Монгол Улсын тусгаар тогтнолын нэн шинэ түүхэнд өөрийн гэсэн тод ул мөрөө үлдээж, монгол түмнийхээ төлөө амь биеэ хайрлаагүй тэмцэж явсан аугаа их Үндэстний баатруудын нэг бол яахын аргагүй Догшин ноён хутагт Номунхан, цэргийн нэрт зүтгэлтэн Лувсан Дамбийжанцан буюу Жа ламтан бөлгөө. 

 

Өнгөрсөн XX зууны үеийн социалист арга барил бүхий түүхчид энэ хүний тухай нэг ч болов сайн хэлж, сайнаар дурсаж болдоггүй юмаа гэхэд үнэн мөнийг олохыг хэзээ ч хүсээгүй юм билээ. Хэрэв үнэний нь олох хэмээвээс хэн нэгэн нэрт жанжны нэр сүрэнд халгаатай байсан ч байж болох юм. Тийм ч учраас Жа ламтны амьдралын нарийн ширийн олон зүйл марксист түүхчдийн хатуу тоглоомын дүрмийн дагуу бүрхэг болсон бөгөөд тодруулах боломж ч үгүй болсон буй заа. 

 

Догшин ноён хутагт Дамбийжанцанг хаана төрсөн, хаанахын хүн болох, хэний шавь болох, ямар боловсролтой болох зэрэг асуудлууд ар араасаа домог, таавар, оньсого болон үлджээ. Түүнийг Цайдам хөх нуурт, Халимагийн бага дөрөвдөд, Астраханьд, Альшаад, Хиагтад, Хөх зотод төрсөн гэх мэтээр янз бүр бичсэн байдаг. Тэрбээр өөрийн хамгийн дотны анд А.Бурдуковт “Би Түшээт хан аймгийн Бадрах гүний хошуу Атиг хурган чихэн ууланд төрсөн” хэмээн дурссан байдгаас гадна 1917 онд Оросын Алс дорнодын хэлтсийн зөвлөх Казаковын тодотгосноор түүнийг “Монгол хүн” хэмээн үзсэнээс харахад үнэхээр энэ хүн Бадрах гүний хошууны (Одоогийн Өмнөговь аймгийн Манлай сум, Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг болов уу. Ш.П) хүн болох нь нотлогдож буй мэт санагдана. 

 

Жа лам 7 настайдаа Өвөр Монголын Долнуурт шавилан сууж, шашны анхан шатны боловсрол олж улмаар Түвдэд бурхны шашны ягшмал сургаалийг судалж байсан тухай эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. 

 

Мөн нэрт зураач, судлаач, ориетанистууд болох аав хүү Н.Рерих, Ю.Рерих нар Жа богдыг “Петербургийн их сургуульд сурч байсан” хэмээн дурссан байдаг боловч Дамбийжаа судлаач И.Ламакина үүнийг нотолж чадаагүй юм билээ. Гэсэн хэдий ч аугаа их Жа ламтан өндөр боловсролтой хүн болохыг А.Бурдуков(Чулц): “Энэ хүн бол нягт нямбай, Энэтхэг, Түвд тэр бүү хэл Орос орноор маш их аялж, амьдарч байсан. Бурхан шашны эрдмийн өндөр цол хэргэмтэй, маш ухаалаг, зоригтой, төмөр мэт сэтгэлтэй, Оросын талыг хүчтэй баримтлагч” хэмээн тодорхойлсноос харахад мэдрэгдэнэ. Мөн Оросын эрдэмтэн Клеменц түүнийг “Далай ламаас адис хүртэж, малгайдаа очир зүүх эрхтэй болсон хүн” хэмээжээ. 

Жа лам XIX зууны сүүлчээр Цагаан хаант улсад халимагуудын бослогыг удирдсаныхаа төлөө Сибирьт цөлөгдөж байсан байна. 

 

1890 оны орчим Жа лам Халхад тусгаар тогтносон Монгол улс байгуулах үзэл санааг сурталчилж, зарим нэг амжилтанд хүрч Ханд чин ван, Жалханз хутагт, Ялгуусан гэгээн нартай санаа нэгдэж, Улиастайн амбаны хэмжээлшгүй эрх, хээл хахуулийн тухай заргын бичиг үйлдэж Бээжинд хүргүүлэн энэ заргын бичигтээ “Энэ зохисгүй байдал цаашид үргэлжлэвэл монголчууд зэвсэг барихаас өөр аргагүйд хүрнэ” гэдгээ анхааруулж байжээ. 

 

Энэхүү заргын бичгийн дараа түүнийг хавчин мөрдөж эхэлсэн тул дахин 1 жил хиртээ алга болсон гэх боловч үнэн чанартаа Амарбаясгалангийн хийд, Түвд хоёрын хооронд Монголын төлөөх сурталчилгаагаа хийж явсан байна. 1891 оны намар Түвдийн чиглэлээс хоёр цагаан тэмээ хөтөлсөн нэлээд зоримог лам хүн Монголын хилийн харуулыг нэвтэрч, өөрийгөө Амарсанаагийн удам хэмээн зарлаж, Хятадын эсрэг тэмцэхийг уриалж яваад Улиастайн амбанд баригдаж хүргэгджээ. Яг энэ үед монгол ноёд цуглан хуралдаж байсан тул Жа ламтан харгалзагч хуягуудыг аргалж байгаад уг хурал руу нэвтрэн орж, тэнд байсан ноёд, тайж нарыг ард түмнээ удирдан, Хятадын дарлалаас гарч газар орондоо эзэн суухыг уриалж тэдний цөсийг хөөргөж жинхэнэ “скандал” үүсгэсэн байна. 

 

Тухайн үеийн Манжийн хуулийг зөрчсөн Дамбийжаа хамгийн хатуу цээрлэл хүлээх байсан тул Оросын талыг баримтлагч түүнийг Оросын консул Шишмарёв Я.П. өмөөрч “Оросын харъяат Астраханийн халимаг” хэмээн Улиастайн амбантай дипломат хэлцэл хийж байж “Оросын хуулийн дагуу шийтгэнэ” хэмээн аварч гарсан байжээ. Үүнээс хойш түүнийг Оросын халимаг хүн хэмээн үзэх болсон байх талтай нь үнэнд ойрхон бөгөөд ийнхүү хоёрдахь удаагаа Оросын цөллөгт очжээ. Энэ цөллөгт очсоноос хойш түүний тухай мэдээлэл хомс байдаг ч 18991901 онуудад алдарт П.К.Козловын экспедицэд Шарав лам нэртэйгээр мөн Чойдог лам, Астраханийн халимаг Лежин Бадмаев, Арлуев, Хиагтын буриад Лувсан Мадаев зэрэг нэртэйгээр Оросын газар зүйн нийгэмлэгийн бусад экспедицүүдэд болон худалдаачидтай явж байсан байна. 

1912 оны хавар Жа лам дахин мөн хоёр цагаан тэмээтэй Ховдод ирсэн байдаг. Энд сонирхуулан тэмдэглэхэд нэгдүгээрт цагаан тэмээ бол ховорхон байдаг бөгөөд монголчууд түүнийг сайн сайхны билэг тэмдэг гэж үздэг, хоёрдугаарт цагаан өнгө хятадуудад гашуудлын буюу үхлийн өнгө болохыг билэгдэж байсан хэмээн А.Бурдуков дурссан байдаг. Жа ламын энэхүү ирсэн тухай Баядын Түмэн гүн “Урьд зүгээс хоёр цагаан тэмээ хөтөлсөн лам нар ирлээ. Тэднийг ахалж яваа лам нь орос буутай, орос цэргийн хувцастай хүн байна. Тэд лав Бээжингээс биш Өргөөний засгийн газраас ирсэн байх” хэмээн ярьж байсан гэдэг. 

 

Мөн А.Бурдуков анх Жа ламтай уулзсанаа дурсан бичихдээ: “4045 орчим насны булчинлаг ханхар цээжтэй, том өргөн дух, шанаа дууштай, зоримог царай, цоргисон хурц харцтай, үл мэдэгдэм муруй, гэмтсэн хамартай, бага зэрэг гуншиж ярьдаг, орос драпан материал бүхий хүрэн өнгийн нударгагүй өргөн ханцуйтай дээлтэй, маш сайн орос аяны хар гуталтай, улаан эмжээртэй цэрэг цамц өмссөн хүн байлаа” гээд цааш нь “Түүний яриа болоод хөдөлгөөн ер бусын маш түргэн, өөртөө маш итгэлтэй бөгөөд... бүх үйл хөдөлгөөн нь түүнийг маш туршлагатай ухуулагч, талын монгол ард түмний зүрх сэтгэлийг өөртөө татагч нууц увидастан...” болохыг сэтгэл татам тодорхойлсон байдаг. 

Энэ удаа ирсэн “хоёр тэмээт лам” нүүдэлчдийг Хятадын эсрэг тэмцэлд уриалан дуудаж, өөрийн биеэр ноёд, лам нартай ганцаарчлан уулзаж, уулзаж чадаагүйдээ алд цэнхэр хадаг, захидлын хамт хүргүүлж, монгол ноёд ихэс, харц ардуудын эх оронч төрөлх зан чанарыг нь хөдөлгөж чадаж байжээ. 

 

Энэ үед Өргөөгийн Засгийн газраас Ховдыг чөлөөлөх шийдвэр гаргаж, урьд нь Ховдын халх жасаанд ашиглаж байсан Хатанбаатар Магсаржавыг цэрэг дайчлан татах үүргийг өгсөн боловч Ховдод түүний нэр хүнд асар муу байсан учраас (учир нь Халх жасаанд ажиллаж байхдаа Манж амбан болон хятад мөнгө хүүлэгчдийн талд ажиллаж байсан бололтой. Ш.П) цэрэг дайчлах уг үүргийг биелүүлж чадаагүй юм билээ. Иймийн учир уг үүргийг Жа лам өөрийн нэр хүндээ ашиглан биелүүлж 1912 оны 5р сар гэхэд Дөрвөд, Халх, Урианхай, Өөлд зэрэг олон ястнуудаас бүрдсэн 5000 гаруй цэрэг дайчлан Монгол улсын Засгийн газрын цэрэгтэй нийлэхэд бэлэн болсон байна. Засгийн газрын цэргийн баргын аугаа их жанжин Манлайбаатар Дамдинсүрэн, Жалханз гэгээн нар удирдан ирсэн бөгөөд тэдний дотор Баяр гүний удирдсан 50 гаруй цэрэг байсан байна. 

 

Ерөнхийдөө бүх цэргийг Жа лам, Манлайбаатар нар удирдан Ховдыг чөлөөлөх үйл ажиллагаа эхэлжээ. Монголын Засгийн газраас томилогдсон сайд Жалханз хутагт сор залж, дайчин эрсийнхээ ар талыг даах нэрийдлээр Ховд хотын хойд ууланд гарсан нь үндсэндээ дайны хөлөөс дайжсан явдал байжээ. Харин тулаанд орохын өмнө хутагтын залах сороос илүү бидний сайн мэдэх Парчин туульчийн хайлсан “БумЭрдэнэ” тууль монгол цэрэг эрсийн зоригийг чангалж, цөсийг нь хөөргөж, арыг нь дааж байсан юм гэдэг. 

 

Ховдын амбаны хэрэм рүү дайрах агшины хамгийн эхэнд манай гол баатар Жа ламтан, харьшгүй зоригт Манлайбаатар, Баргын Дамдинсүрэн нар манлайлан даван орж цэргүүдээ зоригжуулсан байна. Харин Хатанбаатар Магсаржавыг цэргүүдийнх нь хамт хэрмийн гол хаалган дээр цохилтын хүч болгон тавьсан хэдий ч үнэн чанартаа хаалгаар цухуйсан төдийхөн хятадуудыг буцаах хэмжээний үүрэг гүйцэтгэсэн” тухай энэ үйл явдлын гэрч Бурдуков дурссан байдаг. Энэ тухай мөн И.Ломакинагийн бүтээлд ч бас бий. Нийтдээ 45 хоног үргэлжилсэн Ховдын чөлөөлөх тулаан Монголын түүхэнд тод үлдсэн бөгөөд энд ирсэн ялалт монголчуудын сэтгэлгээнд ихээхэн чухал зүйл авчирсны нэг нь монголчууд бид өөрсдийн хүчинд итгэж, ялж болдгийг харуулсан явдал байлаа. 

 

Хэдийгээр энэ ялалт нэртэй баатрууд, жанжнуудын нэр дээр бичигддэг ч гэсэн монгол цэрэг эрсийн хүчин зүтгэл эр зоригийг үнэлэхгүй юм бол тэдний гавъяа юусан билээ. Ховдын хэрэм монголчуудад эзлэгдсний дараа хятадууд Оросын консул Кузоминскийн тусламжтайгаар бууж өгөх бичгээ Монголын Засгийн газарт барьсан гэдэг. 

Жалханз гэгээн Монголын Засгийн газрын сайдын хувьд Богд хаанд Дамбийжанцан ламын хувийн эр зориг, удирдах чадварын талаар магтан дуулж, өндөр шан харамж шагнан хүртээхийг хүссэн байдаг. Үүнийг ч Богд хаан хүлээн авч түүнд “Номунхан догшин ноён хутагт” цол, хошуу захирах тамга (ө.ө.х тамгатай хутагт гэсэн үг. Ш.П) зарлигдаж шагнасан байна. 

 

Ховдыг чөлөөлсний дараа Жа ламын нэр хүнд асар их өсч Монголоор тогтохгүй Орос, Хятад болон ойр зэргэлдээх улс орнуудад алдар нэр нь таран түгсэн байна. 

 

Түүнтэй уулзаж танилцахаар гадаад, дотоодын олон хүн зорьж байсны дотор бидний сайн мэдэх Барон Унгерн байсныг эх сурвалжууд дурьдсан байдаг. Барон Унгерн Жа ламтай уулзахаар Амар мөрний орчмоос Монголыг хөндлөн гулд 7 хоногийн дотор туулж Ховдод ирсэн боловч үнэндээ түүнийг Жа ламтай уулзахыг консул Люба, хурандаа Казаков нар хорьсон байна. Ховдыг чөлөөлсний дараа олзлогсдын асуудал нилээд анхаарал татдаг. Тэдэнтэй хатуу ширүүн хандсан асуудал бий. Тэднээр туг тахисан, арьсыг нь өвчсөн тухай ярьдаг боловч үүнийг нягтлах хэрэгтэй юм билээ. 

 

Ер нь ийм цэргийн ёслол (ритуал) байдаг тухай дэлхий дахины цэргийн түүхэнд тэмдэглээтэй байдаг. Энэхүү ёслолыг ганцхан Дамбийжаа хийсэн гэдэгт миний бие итгэдэггүй. Харин ч бидний магтан дуулах дуртай Хатанбаатар ч энэ ёслолыг уулгалан хийж байсан байдаг. Энэ тухай эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Гэхдээ энэ ритуал ёслолыг эдгээр баатрууд хэзээ ч энгийн номхон ардууд, хятадууд, киргизүүдээр хийгээгүй, харин ч дайсныхаа баатар, жанжид, ихэс дээдсээр хийж байсан байна. Учир нь энэ ёслол Монгол цэргийн хийморь сүлдтэй холбоотой асуудал юм билээ. 

Цэрэг дайнаас гадна Жа ламтан Шар цэхийн гол, Мөнжигт хошууныхаа төвийг байгуулж, шинэ маягийн хот байгууламжийг хийхээр төлөвлөж байсан бөгөөд хошууны төвийн орчимд мал бэлчээхийг хорьж, зам зөргөөр явж, байгаль орчноо хамгаалахыг шаардаж хатуу дэг журам тогтоож байжээ. Мөн Мөнжигт шинээр сургууль соёл байгуулах, эмнэлэг, халуун усны газар бий болгон, хүмүүсийг Европ соёлд сурган, хир буртаг, бөөс хуурснаас нь салгах, цэвэр цэмцгэр байх, Орос хөнгөн хувцас өмсөж сурахыг шаардаж байжээ.

 

Бүх эрчүүдийг лам байлгах албагүй, харин ном сайтайг нь ламаар үлдээж, бусдыг нь хар болгох, лам нарыг архи уух, авгай хүүхэн эргүүлэх, тамхи татах зэргийг хорьж байсан бөгөөд үүнийг зөрчсөн лам нарт арга хэмжээ авч хойно урьд нь архины шил зүүлгэн гудамж шүүрдүүлэн цэвэрлүүлэх арга хэмжээ авдаг байжээ. 

Тэрбээр мод зүлэг тарих, цэцэрлэгжүүлэх, хиймэл нуур хийх гэх мэт жинхэнэ хот байгуулалтыг эхлүүлж үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд зарим үед өөрийнхөө бишрэн шүтэгч Пётр хааныг дууриан сэтгэлдээ нийцээгүй зарим зүйлийг хүчтэй ташуурын дор явуулж байв.

 

Жа лам нутаг орноо хөгжүүлэхийн тулд улсын сан бий болгох, сангаа бүрдүүлэхийн тулд худалдааны татвар татах үйл ажиллагаа явуулж байсны дотор татвар төлдөггүй Оросын худалдаачдын нэг тэмээ ачаанаас 5080 копейкийн татвар татахаар зарлигдаж байсан нь Оросуудын дургүйг хүргэх гол үндэслэл болсон байна. 

Үүнээс гадна барилга бариулах мужаан Оросоос авчирч, газар тариалан хөгжүүлэхээр тухайн үеийн хамгийн сайн ХААн багаж хэрэгслийг ч оруулж ирж байжээ. 

 

Жа ламын шинэ соёл, хөгжлийн төлөөх хатуу шаардлага нь эрх чөлөөт монголчуудад дарангуйлал мэт санагдсан нь түүнийг харгис хэрцгий гэж хэлүүлэх гол үндэс болсон байж болох талтай. Мөн түүний өндөр нэр хүнд Богдын талынханд таалагдаагүй бололтой юм билээ. Үүн дээр оросуудаас татах болсон татвар нэрмээс болж түүнийг Монголын улс төрийн тавцангаас зайлуулах гол махинаци явагдаж түүнийг дахин гуравдахь удаагаа 1917 онд Оросын цөллөгт цөлжээ. 

Энд нэгэн зүйлийг сонирхуулан дурьдахад Жа ламд зодуулж байсан гэгдэх хүмүүсийн үр сад өнөөдөр хамгийн сайн сайхнаар амьдардаг, өөдрөг явдаг юм гэнэ билээ. 

 

Цөллөгний дараа 1919 он хүртэл Астраханьд амьдарч байгаад дахин Монголдоо иржээ. Энэ удаа тэмээгүй ирсэн байна. Ялимгүй турсан, донжтой маягаар хувцаслан, смокинг өмсөж лакан ботинк жийсэн түүнийг астраханьчууд “Ноён” хэмээн дууддаг байсан тухай академич Владимирцов дурссан байдаг. Түүнийг буцаж ирэхэд Хатанбаатар Магсаржав, Жалханз хутагт нар тодорхой шалтгаангүйгээр зай барьж, Бурдуковыг түүнтэй уулзахыг ямар нэг байдлаар зайлуулан аргалж чадаж байсан учир тэрбээр өөрийн эзэмшлийн хошуу руугаа биш Жалцан бэйсийн нутаг руу явжээ. Жалцан бэйсийнд байх хугацаандаа нөхдөө олж уулзах, өөрийн өмч хөрөнгөө олж авахаар хөөцөлдсөн ч энэ бүхэн талаар болсон тул явахаар болж Манжийн уулын өвөрт Баянбулагт суурьшсан байна. Энэ Баянбулагийн хошуу байгуулсан сууринг бид “Ичээнд нь” киноноос сайн мэдэх билээ. Хар гавиар туйлж гардаг Хятадын тэмээн жин Баянбулагаар дайрахгүй өнгөрдөггүйг анзаарсан Жа лам тэднийг дээрэмдэхээ бас мартсангүй. Энэ түүний хятадуудтай тэмцэх эцсийн арга байсан байна. 

 

Түүний нэр хүнд дахин өсч байсан нь шинэ тутам байгуулагдсан Ардын засгийн газарт таалагдаагүй байж болох тул үүнийг ашиглан Улиастайн комендант халимагийн Харти Кануков, дотоодын хамгаалын Балдандорж нар Жа ламыг гүтгэн “Бээжинтэй нийлж Монголын Засгийн газрыг унагах гэж байна” хэмээн гүтгэж түүнийг баривчлах төлөвлөгөө зохион Жа ламд Дугарбэйс, Нанзад баатар нараар Дилав хутагтын захидал гэгчийг зохион хүргүүлж итгэлийг аван, түүний анхаарлыг нь сулруулж байгаад буудуулан алжээ. Жа ламыг устгахад оролцсон болгон харин үхлийн муугаар үхсэн юм гэдэг. 

 

Догшин ноён хутагт эх орон, ард түмнээ хайрлахаас гадна өөрийн ах, дүү, төрөл саднаа ямар нэг хэлмэгдэл дарангуйлалд өртөхөөс хамгаалахын тулд өөрийн төрсөн нутгаа хүртэл нууж явсныг хүртэл бодоход ямар их сэтгэлийн хат, тэнхээтэй хүн байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу хэмээн бодно. 

 

Энэ аугаа их баатар Догшин ноён хутагт Лувсан Дамбийжанцангийн эх орноо гэсэн баатарлаг гавъяаны тухай түүний аугаа их түүхийг товчхон дурьдахад ийм болой. 

 

Монгол эх оронч хөвгүүдээ мартах учиргүй. Түүхэнд балрах мөр байх ёсгүй. Мянга мянган эх оронч хөвгүүдээ тодруулах цаг болсныг хатуу сануулах цаг болсон.

Эх сурвалж www.wikimon.mn

Пүүжээ