Хар тамхи, мансууруулах бодис ОХУ, Хятадаас агаараар, газраар, төмөр замаар орж ирдэг.  Хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд сүүлийн үед арга нь улам нарийсч байгааг Гаалийн ажилтнууд мэдэгдэж байна. Тодруулбал 2012-2017 онд хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 14 удаагийн үйлдэл бүртгэгдсэн. 14 удаагийн тохиолдлоор нийт 9.64 кг мансууруулах бодис буюу кокайн, геройн хураан авч, дээрх хэрэгт  16 /нэг нь гадаадын иргэн 15 нь Монгол улсын иргэн/ хүнийг шалгажээ.  Хилээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан 14 тохиолдлын 5 нь авто замаар, долоо нь агаараар, 2 нь төмөр замаар зорчиж байхдаа баригдсан байна.

Хэдийгээр гааль, мэргэжлийн хяналт, цэрэг, цагдаагийнхан ачаалал ихтэй ч гэсэн сургуультай нохойн ачаар хэргийг илрүүлдэг ч гэсэн тэднийг  аргалаад өнөөдөр манай улсад мөс оруулж ирсээр байна. Өөрөөр хэлбэл хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх тохиолдол нэмэгдсээр байгаа.

Цагдаагийн байгууллагаас 6-7 бүлэглэлийг барьж хорьсон боловч хэрэглэдэг улсын тоо буурахгүй байна. Өнөөдрийн байдлаар 140 хүн хар тамхины хэргээр ял эдэлж байгаа. Өнөөдөр манай улсын хувьд хар тамхи хэрэглэсэн, зарсан, хадгалсан, хилээр оруулж ирсэн нөхдүүдийг шийтгэдэг болохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй.

Үүний улмаас Сэтгэцийн эрүүл мэндийн төвд мансуурах донтой 10 гаруй иргэн хэвтэн эмчлүүлсэн байна.Түүнээс нэг нь айс буюу мөс-нд донтсон бөгөөд өдгөө СЭМҮТ-д эмчлүүлж байгаа. Гэвч тухайн өвчтөн нь эмч ажилчдыг зодох, хазах зэргээр танхай авирладаг. Цус уумаар байна гэж эргэлтээр очсон гэр бүлийнхнээ сандаргадаг байна. Тухайн иргэнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс сэтгэл засал, тайвшруулах зэрэг олон эмчилгээ хийдэг ч үр дүнд хүрдэггүй ажээ. Үр дүн гарахгүй байх нь аргагүй юм. Учир нь дэлхий нийтийн хэмжээнд хар тамхи, мансууруулах бодисонд донтсон хүмүүсийн 3-5 хувь нь л эдгэрдэг. Бусад нь хичнээн эмчилгээ хийсэн ч засал авадггүй нь тогтоогдсон.

Хар тамхи 3-4 дахин нугардаг. Тодруулбал өнөөдөр Монголын зах зээлд хар тамхи, мансууруулах бодис ийм өртөг ханштай байна. 

Ингэж нугардаг болохоор залуус ашгаа бодож гэмт хэрэгтэн болох тохиолдол гарсаар байгаа. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт өртөх юм бол хорих ялаар 15 хүртэл жилээр шийтгүүлнэ гэдгийг залуус ухамсарлах шаардлагатай байна.

Сэргийлэх ажлыг ЭМЯ, БСШУС-ын яам мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийх ёстой ч өдгөө тус яамд “морь унасан толгойгүй хүн” шиг байгаа болохоор энэ чиглэлийн асуудал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Тиймээс хилээр хар тамхи, мансууруулах бодис оруулахгүй байхад гаалийнхан ихээхэн анхаарах шаардлагатай байгаа. Нөгөө талаас цагдаа нарыг мэргэшүүлж, хүн хүчийг нэмж боомтуудад ажлуулах шаардлагатай байгааг эх сурвалжууд хэлж байгаа. Харамсалтай нь гаалийнхан ачааллаа дийлдэггүй болохоор үнэрч нохойг албандаа сургадаг. Гэвч тухайн нохойг сургахад сургалтын зорилгоор ашиглах хар тамхи байдаггүй бөгөөд гаалийн байгууллагынхан цагдаагаасаа хурааж авсан хар тамхи мансууруулах бодисоосоо жоохон өгөөчээ гэж гуйж байгаа харагдсан.

Хар тамхи, мансууруулах бодис нэг удаа хэрэглэхэд үхэлд хүргэдэг, донтсон бол хүн ургамал болдог гэдгийг залуус ухаардаггүй, нэгэндээ уруу татагдаж хэрэглэдэг.

Хэрэглэсэн, зарсан, хадгалсан нь хэрэгт унадаг тул залуус ухаалаг сонголт хийж хар тамхи, мансууруулах бодисоос хол байхыг сэрэмжлүүлж байна.

Бид энэ талаар мэргэжлийн хүнээс ярилцлага тодруулга авч дэлгэрэнгүй хэлбэрээр хүргэх болно.

 

А.Баярмаа