“Номин” супермаркет, “Баялаг Ундраа” худалдааны төв болон гадна талбайд худалдаалж буй төмс, хүнсний ногооны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа. Шинэ ургац худалдаанд гарч төмс, хүнсний ногоо элбэг байгаа хэдий ч худалдаачид үнийн хувьд харилцан адилгүй борлуулж байсан юм.

Бид эхлээд “Номин” супермаркетаар орлоо. “Дэвшил” трейдийн өргөст хэмх нэг килограмм нь 6249, улаан лооль 5629, монгол төмс 999, лууван 1499, шар, хүрэн манжин 949, сонгино 1199, байцаа 1999, сармис таван ширхэг нь 3499 төгрөгийн ханштай байлаа. Мөн зориулалтын баглаа боодолтойгоосоо хамаараад Жаргалантын төмс хоёр кг нь 2499, “Гацуурт” компанийнх нэг кг нь 1199 төгрөг гэсэн.

Харин дараа нь төмс, хүнсний ногоо борлуулж буй хэд, хэдэн задгай талбайд очсон юм. Шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ өнгө алаглан байх аж. Төмс, манжин, ногоон сонгино, яншуй, юуцай, бууцай зэрэг 1000 төгрөг байсан бол лууван 1600, монгол сонгино, байцаа, хүрэн манжин, сармис таван ширхэг нь 1500 төгрөгийн ханштай байлаа. Энэ нь “Номин” худалдааны төвийнхөөс харьцангуй хямд байв. Гэсэн ч өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 150-200 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь мэдээж тариалалтын бүс нутгуудаар хур бороо багатай, гандуу байгаагаас шалтгаалаад төмс, хүнсний ногооны гарц муу байгаатай холбоотой хэмээн худалдаачид халаглаж байв. Л.Сүрэнжаргал “Энэ жилийн хүнсний ногооны үнэ ханш, гарцын талаар ярих зүйл их байна. Бид ихэвчлэн Борнуур, Мандал, Жаргалант сумдаас төмс хүнсний ногоогоо авдаг юм. Энэ жил эдгээр тариалалтын бүсүүдэд хур, бороо бага байсантай холбоотойгоор тариаланчид төдийгүй худалдаачид бидэнд ч гарз, хохирол бишгүй гарч байна. Тухайлбал төмс, хүнсний ногооны бөөний үнэ нэмэгдсэн. “Даарин дээр давс” гэгчээр хүнсний ногоог хорхой их идсэн байх юм. Тэгэхээр хаягдал ногоо их гарч байна л даа.

Ер нь бол намаршаад хөрсөн дээр цочир хүйтэрдэг учир тухайн үеийн төмс, хүнсний ногоог хөлдсөн, хөлдөөгүйгээр нь сайтар ялгаж ирдэг юм. Харин өдий үеийнх тусгайлан ялгагдах нь ховор учир хорхой идсэн, болц гүйцээгүй, хэт жижиг зэрэг хаягдал ногоо гарах нь элбэг байна” гэсэн юм.

Долдугаар сарын сүүл мушгиад л хүнсний ногооны ханш буурдаг аж. Тиймдээ ч худалдаачид өдий үед нэг шуудай төмсийг 1415 мянган төгрөгөөр авдаг байжээ. Нэг шуудайд 4044 кг төмс багтдаг. Энэ үедээ нэг килограммыг нь 600 төгрөгөөр зардаг байж. Гэтэл энэ жил уламжлал ёсоор буурах нь битгий хэл, улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Одоогоор нэг шуудай төмсийг 3335 мянган төгрөгөөр авч байгаа юм байна. Тэгэхээр дунджаар нэг кг төмсийг 800900 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Хэдий өдөр, өдрийн бөөний ханш харилцан адилгүй байгаа ч худалдаачдын хувьд 1000 төгрөгөөс давуулахгүйгээр зарж байгаа гэсэн. Харин нарийн ногоог хүлэмжинд тарьдаг учир үнийн хувьд төдийлөн хэлбэлзээгүй байна.

П.Дэнзэн “Хэрэв бид яг тариаланчдынхаа гараас хүнсний ногоогоо авбал арай ч ийм өндөр үнэтэй авахгүй л дээ. Тариаланчдаас бидэнд хүрэхийн тулд хэд, хэдэн ченжийн гар дамжиж байгаад гол учир байгаа юм шүү дээ. Ченжүүд тухайн өдрийн цаг агаарын байдлаас хамаараад л бөөний үнээ нэмчих жишээтэй. Бороотой өдөр бөөний үнэ нэмэгддэг жишиг ч бий болжээ. Яахав бид ченжүүд шиг тариаланчдаас машин, машинаар нь ногоогоо аваад зарж болох байх л даа. Гэхдээ бидэнд хараахан тийм боломж байхгүй. Олуулаа л нийлж байж машин ногоо авах хүч хүрнэ. Одоо бол бид өдөр тутамд борлуулах ногоогоо л авч байна. Үүнээс ихийг авъя гэсэн ч хадгалах байр савнаас өгсүүлээд асуудал мундахгүй. Тэгэхээр тариаланчид маань шууд л ногоогоо авчраад зарчихдаг бөөний төвтэй болчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл тариаланчид ченжид өгөх үнээсээ хавьгүй илүү үнэтэй зарж чадна. Бид ч ченжээс авдаг үнээсээ хямдаар авч, хэрэглэгчдэд ч өндөр үнэ хэлээд байх шаардлагагүй. Түрээсийн мөнгө, сав баглаа боодол, хөлс мөнгөө нэмээд хамгийн дээд тал нь нэг кг ногоон дээр 200300 төгрөг нэмээд л зарна шүү дээ. Бидэнд зөв тогтолцоо л хамгийн их үгүйлэгдэж байна даа” хэмээн хэллээ. Тус задгай талбайн худалдаачид ихэвчлэн монгол хүнсний ногоогоо худалдан авдаг байна. Хэдий тийм боловч энэ жилийн хувьд тариаланчдын ургац хураалт өвлийн хэрэгцээт хүнсний ногоогоо хангаж чадах эсэхт эргэлзэж байгаа талаараа хэлж байсан юм.

Бид дараа нь “Баялаг ундраа” худалдааны төвийн дэргэдэх төмс, хүнсний ногооны худалдааг зорилоо. Энд төмс 1200 төгрөг, байцаа 1300 төгрөг, лууван 1500 төгрөг, шар, хүрэн манжин 1000 төгрөг, монгол сонгино 1500 төгрөгөөр тус тус худалдаалж байлаа. Лууван, манжин нь Зүүнхараагийнх бол төмс нь Жаргалантынх юм байна. Ямартай ч супермаркет болон задгай талбайн худалдаанаас хавьгүй хямд үнэтэй байв. Худалдагчийн ярьж буйгаар эднийхэн мөн л монгол хүнсний ногоогоо худалдан авч борлуулдаг байна. “Нарантуул” худалдааны төвтэй ойр учир тус хүнсний ногооны худалдаагаар үйлчлүүлэгчид олон байлаа. Жилээс жилд шинэ ургацын ногоогоо худалдан авах иргэд нэмэгдсээр байгаа тухай худалдаачид олзуурхан хэлсэн юм. Ер нь өдий үед урд хөршөөс сонгиноос өөр хүнсний ногоо орж ирдэггүй аж. Тиймээс чанар муутай ногоо авчих вий гэж айлтгүйгээр Монголынхоо шинэ ургацыг хүнсэндээ хэрэглэж, басхүү нөөшлөөд авахад гэмгүй хэмээн захиж байлаа.