Францын нийслэл Парис хотноо чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн шөнө ОУХМ П.Орхон дэлхийн аварга болсон билээ. Иймд түүний ээж Б.Пүрэвдуламтай утсаар холбогдож цөөн асуултад тодруулга авсан юм.

-Сайн байна уу. Юуны өмнө дэлхийн аварга охин төрүүлсэн танд баяр хүргэе?

-Баярлалаа. Би ч гэлтгүй Монгол түмэн маш их баярлаж байх шиг байна.

-Охинтойгоо та холбогдож амжсан уу?

-Амжаагүй ээ. Одоо унтаж байгаа байх. Сэрээд өөрөө холбогдох байхаа.

-Энэ удаагийн барилдаан танд ямар санагдав. Ингэж асуусны учир нь та барилдааныг нь байнга үздэг юм шиг санагдсан ...

-Тийм ээ. Охин маань ДАШТ-д анх удаа оролцож, түрүүллээ. Сэтгэлзүйн хувьд би бага сага юм хэлдэг ч багш нар нь их зөвлөдөгт баярладаг.  

-Зарим аав, ээж хүүхдийнхээ тэмцээнийг үзэхээс эмээдэг гэдэг. Харин та тэгдэггүй юу?

-Үгүй ээ. Тэгвэл яана аа, ингэвэл яана аа гэж ч нэг их боддоггүй. Өөрийнхөө сурсан эрдмээр, мэдрэмжээр л барилдах хэрэгтэй гэж боддог.

-Тэмцээнд явахдаа танд том амлалт өгсөн үү?

-Дэлхийн аварга болоод ирнэ ээ гээд л явсан. Тэгээд ч сорилго тэмцээний үеэр Монголынхоо ард түмэнд “Дэлхийн аварга болж та бүхнээ баярлуулна аа” гээд амлачихсан шүү дээ. Тэр амлалтаа өнгөрсөн шөнө биелүүлж чадлаа. 

-Бөхийн удмынх нь талаар яриач ...

-Миний аав цэргийн начин цолны болзол хангасан бөх байсан ч цолыг нь албан ёсоор олгоогүй юм билээ. Тухайн үед дайны ч жил байсан гэдэг. Харин дүү маань аймгийн начин цолтой хүн байсан. Тэгэхээр охин маань удмаа дагасан байх.

-П.Орхон дунд сургуульд байхдаа шатар, тэшүүрийн спортоор хичээллэдэг байсан гэсэн. Бөхийн төрөл рүү урвахад нь та “Эмэгтэй хүүхэд барилдах дэмий” гэсэн утгатай үг хэлж байв уу?

-Үгүй ээ. Би хүүхдийнхээ аль ч шийдвэрийг дагадаг.

-П.Орхоны найз залуу ч мөн адил ДАШТ-д хүч үзэх гэж байна. Охиноо харчихсан юм чинь хүргэнээ хүлээх л үлдэж байна даа?

-(инээв.сурв). Нөгөөдөр барилдана. Н.Лхамгармаа гэдэг залуу бий. 65 кг-ын жинд барилддаг ОУХМ цолтой. Дахин сайн барилдахыг хүсч байна.

П.Орхоны тухай товч танилцуулгийг хүргэе.

П.Орхон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Аймгийнхаа сургуулид анх сурч, шатрын дугуйланд явснаар оюуны спортоор гараагаа эхэлжээ. IV ангид хотод шилжиж ирээд 111 дүгээр сургуульд ороход биеийн тамирын багш нь тэшүүрийн спортын хүн байсан учир өвлийн спортоор хичээллэжээ. Тэшүүрийн спортоор зургаа, долоон сар хичээллэсэн ч тэгтлээ сонирхлыг татаагүй байна.

“Цайз”-д гэр нь нүүж очсоноор олимп, дэлхийн аваргууд төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжин орсон. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын шилдгүүдийн сургууль. Нагац ах нь хоёр хүүхдийнхээ хамт “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Хосбаярт аваачиж өгснөөр чөлөөт бөхөөр хичээллэж эхэлжээ. Нагац ах самбо, жүдогоор хичээллэж байгаад амьдралаа авч явахын тулд спортоо орхижээ.

Энэ талаараа  “Манай ах, нагац ахын хоёр хүүхэд тэр үед чөлөөт бөхөөр барилддаг, медаль хүртээд л байсан. Төрсөн ах минь 2006 онд Лу.Энхбаяр багшийн нэрэмжит тэмцээнээр хөлөө хугалаад спортоо орхисон болохоор чөлөөт бөх надад ойрхон байлаа. Нэгдүгээр ангид байхад ангийн багш Солонгоо бөхөөр барилдаарай, чи бяртай шүү гээд захидаг байсан. Намайг ийм амжилтад хүрэхэд их баярласан даа багш минь. Манай ээж бөхөд их дуртай. Эгчийг минь бяртай барилдуулна гээд жүдогийн секцэнд оруулсан чинь долоо хоног яваад сонирхохгүй орхисон. Намайг барилдана гэхэд дэмжсэн" гэв.

Шавь нараа  алагчилж үзээгүй “Алдар”-ын ах дүүс

Багш нарынхаа талаар ярихдаа П.Орхон нүд нь сэргээд л явчихна. Ц.Хосбаяр багшид анх 14 настай байхдаа шавь болж очсон. Эмэгтэй хүүхэд очихоор баярладаг байсан Хосоо багш жинг нь үзээд “За бэлтгэлдээ ор” гэжээ. Хоёр багш минь бид нарыг хүүхэд шигээ л эрхлүүлнэ. Халаасанд байгаа мөнгөөрөө шавь нартаа хоол авч өгснийхөө дараа Цогоо багш “Өө хүүхдэдээ орой чихэр авч орох мөнгөгүй болчихлоо” гээд л амаа барина.  

Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн онцлог гэвэл өглөөнөөс орой хүртэл хэдэн зуун хүүхэдтэй ажилладаг. Тэр олон хүүхдийг нэгийг нь ч илүү, дутуу үздэггүй. Чадах бүхнээ бүгдэд нь заадаг. Тэр дундаас өөрийгөө дайчилж чадсан нь хурдан гарч ирдэг байх. Мэдээж тэр олон хүүхдийн дунд амжилт нь ахихгүй хүүхэд гарч ирнэ. Хамгийн гоё нь хоёр багш минь хэзээ ч муу яваа шавь нарыгаа орхидоггүй. Тийм ч болохоор барилдаад амжилт гаргаагүй ч шавь нар амьдрал дээр дандаа сайн сайхан зөв явдаг.

Ц.Цогтбаяр багшийгаа мөнгөний хулгайд сэрдэгдэхэд сэтгэл нь ихэд тавгүйтсэн тухайгаа ярив. “Тухайн үед би Оросын тэмцээнд түрүүлээд 10 мянган ам.доллар авсан юм. Багшийн талаар янз бүрийн мэдээлэл гарангуут нь утасдаад “Багшаа таныг хардаад байгаа хүмүүст өчнөөн мянган долларын шагнал хүртэх олон шавь байгаа шүү гэж хэлээрэй" гэж захисан гэв.

Найзууд дэвжээнд өрсөлдөгчид болов

Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр арван жилийн нэг ангийг төгссөн. 2008 оноос хойш “Алдар” спорт хороонд чөлөөт бөхөөр хүсэл мөрөөдлөө нэгтгэснээр үй зайгүй найзууд болжээ.  Олимпийн жил эхлэхтэй зэрэгцэн  С.Цэрэнчимэд 60кг-аас жин хасч, П.Орхон жин өгсч 58кг-д өрсөлдөх болсноор найзууд дэвжээнд өрсөлдөгчид болсон.

“Манай нагац ахын охин Цолмонгийн өмсгөл, просункийг Чимэдээ бид хоёр олон жил ээлжилж гуйж өмссөн. 2013 оноос л Чимэдээ бид хоёр өөрийн гэсэн өмсгөлтэй болсон” гэв.  2012 оны залуучуудын ДАШТ-д С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр хамтдаа явсан ч медальд хүрээгүй. Медалиас мултарсан орой нь Ц.Цогтбаяр багш  П.Орхонг сургуулиасаа жилийн чөлөө авчих. Та хоёрыг багш нь нэг сайн бэлдье гэжээ. ШУТИС-ийн КТMС-ын нийгмийн ажилтны ангид суралцдаг тэрээр чөлөө авч нэг жилийг зөвхөн бэлтгэлдээ зориулжээ.

Жилийн дараа хөдөлмөрөө үнэлүүлж С.Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга болж П.Орхон хүрэл медаль хүртсэн түүхтэй. 2016 оны УАШТ-ий эхний тойрогт П.Орхон, С.Цэрэнчимэд нар эхний тойрогтоо учраа таарсан. Чимэдээгийн  хувьд техник ур чадвар бусдаас илүү учраас хамгийн хүнд барилдаан байсан. Жингийнхээ шилдгүүдээс С.Бямбасүрэн, Т.Мөнхтуяа эгчийг ялж үзээгүй учраас бүр илүү бэлтгэлээ хийнэ гэв.

Иван Ярыгиний тэмцээний алтан медаль шигшээгийн босго давуулав

П.Орхоны хувьд залуучуудын шигшээ багт харьяалагддаг байсан. Ц.Хосбаяр багш нь “Гурван жил насанд хүрэгчдийн шигшээ багт оруулах гээд хөөцөлдөөд бараагүй. Тархи толгойны өвчтэй гээд аваагүй” талаар ярилцлага өгсөн.

Энэ талаар асуухад “2015 оны ААШТ-ээр Хятадын тамирчинд ялагдсан. Үдээс хойш нь тэмцээн лүү явж байгаад автобусанд гэнэтхэн ухаан алдаад уначихсан. Батбаяр багш эмнэлэгт хүргэсэн байсан. Ирээд Насанбат багшид үзүүлсэн чинь ядаргааных гэсэн. “Mongolian open”-түрүүлэхдээ мөрөө жаахан гэмтээчихсэн. Тэрийгээ эмчлүүлэхгүй шууд эрчимжүүлсэн бэлтгэлд ороод Азийн аварга явсан болохоор ядарсан юм шиг байна лээ. Тэрнээс болсон уу нэг ийм яриа гарчихсан юм. Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүлсэн түүнийг ирэнгүүт шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр багш хөөцөлдөж шигшээ багт оруулсан" гээд ихэд баяртай байлаа.

 

























У.Баярсайхан

Эх сурвалж: www.mnb.mn