Би нь 7 удаа 24 цагийн мацаг барьж бараг 2 сар мацаг барьсан байна. Энэ хугацаанд бүх зүйл дандаа сайхан байсангүй, бас ч бүр муу болчихсонгүй. Гэхдээ л зөв шударгаар хэлэх зүйлүүд байна. Хэн нэгэн шиг болоогүй байхад болсон мэтээр, сайжраагүй байхад сайжирсан мэтээр худлаа бичиж хэн нэгнийг магтаж саймшрахгүй ээ. Мацаг гэдэг чинь хэн хүнийг дагаж хийдэг зүйл огтоос биш юм байна. Та өөрийн бие сэтгэл, уураг, кальци, эрдэс бодисоо нэг дор бүгдийг алдаж ч мэднэ, авч ч мэднэ. Би Анужинтай адилхан бие организмтай биш, тиймээс Анужингийн үгээр хооллоод ч хэрэггүй, өөр хэн нэгэнд таарч тохирч байсан арга надад таарахгүй байх нь амьдрал дээр нотлогдсоор байна. Хэн нэгний хийж иддэг хоолыг дагаж дууриан хооллох нь өөрийгөө золиосолж байгаа хэрэг юм. Мацаг яахав барьж болсоор байна, 7 хоногт нэг удаа хоол идэхгүй байж болох юм, харин энэ хооронд зөв хооллоно гэж юу болохыг би үнэхээр мэдэхгүй байжээ. Сар гарангийн хугацаанд зөв хооллож байна гэж салат, жимсээр хооллож, хүн болгоны хийж идсэн хоолыг дууриан хийж хооллосон би харин ч эсрэгээрээ бие хүндэрч шингэхгүй болсоор ходоод хүндүүрлэж эхэллээ. Тэгээд зөв хооллолт гэж чухам юу юм бэ, зөвхөн ногоо идээд зөв хооллолт болох уу, уураг эрдэс бодис гэж юу вэ, мацаг ямар ашиг тустай вэ гээд бүх л зүйлийг эргэн харж судлах хэрэг гарлаа, харин мацаг нь шинжлэх ухааны үндэстэй, судалгаан дээр түшиглэн он удаан жилийн өөрийгөө таних, бие организмаа цэвэрлэх, бие сэтгэлийн дасан зохицох үйл явц юм байжээ. Гэтэл надад ногоо жимс, сүү сүүн бүтээгдэхүүнээр хооллох тэр болгон зохимжтой биш ажээ. Харин би эсрэгээр нь л хооллоод байж. Цусны бүлгээрээ хоолоо зохицуулах нь хамгаас чухлыг өөрийн биеэр туршин мэдэрлээ. Европын орнуудад энэ аргаар хүмүүс хоол хүнсээ зохицуулж өөрийгөө хэвийн хэмжээнд авч явдаг юм байна. Цаашилбал энэ хугацаанд маш олон салат хийж сурсан нь сайшаалтай ч буцаад махан хоолоо ихээр идэхээ больж эхэлжээ. Их идэхээр л ходоодон дээр цанхайж байна. Тэр хэмжээгээр уураг, эрдэс бодис дутагдаж байгаа бололтой, оройд шөрмөс татдаг болжээ. Одоо миний үлдсэн зүйл бол нэгэнт эхэлсэн мацагтаа өөрийн бие организмаа дасан зохицох хугацааг өгөх, цусны бүлгээрээ хөнгөн хооллох, уураг, эрдэс бодис ихтэй хүнсийг сонгох, ногоон өнгөтэй ногоо багаар хэрэглэх, ходоодоо дүүртэл их идэхгүй байх, махаа бага багаар идэж дасгах, (би 1-р бүлгийн цустай учир мах, махан бүтээгдэхүүн тохирох юм байна) цаг хугацааны хүлээлт л үлдлээ. Ээж минь астма өвчинтэй байсан тул надад бас тийм шинж илэрч үе үе ихээр ханиалгаж, хоолой эрвэгнэдэг байсан би үүнийгээ арилчих болов уу гэж мацаг рүү зориг шулуудан орсонсон. Харин энэ зовиураа эдгэхийг хүлээнэ. Мацаг гэдэг зүйлийг өөрийн бие дээр туршин хэрэгжүүлсэний хувьд эцсийг нь үзэж, бага идэх дадалд өөрийгөө сургах, бие организмаа дасгах хэрэгтэй боллоо. Мөн хэдийд ямар хугацаанд мацаг барих вэ гэдэг нь хамгаас чухал бололтой. Харин хүмүүс юу нь болохгүй, юу нь муу байгааг тэр бүр бичээд байдаггүй юм байна. Иймээс энэ мэт миний постноос туршлага судалж мацаг барих гэж буй бол эхлээд өөрийнхөө бие организмыг судал, юу идэж уухад шингэц сайтай байдгийг мэдэр, цусны бүлгээрээ хооллох арга ухааныг мэд, байгаль дэлхий газар орныхоо уур амьсгалд зохицсон хоол хүнсийг хэрэглэ, 4 улиралдаа тааруулж хооллох гээд бүхэл бүтэн шинжлэх ухааныг өөрийн бие дээр турших тул зөв хооллолтын маш их мэдлэгтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг захимаар байна даа. Ер нь тэгээд явж явж Монгол сайхан ахуй, аргалын утаа, толгой хуйхлах үнэр жилийн 4 улиралд зохицсон хоол, сүүлний өөх, адуу, үхрийн мах, борц, гэдэс, 5 цул, чанасан толгой, сэмжинд ороосон элэг, арвайн гурил, бор гурил, жанц давс зэрэг маань л эрүүл хоол байдаг юм байна гэдгийг батлан хэлэх байна даа. Хурдхан очиж Монгол ахуйдаа дасан шингэхүй. . ..

Л.Одончимэг