Хэрлэн голын урт нь 1213 км. Хэрлэн голын эх орчмын хэт хуурайшилтын улмаас Хэрлэн голын усны түвшин олон жилийн дундаж /2007-2017/ -аас 108 см-ээр багасчээ.

Мөн наадмын өмнөх өдрүүдэд тасарсан байна. Учир нь “Дорнод гурил” компани Цагаан-Овоо сумын нутаг “Зүүн Дөрөө” дэх “Дорнод гурил ХХК нь газар тариалангийн усалгаанд суваг татаж үндсэн болон нарийн голын усны урсгалыг хааж байна гэсэн мэдээллийн дагуу аймгийн БОАЖГ-аас холбогдох хүмүүс очиж ажиллан зөрчлийг арилгуулсан байна.

Дээрх байгууллагын голын ус хаасан үйлдлийг Мэргэжлийн хяналтын газар хуулийн дагуу шалгаж, шалгалтын ажил үргэлжилж байгаа. Дорнод аймгийн Засаг даргийн захирамжаар томилогдсон ажлын хэсэг Хэрлэн голын эх, тэжээгдлийн муж хүртэл голын дагуу хяналт шалгалтыг зохион байгуулан, усны урсацад нөлөөлж байгаа хүний болон байгаль цаг уурын нөлөөлөл байгаа эсэхийг тогтоож, Хэрлэн голын урсацыг хэрхэн нэмэгдүүлэх, тэжээгдлийн эхийг хамгаалах талаар дүгнэлт, санал боловсруулж Аймгийн засаг даргад эргэн тайлагнахаар ажиллаж байгаа юм билээ. 
Дээрх ажлийн хэсэгт Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны асуудал болон биологийн төрөл зүйлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хэрлэн голын сав газрын захиргааны мэргэжилтэн, Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн нар ажиллаж байна.

“Дорнод гурил”-ынхан наадмын өмнөх амралтын өдрүүдийг далимдуулан хэд, хэдэн удаа усны урсгал хааж, өөрийн тариалангийн талбай руугаа татсаныг нутгийн иргэд хүртэл ихэд, эсэргүүцсэн олны нүдэнд ил болсон асуудал. Мөн албаны хүмүүс хүртэл хяналт шалгалт хийж, усны урсгалыг хэвийн болгуулсан гэж байсан юм. Гэтэл Дорнод гурил компани үүнийг ор үндэслэлгүй, нэр төрд халдлаа хэмээн мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд  “Хэрлэн гол маань энэ жил цаг агаарын нөхцөл байдал, хэт халалт, бороо орохгүй удсанаас ширгэлт өгч, тариан талбайд усалгаа хийх боломжгүй болж ургацаа алдахад хүрсэн. Энэ жил ганцхан Дорнод аймаг гэлтгүй Монгол улс даяараа нийт ургацынхаа 70%-ийг алдахад хүрч, тариаланчид бид төдийгүй Монгол улс их хэмжээний хохирол амсахад хүрээд байна. 
Энэ тал дээр аймгийн удирдлага, холбогдох байгууллагууд, бодлогын хүрээнд тариаланчдаа дэмжиж тулгарч буй асуудлыг шийдэх гарц нь болж ажиллах ёстой.
Хэрлэн голын эх авдаг Хан Хэнтийн байгалийн цогцолбор газарт 16 хоногийн түймэр гарч усны тэжээгдлийн орчимд “Ган” үүссэн, мөн хэт халалт, бороо оролгүй удсанаас хэрлэн гол, түүний салаа, сувгийн ус тасарсан байдалтай байна гэж мэргэжлийн байгууллага тогтоосон.
Гэтэл дээрхи асуудлыг манай компанид холбогдуулан Улс төржүүлж, хэрлэн голын усны татралтын асуудлыг Зүүн дөрөө тариан талбайн усжилтаас болсон мэтээр /social орчин, faсebook/-ээр ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч талцуулж, “Дорнод гурил” ХХКомпанийн болон үүсгэн байгуулагч Улсын их хурлын гишүүн /Х. Болорчулуун/-ыг харлуулах оролдлого хийж байгаад харамсаж байна” гэчихсэн байгаа юм.

Иргэдийг ийм тэнэг юу ч ойлгож мэдэхгүй гэж бодон ийм улаан цайм мэдэгдэл хийж байгаа нь ямар учиртай вэ.

Г.Наран