Цаг агаарын сарын урьдчилсан мэдээнд тухайн сард агаарын дундаж температур, орох хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундажтай харьцуулахад ямар байхыг баруун (Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор), төв (Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул), зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар), говийн (Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр) нутгийн гэсэн 4 бүс нутаг тус бүрээр ялган зааж өгдөг. Түүнчлэн тухайн сарын хэдий үед нутгийн аль хэсэгт дулаарах, хүйтрэх, бороо, цас орох, салхи шуурга болохыг тусгана. Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд 'зарим газраар', 30-70 хувьд 'ихэнх нутгаар', 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд 'бүх нутгаар' гэсэн нэр томъёо хэрэглэдэг. Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 00-аас бага болж хүйтрэхийг 'цочир хүйтрэл' гэнэ.

 

 

Цаг агаарын урьдчилсан мэдээг өдөр бүр 12 цагаар болон нэг, тав хоногоор нарийвчлан гаргаж радио, телевиз, хэвлэлээр нийтэд мэдээлдэг. Цаг агаарын байдал эрс өөрчлөгдөн цаашид хөдөө аж ахуйн болон эдийн засгийн бусад салбарын хэвийн үйл ажиллагаанд саад учруулахаар аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч болзошгүй тохиолдолд “Урьдчилан анхааруулах мэдээ”, “Урьдчилан сэрэмжлүүлэх мэдээ” гаргаж радио, телевизээр нийт ард ­иргэдэд, харин эд хөрөнгө, иргэдийн амь нас хохирохоор онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхээр бол “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ” гаргаж “Харанга” дохиотойгоор мэдээлэх ба мэдээллийг онцгой байдлын шугамаар нийт ард иргэд, төр засгийн бүх шатны удирдлагад шуурхай хүргэдэг. Холбогдох газрын удирдлага “Гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ”-г хүлээн авмагц мэдээллийг өөрийн харъяа нутаг дэвсгэрийн иргэдэд хүргэх, гамшгаас хамгаалах, гамшгийн голомтод ажиллах, сэргээн босгох үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах үүрэгтэй.

 

Ус, цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хүний амь нас эрсэдсэн, байгаль орчин, эд хөрөнгөнд хохирол учирсан тохиолдолд сум, дүүргийн Засаг дарга ажлын хэсэг томилон ажиллуулж, уг гамшигт үзэгдлээс хамгаалах талаар зохион байгуулсан арга хэмжээ, үр дүн, учирсан хохирол, гарсан зардлын талаархи мэдээллийг нэгтгэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Онцгой байдлын газар, хэлтэс, Улсын онцгой байдлын ерөнхий газар, аймгийн Цаг уур, орчны шинжилгээний алба, Улаанбаатар хотын Ус цаг уурын хүрээлэнд 3 хоногийн дотор ирүүлнэ.

 

Цаг агаарын мэдээний талаар лавлах, эсвэл байгаль цаг уурын сонин хачин үзэгдлийн талаархи мэдээллийг Ус цаг уурын хүрээлэнгийн 326606, 326609 утсаар өгөх юмуу 'УБ-46, Жуулчны гудамж-5, Ус цаг уурын хүрээлэнгийн “Урьдчилан мэдээлэх секторт' гэсэн хаягаар ирүүлнэ.

 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

 

Уур амьсгалын дундажаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг \1 дүгээр зураг\. Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012 онд ихэнх нутгаар, 2016 онд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 1-7 градусаар хүйтэн байсан бөгөөд 2016 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун, Төв аймгийн зүүн хэсгээр 40-44 градус хүрч хүйтэрч байв.

 

Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7мм, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог\2 дугаар зураг\ боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар дунджаас бага цас оржээ.

 

Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг. Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ. 

 

ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

 

Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Увс, Завханы хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна/3 дугаар зураг/.

 

Нэгдүгээр арав хоногийн эхээр Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхээр хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 28-32 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

 

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгийн ихэнх, Увсын баруун өмнөд, Ховдын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй /4 дүгээр зураг/

 

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.

 

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с, зарим үед 20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

 

Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба Хөвсгөлийн ихэнх, Архангай, Булганы баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна /3 дугаар зураг/.

 

Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө Орхон Сэлэнгийн саваар 9-14 градус бусад нутгаар 5-10 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голуудын сав дагуух нутгуудаар шөнөдөө 26-31 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүрч хүйтрэх төлөвтэй.

 

Энэ сард Хөвсгөлийн зүүн, Архангай, Булганы хойд, Сэлэнгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өвөрхангайн баруун өмнөд, Төв аймгийн өмнөд хэсгээр дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.

 

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар цас орох төлөвтэй.

 

Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхний хасагт зарим газраар 12-14 м/с, зарим үед 18-20м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байдаг ба нийт нутгаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна/3 дугаар зураг/.

 

Нэг эхэн болон дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр Хэнтийн уулсаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтэрч нийт нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 7-12 градус, бусад хэсгээр 3-8 градус хүйтэн. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

 

Энэ сард Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй/4 дүгээр зураг/.

 

Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үе болон эцсээр ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байдаг бөгөөд Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 1.0-1.5 градусаар дулаан байна/3 дугаар зураг/.

Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

 

Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Өмнөговийн баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй/4 дүгээр зураг/

Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар цас, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24 м/с, гуравдугаар арав хоногийн эхэн болон эцсээр зарим газраар түр зуур 16-18 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн