрийн байдлаар хүүхдүүдийн сурах боломж хаагдмал байгаад эцэг эхчүүд гомдолтой байна. Мөн сургуулийн захирлыг халсан ч заах арга зүйг өөрчлөхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Сонсголгүй хүүхдийн төрөлх хэл нь дохионы хэл тул дохионы хэлний журмыг нэн даруй батлах шаардлагатай” хэмээн эцэг эхчүүд онцолж байв.
Салбарын яам гаргасан дүгнэлтээ хэрэгжүүлсэн үү
Тус сургуульд ажилласан ажлын хэсгийнхэн өнгөрсөн сарын 07-нд дараах дүгнэлтийг гаргаснаа танилцуулсан. Тус яамны бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын дарга н.Мөнхбаатар “Сайдын тушаалаар гарсан ажлын хэсэг хоёр чиглэлд ажиллалаа. Сургуулийн үйл ажиллагаанд хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох баримт бичиг материалтай танилцах, багш сурагчидтай уулзаж ярилцах, асуулга авах замаар мэдээлэл цуглуулах тэндээс сурагчдын гаргасан гомдолд дүн шинжилгээ хийх замаар дүгнэлт гаргасан байгаа юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар гарсан ажлын хэсэг дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд,
1. Сургуулийн хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй төлөвлөгөө, дүрэм, журмыг хууль тогтоомжийн шинэчлэл, багш, сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох.
2. Тусгай хэрэгцээт боловсролын багшийг гадаад, дотоодод бэлтгэх, одоо ажиллаж байгаа багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх.
3. Тусгай сургуулиудад нэн шаардлагатай дэд бүтэц, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирох зарим хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлагаар хангах ажлыг хөрөнгө оруулалтын 2018 оны бодлого, төлөвлөлтөд тусгах арга хэмжээ авах.
4. Багш нарын дохионы хэлний ур чадвар сайжруулах, хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжиж, холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттай сургалтаар бэлтгэх, үр дүнг тооцож ажиллах.
5. Их, дээд сургуульд элсэн суралцах сурагчдын бэлтгэл анги нээх асуудлыг тусгай сургуулийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний шинэчлэлийн хүрээнд судалж, шийдвэрлэх.
6. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.2; 43.1.7б-д тус тус заасан “туслах багш”-ийн албан тушаалын нэр нь төрийн үйлчилгээний албан албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан Засгийн газрын 2009 оны 354 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтад “туслах багш”-ийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг тодорхой болгох асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хамтран шийдвэрлүүлэх.
7. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэсэн шаардлагыг баримталж ажиллах хүрээнд “багш”-ийн ажлын байранд нээлттэй, ил тод, өөрийн сургуулийн онцлог, хэрэгцээ, шаардлагыг хангасан иргэдээс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилгоо хийж байхыг сургуулийн захиралд даалгах.
8. Дохионы хэлний ур чадварыг дээшлүүлэх, багш суралцагчийн хоорондын ойлголцол харилцан адилгүй байгаагаас хүүхэд хичээлээ ойлгодоггүйгээс үл ойлголцол үүсэх хандлага байгааг анхаарч, багш нар дохионы хэлний ур чадвараа сайжруулахыг тус сургуулийн нийт багш нарт үүрэг болгох.
9. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн онцлогт тохирсон тэдгээрийн авьяас, сурах, төлөвших, хөгжих үйл явцад цогцоор нь анхаарал тавих, аливаа урлаг, спортын арга хэмжээг цаг тухайд нь зохион байгуулалтыг сайтар хангаж, суралцагчийн эрх ашиг, сонирхлыг дээдэлж, хүндэтгэлтэй хандаж байхыг сургуулийн нийт багш, албан хаагч, удирдлагад мэдэгдэх.
10. Сургуулийн дотоод зохион байгуулалт, сургалтын үйл ажиллагаа, багшийг ажлын төлөвлөлт, үнэлгээ, шинжилгээ зэрэг холбогдох явцын болон гүйцэтгэлийн мэдээ, тайланг байнга хөтөлж хэвшихийг сургуулийн нийт багш нарт даалгах.
11. Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголын үлдэгдэл, алдагдлыг нөхөх хэрэгслээр хангах ажлыг эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран авч хэрэгжүүлэх нь зүйтэй” хэмээж байсан.
Тэгвэл энэхүү дүгнэлт гараад бараг бүтэн нэг сар болсон ч одоог хүртэл хэрэгжиж чадаагүй байгаа учраас эцэг эхчүүд ийнхүү бухимдлаа илэрхийлж холбогдох албаны хүмүүсийг дахин тус сургууль дээр ажиллахыг шаардсан юм. Угтаа бол тус яамнаас ажлын хэсэг томилогдож тухайн сургуульд ажиллаж буй багш нарыг мэргэжлийн хичээлийг дохионы хэлээр заах ур чадвар хангалтгүй гэж дүгнэсэн хэрнээ өнөөг хүртэл гаргасан дүгнэлтээ хэрэгжүүлж ажиллахгүй байгаа нь хачирхалтай. Эцэст нь хэлэхэд хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд бусдын адил сурах ёстой хэрнээ яагаад гадуурхагдах ёстой юм бол.