Хариуцлагагүйн зуд Монгол даяар нүүрлэсэн тухай дээр дооргүй л ярьж бичиж байна. Ялангуяа 2012-2016 онд засгийн эрх барьсан Ардчилсан намын үед тооцоо судалгаагүй, бодлогогүй, хариуцлагагүй явж ирсний балгийг өнөөдөр олноороо амсаж байна.

Энэ үеэс төсвийн сахилга, хариуцлага үгүй болж, эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж, ард түмний мөнгийг дур зоргоороо үрэлгэн зарцуулах эхлэл тавигдсан. Төсвөөс гадуур их хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдүүлсэн ч иргэдийн амьдралд наалдсан нь тун бага. 
Түүнчлэн энэ үеэс өр зээл, бонд гэсэн үг монголчуудын үгийн санд хамгийн их хэрэглэгддэг болсон нь нууц биш. "Бондын өрийг бидний хойч үе төлчихнө" гэсэн даажигналаар төрийн томоохон албан тушаалтан ам таглаж явсан үе ч бий. 
Ийм харалган бодлогын үр дүнд Монгол Улсын нийт гадаад өр 21.7 тэрбум ам.долларт хүрч, нэг иргэнд 14 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн тооцоо ч гарч байсан. Бодлого ийнхүү алдагдсаны уршгаар өр зээлийн үйлчилгээнд хэдэн арван орон сууц барих, приус машин худалдан авах, цэцэрлэг сургууль байгуулахтай тэнцэх хэмжээний мөнгийг төлж байна. 
Өмнөх дөрвөн жилд томилогдсон албан тушаалтнууд хариуцлагыг хэрхэн үл тоомсорлож, төрийн мөнгийг гарын салаагаар урсгасан баримтыг Хөгжлийн банкны удирдлагуудын тансаглалаар жишээлж болно. Хөгжлийн банкны цалингийн зардал 2011 онд 378 сая төгрөг байсан бол 2015 онд дөрвөн тэрбум 700 сая төгрөг болж нэмэгдсэн байдаг. Хөгжлийн банк төвхнөхийн тулд Худалдаа хөгжлийн банкнаас нэг метр квадрат нь есөн сая төгрөгийн үнэтэй 3000 метр квадрат байрыг 28 тэрбум төгрөгөөр худалдаж авсан нь шалгалтын дүнгээр олон нийтэд ил болсон.
Арваад давхар байшингийн өртгөөр хэдхэн метр талбай наймаалцсан нь яах аргагүй хариуцлага алдагдсаны тод жишээ юм. 
Хөгжлийн банк төрийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зүйлд зарцуулсны бас нэгэн жишээг дурдъя. Хөгжлийн банкны удирдлагуудын албан томилолтод жирийн иргэнийхээс хэд дахин үнэтэй төлбөр төлснөөс гадна 2012-2016 онд тэмцээн уралдаанд оролцох 28 хүнд 180 сая төгрөг зориулжээ. Нэг хүнд 26.3 сая төгрөг ногдсон гэсэн үг. 29 хүнд урамшуулал шагналд 2.6 тэрбум төгрөг, нэг хүнд 92.6 сая төгрөг зориулсан гэх мэт ойр тойрны хүмүүсээ мөнгөөр "угжсан" баримт Засгийн газраас байгуулсан шалгалтын дүнгээр олонд ил болсон байна. 
Энэ бол сүүлийн 4-5 жилд төрийн бүх шатанд хариуцлага алдагдсаны ганц л жишээ. Харамсалтай нь хариуцлага алдсан төрийн албан тушаалтнуудын толгойг нь илж, хаацайлж өнгөрөөсөн. Эдүгээ ч төрийн мөнгөөр тансаглагсдын тухай баримт сэлт хэвлэлийн хуудаснаас салахгүй байна. Тиймээс хариуцлагаа умартагсад, үүрэгт ажилдаа хоноцын сэтгэлээр хандагсдад төрийн хариуцлагыг сануулах хүн үгүйлэгдэж байна. Хариуцлагын тухай яриад суух биш хууль зөрчдөг, төсвийн хөрөнгөөр тансагладаг албан тушаалтнуудад хариуцлага тооцуулдаг, ард иргэдийн хүсэлтийг биелүүлж чаддаг хүчтэй төрийн тэргүүн үгүйлэгдэж байна.