Нийслэлчүүд жил бүрийн аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл зургаан сар утаанд "дарлуулж” амьдарсаар олон өвлийг үдэж байна. Өвөл болохоор утаа буурах болов уу, төр засаг юу хийх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд бий болдог. Харин урин цаг ирэхээр аяндаа мартагдаг уламжлалтай.

Гэхдээ өнөөдөр утааг арилгаад өгөөч гэж хүсэх биш, утаанаас уушиг зүрхээ хэрхэн хамгаалах аргад суралцах нь чухал байна. Одоогоор бидэнд утаанаас уушиг, зүрхээ хамгаалахын тулд хэрэглэж болох зүйл хараахан байхгүй байгаа. Иймээс бид хамгийн энгийнээр маск зүүж хэвших хэрэгтэй гэдгийг эмч  мэргэжлийн байгууллага зөвлөмж байна. 

Утаанаас хамгаалах маскыг Монголд хэд, хэдэн компани гаднаас оруулж ирдэг бөгөөд нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудын ихэнх нь утаанаас хамгаалдаг амны хаалтыг худалдаалдаг. Үнийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, Герман улсаас  оруулж ирсэн шүүлтүүртэй, утаанаас хамгаалдаг Том хүний маск 12000 төгрөгийн үнэтэй. Харин хүүхдийн маск 5200 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Шүүлтүүртэй маскны шүүлтүүрийг угааж, цэвэрлээд гурван сар хэрэглэх боломжтой аж. 

 

 "Дэнжид" эмийн санд шүүлтүүртэй том хүний маск 6500 төгрөгийн үнэтэй. Харин хүүхдийнх 5600 төгрөгийн үнэтэй юм байна. Энгийн давуу маск том хүнийх 3500 төгрөгийн үнэтэй, хүүхдийн маск 2500 төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Тус эмийн сангийн худалдагч Б.Ариунаагаас утаанаас хамгаалах маскны хэрэглээ, эрэлт ямархуу байгаа талаар тодруулахад "Иргэд өвөл болохоор ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор маскыг нэлээд их худалдан авч хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд утаанаас хамгаалах амны хаалтыг нэлээд хэрэглэдэг болж байгаа. 11 сар гараад хүйтэрхээр маскны эрэлт нэлээд нэмэгдэг. Манай эмийн санд худалдаалж байгаа утаанаас хамгаалах шүүлтүүртэй маск урд хөршөөс оруулж ирдэг ” гэж ярилаа.

Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор эцэг, эхчүүд хүүхдээ өвчилснийх нь дараа хүүхдээ эм тариагаар бөмбөгдөж, антибиотик хэрэглэж эмнэлэг явах гэж яарах хэрэггүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байвал илүү үр дүнтэй хэмээн мэргэжлийн хүмүүс сануулж байна.

Н.Алт

Үндэстэн.мн