Хэрэв монголчууд тусгаар тогтнолдоо хайртай юм бол Лениний хөшөөг буцааж босгох ёстой. Баабарт тархиа угаалгасан Монголчууд коммунизмыг хараах болсон боловч тусгаар тогтнол социализм хоёрыг дэнсэлбэл мэдээж тусгаар тогтнол хамаагүй илүү үнэ цэнэтэй. Тэгээд ч социализм бидэнд нийгмийн ихээхэн том дэвшил өгсөн нь ямар ч маргаангүй. Энийг би нотлох болно. Би ч гэж дээ, манай түүх, Та бид төрсөн биеэрээ нотолно…

Баабар юу хэлсэн бэ

Энд хялбар болгох үүднээс Монголын бүх “ардчиллынхыг” Баабар гэж нэрлэв. Яагаад гэвэл тэр хамгийн мундаг “онолч” нь юм. Ингэхэд Баабар юу гэж хэлдэг вэ ?

1911 онд Монгол тусгаар тогтнолоо олоод аз жаргалтай сайхан байтал хаант Орос Хятад хоёр манайхыг дарамталж, Хиагтын шударга бус гэрээг тулган хүлээлгэж тусгаар тогтнолыг устгасан, дараа нь 1921 онд Зөвлөлт маягийн засаг тогтоож 70 жил колоничилж дарлаж байтал нь 1990 онд БИД гарч ирээд хувьсгал хийж ардчилал, эрх чөлөө олгож Монголчууд аз жаргалтай болсон. Ингээд Монголын тусгаар тогтнол 1990 онд эхэлж байгаа юм.

Ийм учраас Монголын тусгаар тогтнолыг “устгасан”, коммунист дэглэмд 70 жил зовоосон Лениний хөшөөг нураавал бүр ч их аз жаргалтай болно, Улаанбаатар хамгийн орчин үеийн хот болно. Урааа…

Ленин юу хэлсэн вэ 

Манайхан Ленинийг тахин шүтэж байхдаа ч нэг их сүрхий уншиж байгаагүй гэдгийг би сайн мэдэх юм. Ер нь бол монгол хүн ном сургааль уншиж ойлгохдоо тун тааруухан гэдгийг хэлэх нь шударга хэрэг болно. Яахав, “сур, сур, бас дахин сур”, “бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино юм” гэх мэт хялбар цээжилж болох юмыг нь бол болоод байдаг шиг байгаам. Цаашаагаа бол ёстой явахгүй…

Харин энэ дэлхийн суут сэтгэгчдээс Ленин шиг Монголын тусгаар тогтнолын асуудлыг ихэд анхаарч онолын хувьд ч, практикийн хувьд ч үндэслэсэн сэтгэгч ганц ч байхгүйг би батлан хэлж чадна.

Ленин 1911 оны сүүлчээс Монголын асуудлыг анхаарч эхэлсэн мэт байдаг. Энэ ч аргагүй байх. Уг асуудал нь гараад ирж байгаа юм.

Оросын Ажилчны Социал-Демократ намын бүх оросын YI (Прагийн) бага хурлаас гаргах “Орчин үеийн байдал, намын зорилтын тухай” тогтоолын төсөлдөө В.И.Ленин: “Европт улам бүр хойш түрэгдэж байгаа хаант засаг (Оросыг хэлж байна-Х.Д.Г.) эрх чөлөөний төлөө хувьсгалт тэмцэл хийж байгаа…Монголын эсрэг чиглэсэн колонийн ёсны түрэмгийлэл хийх замаар шунахай эрх ашгаа хангахыг оролдож байна” гэж хаант засгаа шүүмжилж эхэлжээ. Энд тэр Монголын талаар саналаа анх удаа илэрхийлж байна, тэгэхдээ асуудлыг намын хэмжээнд дэвшүүлэн тавьж байна. Ингэж Монголын асуудлыг Ленин нийт намын хэмжээнд гаргасан юм.

Энэ санаагаа Ленин хэд хэдэн өгүүлэлдээ дурдсан бөгөөд “Монголыг Орос “энхрийлэн тэвэрлээ” гэж ёжлон бичиж байсан юм. Нэгэнт үзэл санааны хувьд намын тогтоолд орсон л бол улс төрийн тэмцэл болон өргөжих нь тодорхой юм. Ямар манайхтай адил тогтоол гаргаад мартчихдаг маанаг юм гэж байхгүй л дээ.

1912 оны 11 дүгээр сард В.И. Ленин “Ажилчны депутатуудын хэлэх зарим үгийн тухай асуудалд” сэдэв бичиж Оросын IY Думын социал-демократ фракцид өгчээ. Үүгээр тус фракци тунхаглал гаргасан юм. Энэ тунхаглалд Оросын Засгийн Газрын гадаад бодлогод “…Монголыг булаан эзлэх” шунал байгааг эсэргүүцжээ. Энд Монголын асуудал улс төрийн тэмцлийн хэлбэрт орж байна. В.И. Ленин энэ сэдвээр өөрөө өгүүлэл бичиж Оросын Засгийн Газар “…сайн харилцааг зөрчиж, Монголыг эзлэн авах гэж байгаа” гэж буруушаажээ.

1913 оны 11 дүгээр сард “Ардыг гэгээрүүлэх яамны бодлогын тухай” өгүүлэлдээ В.И.Ленин Орос улс ардын боловсролд хөрөнгө гаргахгүй мөртлөө Монголд “дээрэм хийх балмад бодлогод зарцуулах зардлаараа…маш “баян” байгаа юм” гэжээ. Тэр өөр асуудал хөндсөн ч Монголыг анхаарч байсан нь эндээс харагддаг юм.

Дэлхийн I дайны үед В.И.Лениний онолын сэтгэлгээ ид хөгжсөн бөгөөд энэ үед Монголын талаарх түүний бодлого илт харагддаг юм. Нуугаад байх ч шаардлага байгаагүй.

Тэр 1915 онд дэлхийн I дайныг тодорхойлж тэр хэлэхдээ: “Оросын хаант засаг, эрх баригч ангиуд “Перс, Монгол, Азийн Турк, Константинополь, Галиц зэргийг эзлэн авах гэж эрмэлзэж байгаад оршино” дүгнэжээ. Энд Монголын асуудал дэлхийн дахины анхааралд орж байна.

Ингээд тэр 1915 онд “Социализм ба дайн” гэдэг алдарт товхимлоо бичсэн юм. Тэнд: “Оросын шинэхэн маягийн капитализм” ч гэсэн “…Монголын талаар явуулсан хаант засгийн бодлогыг үргэлжлүүлж байна” гэж дүгнэсэн юм. 1915 онд В.И.Ленин дайны талаар гаргасан уриалгадаа Оросын хаант засаг “Перс, Монгол зэргийг боолчлохыг эрмэлзэн дээрмийн дайн хийж байна” гэж шүүмжилсэн юм.

Ингээд хувьсгал дөхөв. Ирээдүйн стратегийг тодорхойлох шаардлага үүсэв. Суут хүн суут л байдаг юм. Баабараас тэнэг болоод л дэлхийн хувьсгал хийдэг юм биш л дээ. (Баабар гэж яг ганц Баабар бишийг санаж байгаа гэж найдаж байна.)

В.И.Ленин 1916 оны 10 дугаар сард “Марксизмыг дуурайх гээд хөглөсөн нь” суут зохиолоо туурвив. Тэнд: “Их Оросын ажилчид бид засгийнхаа газрыг Монгол, Туркестан, Персээс зайл гэж шаардах ёстой…” гэжээ. Гэхдээ энэ бол жишээ нь Монголыг Оросын пролетари нараас холд гэсэн хэрэг биш, харин “энэ бол дарлагдсан бүх орны, түүний дотор колониудын дарлагдсан бүх ангийг биднээс битгий тусгаарла, харин бидэнтэй аль болохоор ойртон нийл” гэсэн хэрэг гэж тайлбарлажээ. Улмаар тэр бодлогоо тулгасан байна: “колониудад тусгаарлах бүрэн эрх чөлөө, үнэхээр өөрөө засан тохинох эрх олгохыг засгийнхаа газарт шаардаж байна” гэжээ. Тэр үед Ленин аль хэдийн шаардах боломжтой байсан юм. Тэгээд В.И. Ленин хэлж байна: “Бид бол Монгол, Перс, египетчүүдтэй ойртон нийлэхийг бүх хүчээрээ чармайна”. Ингээд “ойртон нийлнэ” гэдгээ ийн тайлбарлаж байна: “Биднээс илүү дарлагдан хоцрогдсон эдгээр улс түмэнд… машин хэрэглэх, хөдөлмөрөө хялбарчлах, ардчилал, социализмд тэднийг шилжихэд нь туслахыг бид хичээнэ”.

Ингээд Октябрийн хувьсгалын өмнөхөн 1917 оны 6 дугаар сард “Оросын ажилчин тариачид бид Их Оросын биш (Туркестан, Монгол, Перс мэтийн) нэг ч газар нутаг буюу колонийг хүчээр барьж байлгахгүй” гэсэн суут үгийг хэлсэн юм. Хувьсгал хийх гээд толгой өөд татах завгүй байж Монголын талаар үг хэлэх ямар хэрэг байгаам ?! Тийм хэрэг байсан юм. Яагаад гэвэл Ленин Монгол цустай халимаг гаралтай хүн байсан юм ?! 

Энд би Лениний онол практикийн үй түмэн бүтээлээс зөвхөн манайхны мэдэхгүй шахам хэсгээс өчүүхэн төдийг л толилуулж байна. Цаашаагаа бол судалж ч барахгүй их туурвил буй…

Тусгаар тогтнол хаана байна ?!

Одоо ноён Баабартангуудын шахалтаар бичсэн Монголын түүхээс аваад үзье.

“1912 оны намар Оросын Засгийн Газар Монголын засгийн Газартай шууд хэлэлцээ хийхдээ Монголын талыг дарамталсаар байгаад өөрийн орны бодлогыг тулган хүлээлгэж 11 дүгээр сарын 2-нд хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэхүү хэлэлцээрээр Оросын тал Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийсэн бөгөөд ялангуяа мөнхүү хэлэлцээрт хавсаргасан протоколоор Орос улс Монголыг колоничлох явдлаа бататгаж авчээ.” (Монгол Улсын түүх. Y боть. УБ. 2003.74-75 дах тал.) 

Их сайн байна. Монголын “ардчилагч” Та нар В.И.Ленинтэй бүрэн санал нэг байгаа юм байна. Ленин Та нар яг адилхан хаант Оросын колоничлох бодлогыг шүүмжилж байна. Тэгвэл Та нар яах гэж Лениний хөшөөг буулгаж хаяад байгаа юм ?!
Ингэхэд Та нар Монголын тусгаар тогтнолын төлөө Ленинээс өөр ингэж их бичсэн ямар нэг суут хүнийг мэдэх үү ?! Энэ дэлхийн ямар сэтгэгч, онолч, улс төрийн зүтгэлтэн Монголыг ингэж тоож бичсэн юм ?! Яахав муулж бичсэн бол ганц нэг бий, харин Монголын ирээдүйн тухай ингэж их бичсэн хүн байгаа юу ?!

Одоо би “онол ном” ярихгүй. Тэгээд ч Та нарын дунд “онол” мэддэг ганц ч хүн байхгүй юм чинь юуг нь ярьдаг юм ?! Зүгээр л тухайн үеийн МОНТА, одоогийн МОНЦАМЭ агентлагийн жирийн мэдээнээс нэг л жишээ авъя.

1922 оны 10 сарын 2. Өргөө дэх буриад хорооны эмнэлгийн дүн бүртгэлээс үзэхэд сүүлийн гурван сард 2814 хүн эмнэлэгт үзүүлжээ. Өвчний төрлийг хувиар авч үзвэл тэмбүү яр 70 хувь, арьсны бусад өвчин 10 хувь байна. За “тусгаар тогтнол” чинь энэ байна. Би өмнө хэвлэлд гарсан үй түмэн тоо баримт дурдаагүй…

Ямар ч гэсэн бид XIX-XX зууны заагт мөхөж сөнөж байсан үндэстэн байсан нь ямар ч маргаангүй. Хэн биднийг хүний зэрэгт (үндэстний дэвшилд) хүргэсэн юм ?! 

Одоо “геополитикийн” хэдэн эрэгцүүлэл хэлье.

1. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1949 онд батлагдсан. Түүнээс өмнө хүний эрхийн тухай яриа байж болохгүй.

2. Дэлхийн колонийн систем 1960-аад онд задарч эхлээд 1970-аад онд дууссан. Түүнээс өмнө колонийн тухай яриа байж болохгүй.

3. Тэгш эрх бол ихээхэн эргэлзээтэй асуудал. АНУ-д хар арьстнууд 1960-аад онд тэгш эрхтэй болсон. Түүнээс өмнө тэгш эрхийн тухай яриа байж болохгүй.

4. Хэлмэгдүүлэлт. “Оросууд” манайд орж ирээд дан ганц монголчуудыг хядаад байсан гэсэн суртал нэвтрүүлэг явцгүй. Яагаад гэвэл “оросууд” өөрсдөө ихээхэн хэлмэгдсэн. Сүүлийн үеийн судалгаагаар 1921-1954 онд Орост 642.980 хүн буудуулж, 2.369.220 хүн 25 хүртэл жил хоригдох ял авч, 765.180 хүн цөлөгдөж, нийт 3.777.380 хүн хэлмэгдсэн. Мөн Монголын тусгаар тогтнолын төлөө Халхын голд зөвлөлтийн 29.000 дайчин амь үрэгдсэн. Бид хамтдаа зовлон жаргалаа хуваалцсан, гэхдээ тусгаар тогтнолоо хамгаалж баталгаажуулж чадсан. Ленин 1924 онд нас барсан болохоор хэлмэгдүүлэлтэд ямар ч хамаагүй.

Монголчуудын тусгаар тогтнолын төсөөлөл үнэнхүү утгагүй. Яасан сайн юм, Та нар тусгаар тогтнох гэж байна уу, май гээд өгдөг тусгаар тогтнол гэж энэ дэлхийд байдаггүй. Ямар ч гарз хохиролгүй зүгээр авдаг тусгаар тогтнол хаа ч байхгүй.

Дэлхийн сэтгэгчид дундаас В.И.Ленин Монголын тусгаар тогтнолын онол практикийн асуудлыг анхааран судалж үндэслэсэн цорын ганц хүн юм. Монголчууд бид түүний онолын өв санг судлах үүрэгтэй нь ямар эргэлзээгүй. Ялангуяа түүний нийгмийн философийг судлах нь зүйд нийцнэ.

Ухаандаа В.И.Лениний “хоцрогдсон орны ард түмэнд капиталист хөгжлийн шат зайлшгүй тохиолдоно гэж үзэх нь буруу болно. Хоцрогдмол орнууд тэргүүний орнуудын пролетари нарын тусламжтайгаар зөвлөлт байгуулалд шилжин орж хөгжлийн тодорхой шатуудыг дамжин капиталист хөгжлийн шатыг алгасан коммунизмд шилжин орж чадна” гэсэн суут сургааль хөгжлийн гүн ухаанд зарчмын ихээхэн ач холбогдолтой.

Одоо ч гэсэн манайхан хөгжингүй орнуудыг “гүйцнэ” гэж яриад байгаа биз дээ. “Гүйцэх” юм бол “алгасах” ёстой болно. Ингээд Ленин рүүгээ “буцаад” ирдэг юм. Ер нь манайхны нусан буунууд хараагаад дийлчихдэг хүн биш л дээ, Ленин…

Харин ерөөс социализм, Монголын социализмын алдаа онооны тухай асуудал бол жич ярих асуудал мөн нь мэдээж хэрэг.

Тэнэглэл 

Гэтэл юу вэ ?! Бат-Үүл дураак хотын дарга болонгуутаа Лениний хөшөөг нураагаад хаядаг байна ш дээ. Тэгэхдээ бүр шившигтэй. Лениний хөшөөг нураагаад Хятадын элчин дээр очиж уучлалт гуйдаг усан тэнэгийг ямар юмных нь улс төрч гэдэг юм. Тэр нэрт зохиолчийн хүүхэд ч энэ яваа насандаа арваас илүү ном уншиж үзээгүй нь ойлгомжтой. Хулигаантсаар байгаад таарсан юм шиг байгаам. Тэрнээс өөр олигтой амьтан байсан бол эрдэм сурахгүй юу…

Тэгвэл түүнд үүнийг хэн зааж өгсөн байж болохов ?! Олон долоон юм донгосч онол түүх ярих дуртайгаараа Ц.Элбэгдорж. Тэр эвлэлийн ажилтан байхдаа Лениний боть дандаа сугавчилж явдаг сүржин баагий байсан гэдэг. Тэхдээ юу ч ойлгоогүй, зүгээр л одооных шигээ рекламдаж явдаг жирийн нэг дураак л байхгүй юу. Тэхээр тэр ганц ч ном дуустал уншиж байгаагүй нь мэдээж. Ингээд Баабар үлдэж байгаа юм. Баабар болохоор ном болгоныг сэглэх боловч “ойлгосон” нь харин ганц ч байхгүйг би сайн мэднэ. Зүгээр л номнуудын гарчиг, энциклопедийн (нэвтэрхий толь) цуглуулгаас хэтрэхгүй…

Энэ гурван дураак нийлж байгаад Лениний хөшөөг буулгаад хаясан гэж би хардаад байгаа юм. Арай өөрөөр байж болох ч бараг л тийм. Аминдаа МАН-аас өшөөгөө авч байгаа санаатай. Тэгж болох л доо.

Тэгэхдээ тусгаар тогтнолоосоо өшөө авч болохгүй л дээ. Хамгийн инээдэмтэй нь монголын “ардчилагчид” тусгаар тогтнолын талаар Ленинтэй яг адилхан юм ярьчихаад дараа нь түүнийгээ “эсэргүүцээд” хөшөөг нь нурааж байгаад тэдний түүхэн эмгэнэл оршдог юм. 

МАН гэж нэг дүүрчихсэн шаарууд. Ленин гэдгийг мэддэггүй юм шиг байгаам. Нэг их тусгаар тогтнол ярина, тэрийг нь “өгсөн” хүнээ өмөөрөхөөс айж байвал, тэгж чадахгүй бол Та нар сөнөх л хэрэгтэй дээ. 

Лениний музейн барилгыг баар, зугаа цэнгэл, худалдаа арилжааны газар болгочихоод одоо ямар нүүрээрээ булаацалдаад байгаа юм ?! Анхнаасаа үзэл санаа, өв сангий нь аятайхан аваад явсан бол Та нарыг өмөөрөх ёс суртахууны үндэслэл байж л байсан ш дээ. Та нар тусгаар тогтнолоо үл хайрлах малууд болсон чинь эндээс тод харагдаж байна. Уг нь Та нарын “хаячихсан” үндэсний ардчилсан үзэл санааны “эх” тэнд байсан юмсан. МАН-ынхан Та нар Лениний музейд байсан монголын хоёр дахь том номын санг устгаж, байсан өрөөг нь эд барааны агуулах болгож, номон дээгүүр гишгэлж явсан усан тэнэг лаларууд гэдгийг чинь би сайн мэднэ. Костюм өмссөн сармагчингууд Та нарт мөнгө, албан тушаалаас өөр бодох юм байдаг юм уу ?!

Үндэсний ардчилсан шинжтэй, нийгмийн дэвшлийн үндэсний фронт болж байсан улс төрийн тэргүүлэх хүчнийг Та нар оюун санааны хомсдолтнуудын цуглаан, луйварчид наймаачдын төв болгож хувиргасан ялаа хүлээх цаг ойрхон буй. Одоо хаа байна МАН ? гэж би Та нараас асуух эрхтэй. 

Ингээд энэ хоёр намын аль аль нь Монголын түүх, тусгаар тогтнолын талаар ямар нэг ойлголт байхгүй, иймээс ирээдүйн талаар ч ямар нэг бодлого байхгүй гэдгийг би батлан хэлж чадах байна. Хэрэв Монголын тусгаар тогтнолын талаар ямар нэг цэгцтэй үзэл бодол байхгүй бол Монголыг Улсыг хөгжүүлнэ гэж хэн эдэнд итгэх юм ?!

Монголын хөгжлийн асуудлууд, сүүлийн 100 жил, ялангуяа сүүлийн 20 жилийг онол, үзэл санаа, шинжлэх ухааны хувьд нэгтгэн дүгнэсэн нам байна уу ?! Байхгүй. Яагаад байхгүй гэвэл тэд онол үзэл санааны асуудлыг ор тас орхисон.

Өөрөөр хэлбэл Монгол Улс нүдээ аниад явж байгаа хүнтэй адил юм. 

Одоо тархиа угаалгасан идэр дүү Дори нар намайг коммунист энэ тэрээр дуудаж харааж зүхнэ гэдгийг би сайн мэдэж байна. Гэхдээ “шинэ шашинтан” дураакуудаас Монголын тусгаар тогтнолыг үзэл санааны хувьд хамгаалж чадна гэдэгтээ би дэндүү итгэлтэй байна.

Хорин жилийн өмнө “орчин үеийн” байсан “идэр дүү Дори” нар шиг адгийн хоцрогдсон амьтан өнөөдөр энэ дэлхийд бараг алга. Дээр үеийн лам нар ч арай ийм мал шиг сэтгэдэг байгаагүй байх. Энэ Баабараас болж байхгүй юу…

Сүүлийн үед Монголд шинэ маягийн “шашин” гарч. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Баабар, Р.Гончигдорж нарыг шүүмжлэхээр л “ардчиллын эсрэг” болж муугаа үзэх шинжтэй. Ёстой хуцваа л байна шүү.

Хэдийдээ энэ хэд “ардчилал” болчихсон юм ?! Ийм “шинэ шашин” гаргачихаад тэрийгээ онол монол гэвэл Та нар ёстой яршиг л байна…

Эдүгээ Монголчуудын өмнө тусгаар тогтнолын бэлэгдэл болсон В.И.Лениний хөшөөг буцааж босгох уу, эсвэл түүнийг устгасан Сүй Шү жаны хөшөөг босгох уу гэсэн асуудал тулгарч байгаа юм.

Асуудлыг арай өөрөөр аваад үзэж ч болно. Лениний хөшөөг нурааснаараа ноён Бат-Үүл (Элбэгдорж, Баабар) 1912 оны Орос-Монголын болон 1914 оны Гурван улсын гэрээг “чин шударга” болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Тэгвэл Монголын түүх огт өөрөөр бичигдэж 1990 оны хувьсгал гарах ямар ч шаардлага гарахгүй. Тэд үүнийгээ амаараа хэлээгүй ч үйлдлээрээ нотолсон. Хятадын элчин дээр очиж уучлал гуйн бүр “баталгаажуулсан”. Тэхээр Сүй Шү жаны хөшөөг босгож таарч байна…

Тэгээгүй юм бол тусгаар тогтнолын талаар үзэл санаа бүрэн нийлж байгаа, түүнийг олгосон Лениний хөшөөг тэд нураах ёсгүй. Ямар ч гэсэн Ленин бол Монголын тусгаар тогтнолын гадаад бэлэгдэл учраас монголчууд түүний хөшөөг буцааж босгох ёстой.

Бидний туулсан капиталист биш хөгжлийн зам бол дундат эртний үлэмжийн хоцрогдлыг ахар богино хугацаанд даван туулж, нийгмийн болон үндэсний дэвшилд зэрэг хүрч, тусгаар тогтнолоо баталгаажуулсан гайхамшигт үлгэр жишээ болсон бөгөөд одоо ч гэсэн түүний дэлхий дахины ач холбогдол нь хэвээрээ байна. 

Үүнийг үгүйсгэх гэж 20 гаруй жил оролдсон боловч түүнийгээ нотлох, орлуулах онолын болон практикийн ямар ч үндэслэл одоо болтол гаргаагүй байна, гаргах ч боломж байхгүй юм. Хоосон чалчаа үгээр шинжлэх ухааныг орлуулдаг үе чинь өнгөрсөн.

Одоо бид Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох гэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол бол Ерөнхийлөгчийн хамгийн их анхаарах асуудал мөнөөс мөн. Тэхээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Монгол Улсын тусгаар тогтнолын гадаад бэлэгдэл Лениний хөшөөнд хэрхэн хандахыг харах л үлдэж байна. Энэ бол яав ч жижиг асуудал биш, энэ бол нэг хөшөөний асуудал биш, онол номын асуудал биш, харин Монгол Улсын амин чухал асуудал…

Монгол Улсынхаа Тусгаар тогтнолын зарчмын асуудлаар Ерөнхийлөгчөө шалгахаас өөр юугаар шалгах билээ…

Судлаач Х.Д.Ганхуяг