М.БААСАНДЭЛГЭР

Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цэрэг эрчүүд эрэмдэг, зэрэмдэг болж байгаа тухай сэтгэл өвдөм тохиолдлууд ар араасаа гарч байгаа билээ. Тухайлбал өнгөрсөн зургадугаар сард Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч нас барсан.

Түүний дараахан дахин Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж, улмаар нэг нь нас барсан хэрэг гарсан. Хариуцлага хүлээх эзэнгүй, осол авааруудын хохирогч болсон албан хаагчын ээж ийнхүү ярьж байна. Тэрбээр “Миний хүүг Ихбаяр гэдэг. 2016 оны 10-р сарын 22-нд цэргийн комиссоор орж Дорнод аймгийн 327-р ардын армид хуваарилагдаж очсон. Тангаргийнх нь баяраар очиход шүд нь өвдөөд авахуулсан. Гэхдээ ёзоор үлдсэн учир дахин ёзоор авахуулах хагалгаанд орно гэж байсан юм. Тухайн үед ангийнх нь эмнэлэгт шүдний эмнэлэг байхгүйн улмаас Дорнод аймгийн эмнэлэгт очсон байсан. Цэргийн ангиасаа 12-р сарын 25-нд цэргийн төв эмнэлэгт ирж шүдний ёзоор авахуулах хагалгаанд орсон юм. Үүний дараа хамраас нь эвгүй үнэр гарч, толгой нь эргэдэг болсон. Тиймээс хамранд нь байнгын цэвэрлэгээ хийх шаардлагатай байдал үүссэн. Тухайн үед цэвэрлэгээ хийлгэж байхад резинэн бээлийний үлдэгдэл хамарнаас нь гарсан юм. Энэ тухай ч өвчнийх нь түүх дээр бичигдсэн байсан. Өвчин нь тэвчихэд бэрх болсон учир тархины томограф зураг авахуулж хоёр дахь удаагаа 2017 оны нэгдүгээр сарын 3-нд хагалгаанд орох болсон. Хагалгааны дараа зүүн нүд нь юм харж чадахааргүй хавдартай байсан. Улмаар тав хоногийн дараа хавдар нь буухад нүд нь юу ч харж чадахгүй болсон юм. Хоёр дахь хагалгаанд орохоосоо өмнө хүүгийн минь хараа хэвийн, ямар ч эмгэггүй байсан. Хагалгааг Цэргийн төв эмнэлгийн эмч нар хийсэн.

Хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 22-нд нүдний космитик хагалгаанд дахин орсон. Хагалгаанд орох шалтгааныг эмч тайлбарлахдаа нүдний аяга нь унах магадлалтай учир тор тавих шаардлагатай гэсэн. Хагалгаа тийм ч сайн нөлөөтэй байгаагүй. Мэргэжлийн эмч нар зүүн нүд дахин хараа орохгүй гэж хэлсэн. Миний хүү одоогийн байдлаар цэргийн албанаас чөлөөлөгдөж, гэртээ сэтгэл санааны хямралд орсон байдалтай байгаа. Батлан хамгаалах яамны төлөөлөл гэж ямар нэгэн хүнтэй уулзаагүй. Өнөөдөр сайдтай уулзах цагаа товлох гэж яам орсон. Би эрүүл саруул хүүхдээ цэргийн албанд явуулсан. Одоо юу ч харж чадахгүй байна. Хагалгаа хийх явцад нүд нь хараагүй болсон учир эмч нарын буруутай үйлдэл байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Тиймээс хуулийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, ЦЕГ-т гомдолтой гэж өргөдөл гаргасан. Одоогийн байдлаар энэ асуудлыг хуулийн байгууллагуудад шалгуулж байна” гэсэн юм.

Батлан хамгаалах яам болон Цэргийн төв эмнэлэгт хандсан ч тодорхой хариу өгөөгүй аж. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ оны дөрөвдүгээр сард хандсан ч хэргийг шалгаж шийдвэрлэсэн зүйл байхгүй байгаа гэв.

Эх сурвалж: www.polit.mn