Зураг

Түвдчүүдийн эрхэлдэг гол уламжлалт аж ахуй бол газар тариалан, мал аж ахуй. Үүнийгээ дагаад идэш уушны тал дээр манайхны иддэг уудагтай адил зүйл олонтой. Түвдчүүд зочин ирлээ гэхэд юуны түрүүнд цай аягалж барина. Цайны аяга нь бидний барьдагаас арай жижиг, бөөрөн дээрээ найман тахилтайгаас үндэсний хээр хауртай гээд үзэмжийн хувьд янз бүр. Сарлагийн тос хөвүүлсэн нутгийн цайг анх өнөө алдарт “Шангри-Ла”-гийн ресторанд ууж үзэв ээ. Нялалзсан тостой, ааг нь ихэдсэн гэмээр түвд цайг анхлан харахад дотор пэлбэгнэнэ. Түвд эзэгтэй нар тостой, чихэртэй эсвэл зүгээр сүүтэй бас хар цай чанах юм. Хэн хэлснийг бүү мэд, “Уруул хагарахгүй, биед сайн” гэсэн тул удалгүй ууж дассан даа. 



Түвдийн өндөрлөг ер нь зөвхөн түвд хүн, сарлаг хоёрт л давтагдаж байх нигууртай газар шиг байгаа юм. Сарлаг гээч амьтан уулын тагтан дээр амьдардаг. Өнөө цагт түвдэд зам харгуй сайжраад сарлаг гээчийг хажуу дэргэдээс нь л харж явлаа. Аялалын хэд дэх өдөр юм, автобусны цонхоор нэг харах нь ээ мотоцикльтой нөхөр сарлагаа хураагаад явж байдаг байна шүү. Манай малчид хонь малаа мотоциклиор эргүүлж явдагтай адил харагдсаныг хэлэх үү инээд ч хүрэх шиг. Түвдчүүд сарлагийг уналга тээвэр, газар хагалах, идэш зэрэгт ашигладаг байжээ. Одоо ч бүгдийг техник технологиор шийдээд уламжлалт гар арга хоцрогдох тал руугаа орсон байна. Сарлагийн борцоо хүртэл ууталж савлаад дэлгүүр хоршоогоор зардаг болжээ. Сарлагийн махаа тавагласан айлуудаар цөөнгүй орсон. Уг нь ч зөөллөөд сайхан чаначихдаг юм байна лээ. Идэж сураагүй болоод тэр үү сарлагийн мах амтаар зүгээр ч арзгар талдаа, өөх тосны нүнжигээр бага юм. 



Түвдчүүд сарлагийнхаа арьс шир, яс, эвэр, саваг, хөөвөр гээд бүгдийг амьдралдаа ашиглаж ирсэн уламжлалт технологитой улс. Аялалын 10 дахь өдөр бид Тангө гэх тосгонд ирлээ. Тус тосгоны Дашидүбэ гуайн том охин Жан Шү Ши бидэнд гар аргаар хөнжил нэхэхийг үзүүлэв.

Тэрээр одоо 21 настай, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургуульд нягтлангийн ангид сурдаг. Хөнжил нэхэх аргыг анх эмээгээсээ сурсан гэнэ. Тусгай зангидсан рам бүхий модон суурин дээр эхлээд хөндлөөшөө мухар тохой орчим хэртэйг нэхээд дараа нь түүнийгээ нийлүүлж оёсноор хөнжил болдог. Долоо хоногт нэг хөнжил гараас гардаг. Зах зээл дээр борлуулвал 600-700 юань хүрнэ. Эмээгийнх нь үед хонины ноос, сарлагийн хөөвөр зэргээс утсаа гаргаж авдаг байсан бол орчин цагт нэхмэлийн утас худалдаанд бэлэн байх болжээ. Жан Шү Ши охины нэхсэн хөнжил дүн өвлийн хүйтэнд их дулаан гэсэн. Тэрбээр мэргэжлийн сургуулиа төгсөөд их сургуульд орохоор бэлтгэж байгаа гэх мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцсан. Хэрвээ тэр их сургуулийн оюутан болвол түүнд үндэстний цөөнхийн хүүхэд гээд улсаас тэтгэмж өгөх юм билээ.



Түвдийн өндөрлөгт ургахад хамгийн томиромжтой ургац бол арвай. Арвайг 4 дүгээр сард тариад 9 дүгээр сард хураан авдаг. Жинхэнэ ориг замбай чухам л тэнд байна. Түвдийн өндөрлөг ер нь арвай болоод мод ургамал ургах дуртай юу гэхээс ногоо цагаа ургахгүй дургүй газар аж. Өөрөөр хэлбэл, өндөр газарт хүнд металлын агууламж их тул элдэв ногоо цагаа тарихад тохиромжгүй. Тиймээс Лхас хотод хүнсний ногоо, жимс жимсгэнэ, цэцэг навч, халуун орны мод бут зэргийг тариалж буй туршилтын хүлэмж байгуулсан байна. Хэзээ хүнд металлын агууламж бага, хүний биед хоргүй ургац хураан авна тэр цаг хүртэл уг төсөл үргэлжлэх гэнэ.



Мөн Лхас дахь орчин үеийн үнээний фермээр орлоо. Голланд үйлдвэрийн сүүний чиглэлийн алаг үнээний энэхүү ферм сүү, цагаан идээний хэрэглээ өндөртэй түвд шиг газарт нэн нүдээ олсон бизнес аж. Үнээг анх Хөх нуурт буюу 1800 м-ийн өндөрт нутагшуулсаны дараа 3665 м-ийн өндөрт буюу Лхаст авчирсан хэмээн танилцуулга хийсэн охин ярив. Гэтэл бид яав, үүлс хөлөглөөд Лхаст ирчихсэн байдаг. Мөн дээр нь үнээнийхээ иддэг өвс тэжээлийг өндөрлөг газрынхыг сонгож борддог хэмээн ярьдаг юм даа. Хаа очиж авууштай нь тус үйлдвэрт 17 хүн ажилладгаас бүх ажилтан нь түвд хүн гэнэ.



Байгалийн үзэмжээрээ түвдийн нутаг хараа булаана. Хамгийн анх Лхас голыг хараад “Яасан их шаварлаг гол устай нутаг вэ” хэмээн бодож байж билээ. Гэтэл нутгийн гүн руу орох тусам уулын гол горхины цэнгэгийг харж гайхан биширч явав даа. Томоохон гол мөрөн нь чимээтэй. Уулнаасаа эхтэй болоод тэр үү урсгал түргэнтэйн дээр том том бул чулуутай тул цохилго ихтэй юм. Түвдчүүд сонин хүмүүс шүү. Тэндхийн өндөр хүчдлийн шонгуудыг уулсын оройг дамнуулж тавьсан байдаг юм билээ. Тэдгээр шонг яаж ингэж суурилуулдаг байна вэ хэмээн гайхам өндөрт л яг зэрэгцээд дарцаг хиур өлгөөд явсан байхыг олонтаа харлаа. Уулын нүүрэн тал, оргил, онь, усны эх гээд үзэгдэх харагдах газар бүрт хийморийн дарцаг өлгөжээ.


 
Түвд бол уулсын орон. Албан тооноос үзвэл, 7000 болон түүнээс дээш өндөртэй уул 50 орчим, 8000 метрээс дээш өндөртэй 11 уул байдаг хэмээн бичигджээ. Базаад хэлвэл Түвдэд уулын бүх хэлбэр, усны бүх өнгө бий. Ер нь бол түвдөөр зорчсон тохиолдолд өндрийн тухай мэдээлэл чухалд тооцогдоно. Бид хил давахаараа мөнгө шилжүүлж боддог доо, яг түүн шиг. Сав л хийвэл “Алтай Таван богдоос нам юм уу эсвэл өндөр юм байна” гэх юм уу, нэгэн бол “Улаанбаатараас өндөр үү нам уу” гэх харьцуулсан бодол толгойд эргэлдээд байсан юм даг.


 
Түвд айл гаднаа малын баасаа шавж овоолсон байх. Өвөлдөө аргал хөрзөн, мод түлдэг. Сүүлийн жилүүдэд төрөөс мод огтлохыг хориглосон тул хамаа цамбараагүй мод огтлохоо больжээ. Түвд үндэсний сууц нь уулын чулуу, байгалийн шавар, тулгуур модноос бүрддэг. Иймд байшин барих айл харьяа засаг захиргаанаасаа зөвшөөрөл хүсдэг аж. Түвдчүүдийн орлогын нэг томоохон эх үүсвэрт дотор газарт ховорт тооцогддог, эмийн найрлагад ордог мөөг багтдаг байна.

Рэжи тосгоны Бажин гуайн гэргий Рагу гэхэд нөхрийнхөө гэр буудлын ажилд туслахын зэрэгцээ хорь хавдраас урьдчилан сэргийлэхэд нөлөөтэй гэх нэгэн төрлийн мөөгийг уулнаас түүж борлуулдгаа ярьлаа.  Тэрхүү мөөгийг нутгийнхан л хаа ургадгийг мэддэг бөгөөд туршлагатай нэгэн бол шөнөөр ч түүж чаддаг. Түүхдээ үндсийг нь үлдээж, дээр нь шороогоор дардаг тул хэр баргийн хүн тэр газрыг нь олдоггүй гэнэ. Биднийг очих үе бол уг мөөгийг түүхэд хамгийн тохиромжтой таарчээ. Мөөгөө тэд гурав ангилна. Толгой иш нь тэнцүү бол нэгдүгээр зэргийн, ишнээсээ толгой нь арай том бол хоёрдугаар зэргийн, толгойн хэсэг ишнээс хавьгүй том далбайсан бол гуравдугаар зэргийн хэмээн тооцож цааш худалддаг. Дөнгөж түүсэн чийгтэй мөөг 500 гр нь 70 юань. Хатаавал хагас кг нь 500-800 юань хүрэх эл мөөгийг бизнесийнхэн газар дээр нь үнэлж аваад 24 цагийн дотор Япон руу экспортлодог. Хэрэв уг мөөгөөр шөл хийж ууваас ямар ч хүний биед сайн, тэр тусмаа эрэгтэй хүнд нэн сайн хэмээв.



Түвдэд монголжуу нэртэй хүнтэй олонтаа таарна. Монголжуу ч юу байх вэ, түвдээс манай руу орж ирсэн нэр л байх. Лхас дахь Танка зургийн хүрээлэнгийн дэд захирил гэх залуу өөрийгөө бидэнд Гонгоржав хэмээн танилцуулсан. Гонгоржав 7 настайгаасаа бурхан хөрөг бүтээх эрдэмд суралцсан, түвдийн биет бус соёлын өвийг уламжлалыг хадгалагч нэгэн. Бурханы хөрөг бүтээх бүх явц тусгай дэг жаягтай. Анхлан суралцагчид цаас хэрхэн хийхээс эл эрдэмд суралцдаг. Цаасаа гардаж хийж сурсаны дараа будгаа ургамал навч, ашигт малтмал, бүр алтнаас гаргаж авахад гэхчлэн бүгдийг шат дараатай сурдаг ба хөрөг бүтээгч нь аль ч насандаа архи дарс уух цээртэй. Учир нь нас өндөр болох үед хүний урлаж бүтээх чадвар буурч, гар салганаж үзэгдэхийн төдий нарийн зурлагыг зурж чадахгүйд хүрдэг. Иймд хатуу сархад тэдний хувьд хориотой гэж тэрээр өгүүлэв.
 




Түвдүүд найрын ширээний ард ууна аа. Гэхдээ пиво голдуу хэрэглээтэй. Лхаст байхдаа хугацаандаа “Арвайн пивоны үйлдвэр”-ээр орсон. Эзэн нь Хонконг хүн байдаг гэнэ. Ер нь Түвдийн тэлж буй эдийн засаг бизнесийнхний нүдний хажуугаар өнгөрөхгүй байгаа бололтой. Долоон төрлийн пиво үйлдвэрлэдэг эл үйлдвэр хамгийн сүүлд 355 мл-ийн савалгаатай, 3.1 градусын “Лхас” нэртэй брэндийг худалдаанд гаргажээ. Үйлдвэрийн дамжлагаар явахад танилцуулга хийж буй нөхрөөс өөр хүн харагдсангүй. Исгэлт 18 хоног үргэлжилдэг, энэ хугацаанд үйлдвэр түр зогсдог, тиймээс ажилчид амарсан байгаа гэнэ. Савлагааны явц үргэлжилж байгаа ч бүрэн автомат учир хүний хүчээр хийх ажил багатай юм. Үйлдвэрийн 35 хувь нь төрийнх, 65 хувь нь хувийн хэвшлийнх. Таван зуун сая юаниар боссон гэх энэ үйлдвэр өнгөрсөн жил 380 сая юанийн орлого олсноос 170 сая нь цэвэр ашиг гэх. Бүтээгдэхүүнийхээ 90 хувийг дотооддоо, 10 хувийг гадагш гаргадаг. Нийт ажиллагсадын 90 хувь нь нутгийн иргэд. Ер нь уулаа уулаа гэхэд түвдэд гэмт хэргийн гаралт тун бага гэнэ шүү. Нэгдүгээрт хүн ам сийрэг, газар нутаг уудам. Хоёрдугаарт шашинтай нь холбоотой. Манайх шиг нэрмэлээ тэд арвайгаас гаргадаг гэсэн.
 


Түвдэд дээхнээ айлууд олон хүүхэдтэй байх нь энгийн үзэгдэл байжээ. Орчин үед 2-3 хүүхэдтэй байх болсон. Аялалын үеэр 10 гаруй айлаар орсон. Ер нь хүүхэд таарахгүй байсан нь хичээлийн шинэ жил эхэлсэн үе таарчээ.

Тэнд хичээл 8 дугаар сарын 19-нд эхэлж, 7 дугаар сарын 5-нд тардаг. Өвлийн амралт 1 дүгээр сарын 10-наас 3 дугаар сарын 1-ний хооронд аж. Хавь ойрын гацаа тосгоны бүх хүүхдийг авдаг нэгэн бага сургуулиар зочиллоо. Сурагчид нь үндэсний хувцасаа өмсдөг нь их хөөрхөн санагдав. Бага насны хүүхдэд жаахан тээртэй юм шиг боловч нэгд тэндхийн цаг агаар ямар билээ, хоёрт хэн ч харсан түвд хүүхэд суралцдаг сургууль байна даа гэдэг нь илт харагдахаар байв. Хүүхдүүд түвд, хятад, англи хэлэнд суралцаж байна. Сургуулийн хашаандаа дотуур байртай тул зөвхөн амралтын хоёр өдөр гэр рүүгээ харьдаг. Саньюу тосгоны Дашдорж гуайнд очиход, “Өнөөдөр баасан гараг зээ нар маань сургуулиас ирнэ. Гэхдээ удахгүй Тарагны баяр болох гэж байгаа тул олон хоног амрахаар нэг мөр ирнэ” гэж байсан нь ийм учиртай байж.


 
Биднийг аялж байх хугацаанд Тарагны баяр тохиов. Эл баяр нь анх тараг ууж, ах дүүс, найз нөхдөөрөө баярладаг шашны зан үйлийн баяр байжээ. Шинэ цагт эдийн засаг, худалдааны баяр болж хувьсан өөрчлөгджээ. Мөн тэдний цагаан сар манайтай бараг адил. Битүүн, шинийн нэгэн, шинийн 15-тай. Зарим нэг айл цагаан сарыг түвдийн, хятадын гэсээр 2-3 удаа тэмдэглэдэг.

Тэд их гэр бүлсэг. Зам зуур харж ээ явахад ширээ тойроод тав зургуул зургаан гар үзэж байгаа бололтой дүр зураг харагдах нь бий. Ямартаа л том байшинтай байх вэ. Ах дүүгээрээ цугаар амьдрах нь тэдний хувьд гайхах зүйл огтоос биш. Зарим нутагт бүр нэг эмэгтэй олон нөхөртэй байдаг уламжлал өнөөг хүртэл хадгалагджээ. Төрөөс энэхүү уламжлалыг бүдүүлэг ёсон хэмээн үздэггүй гэж судлаач Ван гуай Бээжин дэх Хятадын Түвд судлалын хүрээлэнд болсон уулзалтын үеэр бидэнд тайлбарласан. “Яагаад вэ” гэсэн асуултад тэрбээр “Энэ бол уламжлал. Тиймээс үүнийг нь хүлээн зөвшөөрөх ёстой. Одоо ч эл ёс заншлаа дагадаг цөөнх бий” хэмээсэн.

Өөр нэг ойлголцлын зөрүү Саньюу тосгонд гарсан. Түвдээр аялах миний зорилгын нэгээхэн хэсэг бол түвд айлаар орох байв. Үзэл сурталын нийгэм тул биднийг айл хунараар оруулахгүйн болов уу ч гэж бодож явсан тал бий. Тосгонд очоод эхний айлаар орлоо. Сарлагийн махаа таваглаж, тахианы өндөг, чанасан төмс, жимс жимсгэнэ, амтлагч ногоогоор ширээ засчээ. Гэрийн эзэгтэй цай аягалж бидэнд барив аа. “Хэнийх гэдэг айл вэ” гэвэл орчуулагчдаар дамжсаар Нямаагийнх гэдэг айл болохыг мэдэж авлаа. Цайлж дуусаад “За одоо Нямаа гуайгаас яриа авья” гэтэл эхнэрийг нь Нямаа гэдэг болоод явчихав. Гэтэл түвд айл эхнэрээрээ толгойлж явдаг гэнэ. Бид хэллээ. “Монголд Нямаа гуайнх гэх хэрнээ эхнэр нь ярьвал хүн ойлгохгүй. Тэгвэл гэр бүлийн хоёр хоёул яриа өгөг” гэснээр ойлголцол нэгдэв. Түвдчүүд бол бие даасан хэлтэй хүмүүс. Хичнээн дохио зангаа хэрэглэлээ ч бүрэн ойлголцоно гэхэд хэцүү. Уулын тагтны малчид түвдээрээ л ярина. Арай дунд түвшний хотжуу газрынхан бол хятад хэлтэй байх бол орчин цагийн залуус, албан тушаалтнууд, тодорхой ажил мэргэжлийнхэн бол хятад хэлтэйн дээр англиар чөлөөтэй урсгаж байх чинь билээ. Аялах хугацаанд түвдээс хятад руу, хятадаас монгол руу орчуулга хийж байж бид хэл нэвтрэлцэж байв.

 

Түвдчүүд хөгжил дэвшилд бүх орон зайгаа тавиад туучихаж байгаа юм биш ээ. Ардын эмчилгээ оношилгоо одоо ч тэнд хүчинтэй. Түвд эмнэлгийн нэг онцлог нь зурхайтай холбогддогт оршдог аж. Уламжлалт анагаах ухаанд сурахад өмнө нь 8 жил зарцуулдаг байсан бол эдүгээ 5 жил суралцах болжээ. Түүнчлэн түвд эмнэлгийн иш үндэс болсон 4 дэвтэр ботийг ягштал цээжилдэг байсан бол одоо уншиж судалсан байхад хангалттай гэж үздэг болсон байна. Аливаа өвчний эхийг халуун болон хүйтэн чанарын гэж хуваадаг ба арьсны болоод шээсний өнгө, хэлний өнгөр үзэх, судас барих зэргээр үзлэгээ хийдэг. Эмчилгээнд төөнүүр, хатгуур, бумба, эм бариа, хоол тэжээлийн гэхчлэн олон аргыг ашигладаг. Тэр бүү хэл, түвдийн анагаах ухааны сударт 37 долоо хоногоос эхийн хэвлий дэх ураг мэдрэг болдог. Энэ үеэс хүүхэдтэйгээ ярьж хэлж, харилцах байх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байдаг гэнэ. Товчдоо бол түвд анагаах ухааны ном судар тоосонд дарагдаж бүдгэрэлгүй, эмчилгээний багаж төхөөрөмж нь музейн шилэн хоргонд үзмэр болж хадгалагдсангүй. Өндөрлөг газарт хүчилтөрөгч дутагддагаас хүний цус өтгөрдөг тул хануур хатгуурыг хүмүүс нь хийлгэдэг хэвээрээ юм билээ.

Өнөөг хүртэл Түвдэд байсаар байгаа бурангуй гэмээр нэгэн зан үйл бий. Энэ бол тэнгэрийн оршуулга. Талийгаачийн цогцосыг тасдаж тас шувуунд хаяж өгдөг оршуулгын энэхүү зан үйлийг түвдчүүд өөрсдөө тэнгэрийн оршуулга гэдэг. Засгийн газраас эл зан үйлийг хориогүй тул талийгаачийг ийн тэнгэрийн орон руу үддэг аж. Тэдний нутгаар энэхүү зан үйл оршуулгад голлох бөгөөд зарим нэг газарт цогцосыг голд урсгадаг. Иймээс загасны мах иддэггүй түвдчүүд байдаг гэх. Харин хүүхдийг бол модон дээр тавьж эцсийн замд нь үддэг хэмээн нутгийн хүмүүс ярьлаа.


Б.Туул
Үргэлжлэл бий.

Эх сурвалж: http://montsame.mn